Ганбат.Д 2015.12.09 | Сонин: Ардчилал

Гурван тохиолдолд гүтгэх гэмт хэрэгт тооцно

Гурван тохиолдолд гүтгэх гэмт хэрэгт тооцно

Эрүүгийн хуулийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодруулга авлаа. 

-Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд ямар төрлийн гэмт хэргүүдийг шинээр нэмж     оруулсан байгаа вэ?

-Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болсон. Хуучин бол тодорхойгүй байсан. Мөн кибер гэмт хэргүүд, нийгмийн даатгал, халамж зэргийг хууль бусаар авдаг байсныг  Эрүүгийн хуульд оруулсан. Түүнчлэн хүүхдийг шийтгэх тухай  хуульд тодорхой заагаад өгчихсөн. Өмнө нь бол насанд хүрсэн, хүрээгүй хүний ялыг хоёр дахин багасгах, сурган хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх зэрэг боломжтой байсан. Харин одоо насанд хүрээгүй хүний ялыг хоёр дахин багасгах, сурган хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх зэрэг боломжтой болсон.

Сонгуулийн үед хүнийг гүтгэвэл эрүүгийн хариуцлагатай. Бусад тохиолдолд торгууль ногдуулна зэргээр зохицуулсан байна. Яагаад заавал сонгуулийн үед гүтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээж байгаа юм бэ?

Засгийн газраас  өргөн барьснаар бол гүтгэх гэмт хэрэг үйлдвэл       бүхэлд нь эрүүгиин хариуцлага хүлээлгэхээр    тусгасан байсан. Харин Хууль зүйн байнгын хороо болоод УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн үеэр  Зөрчлийн хуульд гүтгэх гэмт хэргийг оруулж, торгох шийтгэлтэй болгосон. 

Гэхдээ ганцхан сонгууль биш гурван зүйл заалтаар гүтгэвэл эрүүгийн хэрэг үүсгэж байгаа. Харин сонгууль бол ард түмний төрөө байгуулж байгаа үйл явц. Энэ үйл явцын үед гүтгэлгийг хэрэглэж, сонгуулийн үр дүнд нөлөөлж магадгүй гэж үзээд энэ үед нь эрүүгийн хэрэг үүсгэхээр заасан. Хоёрдугаарт, гэмт хэрэгт холбогдуулж, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хүнийг гүтгэж хэрэг үүсгэвэл үүнд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Мөн шүүх ажиллагааны явцад хэн нэгнийг гүтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр л хуульчилсан байгаа.

-Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хууль УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хэр их өөрчлөгдсөн бэ?

-Эрүүгийн     хуулиар гэмт хэргийг хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэж ангилдаг. Засгийн газраас ердийн эсвэл хүнд гэсэн ангилалтай оруулж ирсэн. Харин хэлэлцэх шатанд ангилалгүй болсон. Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьснаас хойш өнөөдрийг хүртэл Эрүүгийн хууль дээр анхны хэлэлцүүлгийн явцад 113 зарчмын зөрүүтэй санал, найруулгын 11 санал гарсан. Эцсийн  хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй 97 санал, найруулгын 69 санал гарсан. Нийтдээ 210 зарчмын зөрүүтэй, найруулгын 80 санал тус тус гарсан байгаа. Харин Зөрчлийн тухай хуульд зарчмын зөрүүтэй 214, найруулгын 58 санал гарсан.