2009.10.16

Б.Бат-Эрдэнэ: Би ямар нэг банк санхүүгийн байгууллагад нэг ч төгрөгийн өглөггүй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Сэтгүүлч Д.Навчаа

-Хэрлэн мөрнийг сэтлэх болсон тухай яригдаж байна. Энэ талаар та газар дээр нь очиж танилцав уу. Ямар компани ийм зүйл хийх гээд байгаа юм бэ?

-"Хэрлэн гол" төслийг тогтоол хэлбэрээр батлуулахаар 2007 онд УИХ-д өргөн барьсан. Гэвч их эсэргүүцэлтэй тулгарсан учраас дэмжлэг аваагүй л дээ. Харин Усны хэрэг эрхлэх газрын дарга Бадрах гэдэг хүний зөвшөөрлөөр Хятадын Монгол Гүан ян гэдэг компани Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэн мөрний Хөмөлтэйн гүүрний дээхнэ талд усыг нь татахаар судалгаа хийж байна. Наад талаасаа Төв аймгийн Баянжаргалын нутагтай хил залгадаг юм. Шивээ-Овоогийн орд газрыг түшиглэсэн эрчим хүчний станц барина. Түүний усны хэрэгцээг хангана гэсэн бодлогоор энэ ажлыг хийж байгаа юм билээ. Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлэхэд заавал Хэрлэн мөрөн гэхгүйгээр усны өөр эх үүсвэрийг хайх боломж бий.

-Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Гол мөрнөө тогтоон барья, усныхаа нөөцийг нэмэгдүүлье гэдгийг эсэргүүцэхгүй. Хамгийн гол нь тооцоо судалгаагаа сайн хийгээч ээ. Үүнийхээ хүрээнд нэгдсэн цогц бодлого хэрэгжүүлээч ээ гэж хүсэж байна. Тэгээд энэ ажлаа юунаас эхлэх дэс дарааллаа тогтоогооч гэсэн санал тавьж байна. УИХ-ын хаврын чуулганаар "Гол мөрний урсац бүрэлдэх усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориг" тухай хуулийг баталсан. Гол мөрний эхийг бүхэлд нь хамгаалах төрийн том цэгцтэй бодлого гарлаа гэж үзэж байгаа. Энэ бол хамгийн түрүүнд хийх ёстой зүйл. Даруу нь гол мөрний гольдролын дагуу тохируулга хийж, нөөцийг нь нэмэгдүүлэх ажлаа хийх ёстой. Ингээд усны нөөц бий болоод өөр бүс нутаг руу шилжүүлэх хэмжээний нөхцөл бүрдсэн тохиолдолд сайн судалсны үндсэн дээр сая Шивээ-Овоо руу татах тухай ярьж болно. Гэтэл хамгийн сүүлд хийх ажлаа эхэнд нь барьж аваад байгаад хэргийн гам учир байна.

-Та Гүан ян компанитай уулзсан уу? Тэдний зүгээс ямар тайлбар хийж байх юм. Албан ёсоор зөвшөөтэй авсан юм уу?

-Тэд танай Засгийн газрын хөтөлбөр зорилтод орчихсон энэ асуудал тусгагдсан юм билээ. Бид ч зөвшөөрөл авсан гэж байгаа. Гэтэл Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт энэ тухай асуудал огт байгаагүй. Шивээ- овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн эрчим хүчний станц байгуулах тухай тусгагдсан. Гэхдээ түүний усны хэрцгээ Хэрлэн мөрнөөс татна эсвэл "Хэрлэн гол" төслийг хэрэгжүүлнэ гэсэн заалт ерөөсөө байхгүй. Өөрөөсөө зургадугаар сард усны салбарын эрдэмтэд чуулж нэгдсэн дүгнэлт гаргаад Хэрлэн мөрний ус сүүлийн 10-20 |жилд эрс буурч байгааг харгалзан түүний урсгалд тохируулга хийх тухай заасан. Энэ нь зөвхөн Хэрлэн мөрнийг өөрийг нь тэтгэх зорилготой байна гэсэн байгаа. Үүнийгээ байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Би Егүүтгэ орчны байнгын хорооны хурлаар энэ асуудлыг тавихад Байгаль орчны сайд байр сууриа илэрхийлсэн. Тэр "Хэрлэн гол" төслийг хэрэгжүүлэхгүй. Хэрлэн мөрний урсгалд нь тохируулга хийх бол зөвхөн оронго нь тэтгэхэд зориулна. Эрдэмтдийн дүгнэлт ч гарсан. Үүнийг танд хүргүүлнэ" гэж хавсай.

-Хятадын "Гуан ян" хомбон амны нь манайд үйл ажиллагаа явуулж байсан юм уу?

-Хэрлэнгийн хөдөө аралд дөрвөн жилийн өмнө нүүрсний дөрвөн лиценз аваад бидний эсэргүүцэлтэй тулгараад хөөгдөж байсан юм. Гэтэл дахиад ирээд ийм зүйл хийх гээд байгаа нь хачирхалтай юм.

-Та энэ талаар судалж үзэв үү?

-Үгүй

-Нутгийн ард иргэдийн зүгээс Хэрлэн мөрнөө хамгаалах тал дээр ямар зүйл хийж байгаа вэ

-Хэнтий аймгийнхан Хэрлэн мөрнөө ,Онон балжийн нутаг усаа хамгаалах гээд олон хөдөлгөөн байгуулсан. Бид нэлээд хамтарч ажилладаг. Үр дүн нь ч сайн байгаа. Ер нь бусад аймгийг бодвол газар нутаг байгаль орчноо хамгаалах чиглэлээр идэвхтэй байдаг хүмүүс бол манай хэнтийнхэн гэхэд болно. Би энэ зун орон нутгаар нэлээд явлаа. Байгаль их айхтар болсон байна шүү. Тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор хүнд нөхцөл байдал их үүсжээ. Тэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу учраас ард түмэн энэ тухай хэнд ч хэлээд нэмэр алга. 60-100тоннын даацтай том машинууд монгол орны газар нутгийг бүхэлд нь сүйтгэж байна шүү дээ түүнээс бий болсон цагаан тоосонд хөдөө тэр чигээрээ дарагдаж байна. Зуны улирал гэхэд үнсэн саарал өнгөтэй харагдах юм. Тэнд нутаглаж байгаа мал хүн бүгд л цөмөөрөө шороогоор даруулж байна. Үүгээр зогсохгүй хүн малд хохирол учруулж байна. Малын өвчин ч үүний уршгаар ихсэж байна. Тухайлбал Хэнтий аймгийн Дархан суманд Хятадын Дун шин, Жин хуа гэж компани төмрийн хүдэр олборлон зөөж байна. Тэдэнтэй холбоотой хэл ам тасрахгүй байна. Тэр нутгийн мал шалтгаангүйгээр өвчилж бугладаг. Буглааг нь хагалахаар идээ гэхээр идээ биш, бээр гэхээр бээр биш хэцүү зүйл гардаг болсон байна. Ийм л нөхцөл байдал үүсжээ.

-Хэрлэн мөрний усны түвшин хэр байгаа бол?

-Өнөө жил их сонин тооцоог Ус, цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан байна лээ. Хэрлэн мөрний эхэнд усны түвшин 70-80 см нэмэгдсэн. Гэтэл дунд, адагтаа олон жилийн дунджаас 20-30хувиар багассан гэсэн тооцоог гаргасан байна. Энэ нь монголын хуурайшилт, усны алдагдалд ууршилт их байгааг харуулж байна. Монгол орны 1200 гаруй км урт урсахдаа 5 аймгийн 24 сумын өчнөөн хүн, малыг ундаалж ирсэн ариун дагшин мөрөн. Үүнд хайнга хандах юм бол хэрлэн мөрөн ширгэх аюул ойрхон байна.

-Байгаль орчныг хамгаалахаар нутаг орноо эргэж тойроход зардал мөнгө их л шаардлагатай байх. Үүнийгээ та яаж зохицуулдаг вэ?

-УИХ-ын гишүүний батлагдсан төсөв бага шүү дээ. Тэгээд яахав найз нөхдийн тусламжтайгаар нутаг орон руугаа байнга л шогшиж явах юм даа. Тэгэхээс ч өөр аргагүй. Хэнтий ч гэхгүй өөр аймгуудаас хүсэлт их ирэх юм. Эхний ээлжинд гол мөрнийхөө эхийг хагаслах хуулийн хэрэгжилтийн хуулийг хангачихвал тариалангийн томоохон бодлого хэрэгжих бололцоо байна. Гэтэл үүнд анхаарал тавихгүй, хэрэгжүүлэх хүсэлгүй ажиллаж байгаа ялангуяа байгаль орчны чиглэлээр бодлого барьж байх ёстой агентлагууд ажлаа хийхгүй байна. Ялангуяа Байгаль орчин аялал жуулчлалын яам, Усны хэрэг эрхлэх газар, Ойн хэрэг эрхлэх газрыг санаачилгагүй ажиллаж байна гэж үзэж байгаа.

-Таныг "Аэро Монголиа"компанийн хувьцаа эзэмшдэг. Тэгээд "Анод" банкнаас 300 сая ам.долларын зээл авчихаад төвөнхий байгаа гэх юм. Энэ үнэн үү. Та ямар тайлбар хэлэх вэ?

-Би хөдөө хэд хоног яваад ирлээ. Эзгүй хойгуур ийм зүйл сонин хэвлэлээр гарсан байна лээ. Нэгдүгээрт би биеийн тамирын сургууль байгуулахдаа ч ямар нэгэн банк, санхүүгийн байгууллагаас зээл аваагүй. Хоёрдугаарт би алт ухахгүй, амьтны амь таслахгүй, ан агнуур хийхгүй гэсэн тангарагтай хүн. Тэгээд иргэний агаарын бизнес эхлүүлье гэж манай найз нөхөд надад хэлсэн. Ингээд би улс төрийн амьдралд орохоосоо өмнө өөрийнхөө хөрөнгө, обьектоор барьцаа болгоод энэ бизнест хөрөнгө оруулж Аэро Монголиа компанийг байгуулахаас анхнаас нь оролцсон. Улс төрд ороод компанийнхаа хувьцааг Моннис компанид худалдсан. Энэ талаарх бүх зүйл нь миний хөрөнгө орлогын мэдүүлэгт тодорхой байгаа. Би ямар нэг банк санхүүгийн байгууллага тооцоотой байтугай найз нөхдөдөө ч нэг ч төгрөгийн өглөггүй. Энэ бол миний сайных биш. Өргүй бол баян өвчингүй бол жаргал гэдэг монгол хүний үзэл сэтгэлгээтэй холбоотой. Энэ л үзлээрээ явж байгаа хүн дээ би.




0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.