Зөвшилцөж чадвал Сонгуулийн хуулийг батлах боломжтой
УИХ-ын гишүүн А.Бакей
2015.12.15

Зөвшилцөж чадвал Сонгуулийн хуулийг батлах боломжтой

Төрийн байгуулалтын байнгын хороо, Их Британийн Элчин сайдын яам, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран “Улс төрийн санхүүжилт, Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Байнгын хорооны дарга А.Бакейгийн хэлснээр цаг хугацаа шахуу байгаа ч намууд зөвшилцөж чадвал сонгуулийн хуулийн төслийг хуулийн хугацаанд нь багтааж батлах боломжтой аж. Тиймээс сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтойг тэрбээр онцолсон юм. Их Британийн тухайд сонгуулийн санхүүжилт нь төрийн дэмжлэг болсон хувь хүн, хуулийн этгээдийн хандив, улс төрийн намуудын зээл зэргээс бүрддэг байна.

Улс төрийн намуудад парламент дахь суудлын тоо, намуудын авсан саналын хувь зэрэгтэй нь уялдуулан төрөөс зохих төсвийн дэмжлэг үзүүлдэг байна. Мөн сонгуулийн кампанит ажлын явцад намууд болон бие даан нэр дэвшигчдэд сурталчилгааг тодорхой хүрээнд үнэгүй явуулах эрх олгох, төрийн байгууллагын байр танхимыг сонгуулийн сурталчилгаанд нь ашиглуулах зэргээр туслалцаа үзүүлдэг аж. Тус улсын нэг онцлог нь хувь хүн, хуулийн этгээд улс төрийн намд хүссэн хэмжээгээр хандив өгч болдог гэнэ. Түүнчлэн хувь хүн нь улс төрийн намд зээл өгч болох хуулийн зохицуулалт байдаг агаад тухайн нам нь зээл авах тухайгаа сонгуупийн хороонд мэдэгдсэн байх учиртай аж. Харин намууд нь банкнаас арилжааны зориулалтаар зээл авах шаардлагатай бол зээлийн зориулалт, мөнгөний хэмжээг сонгуулийн хороонд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээдэг байна.