Болорчулуун.Х 2015.12.22 | Сонин: Ардчилал

Намын нэрсийн жагсаалтаар орох хүмүүсийг таван бүсээс сонгоно

Намын нэрсийн жагсаалтаар орох хүмүүсийг таван бүсээс сонгоно
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

УИХ дахь намын бүлгүүд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгджээ. Хамгийн түрүүнээ намууд УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр буюу 48 гишүүнийг тойргуудаас, 28 гишүүнийг намын нэрийн жагсаалтаар УИХ-д сонгох тогтолцоог хүлээн зөвшөөрсөн байна.

Ингэхдээ намын нэрийн жагсаалт нэрээр улстөрийн намууд хаанч сонгогдохгүй хүмүүс буюу “битүү морь” оруулдгийг болиулах үүднээс энэ 28 хүнээ улсыг таван бүс болгон саналын хуудсанд намтай нь хамт бичиж сонгуулах нь зүйтэй гэж үзжээ. 

Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт  бие даагч гишүүдийг төлөөлж орсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ингэж тайлбарлажээ. 

“Үндсэн хуульд ард иргэд УИХ-ын гишүүнээ шууд сонгоно гэж заасан байгаа. Тийм учраас намын жагсаалтаар орох 28 хүнээ  бүсэд хуваагаад зөвхөн намын нэрээр явах бус намаа төлөөлсөн хүн нь цуг сонгогдох замаар  Үндсэн хуульд нийцүүлэх хэлбэр яригдаж байна. Хуучин намын нэр дугуйлангуут намдаа мөнгө хандивласан ч гэдэг юм уу эсвэл дарга нар нь жагсаалтын урдуур бичигдаж авоматаар сонгогддог байсан. Хүний нэр дугуйлахаар томсгосон тойргоос хүн сонгогдоно гэсэн үг. 28-аа бүсчлэхээр баруун бүс, зүүн бүс, хангайн бүс, төвийн бүс, Улаанбаатар гэж хуваах тухай ярьж байгаа. 48-ийн тухайд аймаг хуучнаараа хоёр мандтай  нэг тойрог ийм байдлаар явахаар ярьж  байна” гэлээ.