Би “Хөгжлийн банк”-ийг шалгах ажлын хэсэгт орсноо мэдээгүй
УИХ-ын гишүүн Л.Эрдэмнэчимэг
2015.12.21

Би “Хөгжлийн банк”-ийг шалгах ажлын хэсэгт орсноо мэдээгүй

УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, Эрүүл мэнд спортын сайдыг хурдан томилох  шаардлагыг ерөнхий сайдад хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэмнэчимэг дараах тодруулгыг авлаа.

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль удаан хугацаад парламент дээр гацаж байна. Яг ямар шалтгааны улмаас батлагдахгүй хойшлоод байдаг юм бэ?

Энэ хууль боловсруулагдаад нэлээд удаж байгаа. Хэлэлцүүлгийн шат нь ч удаан үргэлжилж байгаа. Хуульзүйн сайд солигдсонтой холбогдуулан, хуулиа дахин татаж авах зэргээр жил гаруй хугацаа алдсан. Энэ хугацаанд эмэгтэй гишүүд зүгээр суугаагүй. Эрүү, зөрчил зэрэг нийт 16 хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай нийцэх заалтуудаа оруулж өгсөн. Тухайлбал, Эрүүгийн хууль дээр гэр бүлийн хуулийг эрүү хэрэг болгон авч үзэх заалтыг оруулах гэж бид нэлээд ажиллалаа. Одоо удахгүй батлагдана гэж харж байгаа. Нэг хууль батлаад тавьчихаас илүүтэйгээр асуудлыг цогц тусгах шаардлага үүсээд удсан тал бий.

Хүүхэд харах үйлчилгээний хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтэд шаардагдах мөнгийг төсөвт суулгасан байх учиртай. Яг хэдэн тэрбум  төсөвт суусан юм бол?

- Сангийн яам руу бид 40 тэрбум төгрөг суулгах хүсэлт явуулсан. Төсөв хэлэлцэх хугацаанд  10 тэрбум борлтлоо буурсан. Эмэгтэй гишүүд 11-үүлээ. Бид цөөнх болж, асуудал  дэвшүүлж ярьсаар байж энэ хэвээр нь батлуулсан байгаа. Байнгын хороод дээр 10 тэрбум  төгрөг нь 5 тэрбум руу орох санал хүртэл гарсан. Гэхдээ ямар ч байсан  10 тэрбумыг суулгасан.

Тэгэхээр 10 тэрбум төгрөгөөр 56 мянган хүүхдийг энэ үйлчилгээнд  хамруулж чадахгүй. Үүнийг хэрхэн зохицуулахаар яригдаж байгаа бэ?

-  Ирэх он бол хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжих эхний жил. Тиймээс бид эхний жилд хуулийн хүрээнд 10 мянган хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулахаар тооцоолсон. Нэг хүүхэд сардаа 110 мянган төгрөг зарцуулагдана. Өнөөдрөөс дүүрэг бүр дээр хүүхэд харах үйлчилгээнд оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж, сургалтад хамруулж эхэлнэ. Эхний жилдээ бид хуулийн хэрэгжилтийг харна. Дараа жилүүдээд төсвийг нэмээд явах боломжтой гэж харж байгаа.

- Та “Хөгжлийн банк”-ийг шалгах ажлын хэсэгт орсон байсан. Ер нь ажлын  хэсэг санал дүгнэлтээ нэтгэж нэгтгэж хуралдсан юм уу?

- Би “Хөгжлийн банк”-ийг шалгах ажлын хэсэгт орсноо мэдээгүй. Хуралд нь ч  сууж байгаагүй.

Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьчлалыг эмэгтэй гишүүд хэрхэн харж байна бэ?

- Өнөөдөр эмэгтэй гишүүдийн зүгээс Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд хүсэлт хүргүүлж байгаа.  Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга  муудсан байж болно. Гэхдээ хувьчлалаар хүүхдийн гэх тодогтолыг нь хадгалж үлдэх нөхцлийг үүсгэх хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Тиймээс тухайн обьектийн суурин дээр баригдах барилгын тодорхой хувийг эргүүлээд Хүүхдийн урлан бүтээх төвийн үйл ажиллгагаа явуулахаар төрд өгөх асуудлыг бид сөхөж ярина. Энэ дагуу Э.Бат-Үүлд санал хүргүүлж байгаа.

- Тодруулга өгсөнд баярлалаа.