Мэндчилгээ
Барилга хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ
2015.12.18

Мэндчилгээ

Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу. Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна.

Бид бүхэн шинэ удирдлага, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхлээд өнөөдөр 100 дахь хоногтойгоо золгож байна. 100 хоног тутам хийсэн ажлаа иргэддээ тайлагнах шинэ менежмент нь шууд ардчиллыг хэрэгжүүлэх нэгэн томоохон алхам юм.

Өнгөрсөн хугацаанд манай хамт олон нэгэн зорилго сэтгэлээр чармайн ажиллаж, олон асуудлаар зөвлөн хэлэлцсэн, санал солилцож хуралдсан, томоохон шийдвэрүүд гаргасан, зоримог алхмууд хийсэн өдрүүдийг үджээ. 100 хоног гэдэг цаг наргүй ажилласан үед богинохон мэт санагдавч мэргэжлийн баг, салбарын хамт олны маань хүчин чармайлтын дүнд дэвшүүлсэн зорилтуудын үр дүнгүүд харагдаж эхлээд байна.

Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрт тусгагдсан салбарын томоохон зорилтууд хэрэгжиж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ хамрах хурээ нэмэгдэн, аймаг бурт “1000 айлын орон сууцны инженерийн дэд бүтэц ”, “Сумын төвийн шинэчлэл ” зэрэг томоохон төсөл, арга хэмжээг орон нутагтай хамтран хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна. Манай хамт олон өнгөрсөн 100 хоногт салбарын мянга мянган ажиллагсдын цаашлаад энэ салбарын хэрэглэгчид болох бух ард иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан хууль зүйн шийдлийг буюу Барилгын хуулийг УИХ-аар хэлэлцүүллээ.

Барилгын салбарын инженерүүд, мэргэжилтнүүдийн менежментийн ур чадварыг дээшлүүлэх 180 21500 арга зүйг хэрэгжүүлэх алхамын эхлэлийг тавилаа. Ипотекийн зээлийн урьдчилгааны 20 хувийн баталгааг гаргах асуудлаар Сангийн яам, Монголбанк, Арилжааны банкуудын холбоотой хэлэлцэн хамтын шийдэлд хүрч, хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Барилгын сорил, шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Германы хөрөнгө оруулалтаар нийлүүлэхээр боллоо. ОХУ-аас цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, усан хангамж болон барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх санамж бичиг байгууллаа. Мөн Францын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Орхон аймгийн цэвэрлэх байгууламж барих ажлын санхүүжилтийг төсөвт суулгаж өгсөн бөгөөд уг байгууламж ирэх онд ашиглалтад орохоор болоод байна.

Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зуйн тухай, Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн тухай, Хот байгуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бусчлэлийн тухай, Хот, тосгоны ногоон байгууламжийн тухай, Авто зогсоолын тухай хуулиудыг боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, хуулийн төслийг боловсруулж байна.

Барилгын материал үйлдвэрлэгч үндэсний ААН-үүдийг татвар, тарифын бодлогоор дэмжих бодлогын хурээнд импортын зарим материалын гаалийн тарифын хэмжээг нэмэгдүүлэх, импортын зарим түүхий эдийн гаалийн тарифын хэмжээг тэглэх, зарим үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх тухай асуудлуудыг багцлан санал боловсруулж, холбогдох яамдад хүргүүлээд байна.

Цаашид салбарын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг мэргэжлийн ТББ-д шилжүүлэх, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зохицуулалтын шинэ механизмыг бий болгох, норм стандартыг шинэчлэх, салбарын боловсон хүчнийг чадавхижуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нутагшуулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал тулгарч байна. Монгол Улсын хотжилтын явцад тулгарч буй эдгээр асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэж, улс хотынхоо, иргэдийнхээ хэрэгцээнд тулгуурласан төрийн бодлогыг боловсруулах зайлшгуй шаардлага тулгарч байгаа энэ уед Та бухний хувь нэмэр, оролцоо үнэ цэнэтэй, өндөр ач холбогдолтой юм.

Та бүхэн минь сайн хамтрагч байж алдаа оноог минь хамтдаа дэнсэлж, санал хусэлтээ ирүүлэн хамтран ажиллаарай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Барилга хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ