Тууштай хүнийг бурхан шагнадаг
БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн.
2015.12.21

Тууштай хүнийг бурхан шагнадаг

Дэлхийд гайхагдах монгол авьяаст­ныг эрэлхийлсэн “Аявьаслаг монгол­чууд” шоу нэвтрүүлэг өндөрлөж, анхны үндэсний ялагч тодорсон билээ. Хамгийн анхны “Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар Дархан-Уул аймгаас оролцсон “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорсон. Тэд өнгөрсөн долоо хоногийн гол ярианы сэдэв байлаа. Тэр дундаа тэр олон хүүхдүүдийг сургаж, хөгжмийн зэмсгээ өөрөө сэтгэн хийж, үндэсний томоохон шоу тэмцээнд ялагч болгож чадсан С.Жамъянхорол багш өнгөрсөн долоо хоногийн гол хүн байсан юм.  

Тиймээс “Монголын мэдээ” сонин  “Эшиглэнт чимээ” хамтлаг болоод багшийг нь “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр онцолж байна. Монголчууд авьяастай юм. Гайхалтай уран нугараачид, шилдэг хөгжимчид, дэлхийд гарахад хэнээс ч дутахааргүй бүжиглэж чадах бүжгийн хамтлаг, авьаслаг дуучид Монголд байна. Тэр дундаа үндэсний урлагийн гайхамшигийг мэдрүүлж чадсан олон оролцогчид дэлхийн ямар ч авьяастан­тай өрсөлдөж чадна гэдгийг “Авьяаслаг монголчууд” шоу харууллаа. Гэхдээ тэр дундаас ялгарч чадсан нэг оролцогч нь “Эгшиглэнт чимээ” хамтлаг байлаа.  

35 хүүхэд төмөр, шил, лааз, сантехникийн хоолой, чулуу гээд янз бүрийн зүйлийг хөгжмийн зэмсэг болгон ашиглаж, ямар ч аяыг тоглож чадаж байсан. Энэ бол шинэ, содон зүйл. Бас авьяас. Магадгүй “Дэлхийд гайхагдах” гэдэг тодорхойлолтыг тэд хангаж чадаж байж ч болох юм.  Харин энэ олон хүүхдийг өдий зэрэгтэй явахад тусалсан гол хүн нь С.Жамъянхорол багш.

Тэрбээр бүхий л насаа хөгжмийн урлагийн төлөө зориулж, тэр олон хүүхдийг сэтгэлээсээ бэлтгэж, “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч болгож чадсан. Тийм болохоор түүний нөр их хөдөлмөр, зүтгэл, авьяасыг бахдахгүй байхын аргагүй. Өнгөрсөн долоо хоногт түүнийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн. Улмаар түүнийг Монгол Улсын Гавьяат багшид тодорхойлсон бөгөөд Л.Гантөмөр сайд тодорхойлолтыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлсэн. Магадгүй сар шинийн өмнө С.Жамъянхорол багш гавьяатын цол,  тэмдгээр энгэрээ мялаах байх.   Тэр 1988 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй багшилж байгаа эрхэм.  100 хол давсан гарын шавьтай гэж байгаа.  

Дээрээс нь бүхий л зүйлийг ашиглаж хөгжмийн зэмсэг хийх санал санаачилгыг гаргаж, түүнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа нэгэн. Ийм тууштай тэмцэгч. Тууштай хүнийг бурхан хүртэл шагнадгийн жишээ энэ.   Одоо түүнд  10 гаруй төрлийн 450 гаруй хөгөөр тоглогддог 35 хөгжим байгаа гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байна билээ.  Мөн тэрбээр “Модоор эхэлж хөгжим хийж эхэлсэн.

Дараа нь Оросын эвхдэг 40 төгрөгийн үнэтэй цагаан орны төмрөөр хөгжим хийсэн. Түүний дараа лонхонд ус хийж эзэлхүүнээр нь хөглөж хөгжим хийж байлаа. Ингээд шаазан, чулуу, яс, турьба, төмөр, сангийн хоолой, машины эд анги, бууны сумны хонгио, насос, чийдэнгийн бүрхүүл гээд дуу гаргаж болох бүх зүйлсээр хөгжим хийж байна даа” хэмээн ярьсан байсан. Ийм авьяастай, сэтгэлтэй нэгэн. Олон хүүхдийн төлөө, тэднийг хөгжимд хайртай болгохын тулд өдий хүртэл зүтгэсэн түүний зүтгэл гавьяат цолны үнэ хүрэхгүй байна гэж байхгүй.  Хүмүүс янз бүрээр л ярьж байгаа. Дэлхийн хэмжээнд гарахад “Эгшиглэнт чимээ” хэр хол явах вэ гэдэг асуулт ч бас гарч ирсэн. 

Магадгүй тэд “Дэлхийд гайхагдах” гэдэг тодорхойлолтыг нэр төртэй авч явах ч юм бил үү, хэн мэдлээ. Дэлхийд алдартай аязуудыг янз бүрийн хөгжмийн зэмсгээр тоглоод, алдартай хийлч, төгөлдөр хуурч нартай өрсөлдвөл хэний ч нүд орой дээрээ гарч, чих нь дэлдийх учиртай.  Ийм л нөөц бололцоо “Эгшиглэнт чимээ” хамтлагт байгаа.  Тэд дэлхийд гайхагдах монгол авьяастан байж чадах байх.