Сонгууль ба АСЕМ
Сонгууль ба АСЕМ
2015.12.22

Сонгууль ба АСЕМ

Монгол Улс АСЕМ-ын уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, хөрөнгө оруулалтыг татах томоохон хөшүүрэг хэмээн харж буй.

Тэгэхээр гадаадын төлөөлөгчдийг хүлээн авах, улс орноо таниулан сурталчлах ажлууд, үүнийг дагасан аялал жуулчлал зургадугаар сараас эхэлнэ гэж тооцож байгаа. Гэтэл УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ үеэр ид өрнөнө. Тэрчлэн, сонгуулийн дараа маргаан гарахыг үгүйсгэсэнгүй.

Түүнээс гадна Ази Европын дээд түвшний уулзалтыг шалтаг болгож буй ч есдүгээр сард УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах нь Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэсэн арга хэмээн тайлбарлах хүн олон байна.

Энэ талаар улс төрийн намуудын төлөөллийн байр суурийг сонирхсон юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа:

-УИХ ээлжит сонгуулийн товыг тогтооно. Энэ утгаараа УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах боломж байгаа. Ирэх оны зургадугаар сарын сүүлчээр сонгууль явуулаад, долдугаар сарын 15, 16-нд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулна гэдэгт УИХ-ын гишүүд санаа зовж байна. Тиймээс АСЕМ-ын уулзалтын дараагаар сонгуулиа хийвэл зохистой болов уу гэсэн саналыг ярилцаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Ардчилсан намын бүлэг албан ёсоор ярилцаагүй.

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл:

-Эрх баригчид УИХ-ын ээлжит сонгуулийн товыг хойшлуулж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байгааг үгүйсгэх аргагүй. Хэрэв сонгуулийн товыг хойшлуулахад хүрвэл Улсын дээд шүүх болон Үндсэн хуулийн цэцээс тайлбар гаргуулах ёстой. Учир нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Энэ утгаараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа долдугаар сард дуусна. Тэгэхээр УИХ чадамжгүй болоход хүрнэ. АСЕМ-ын хурлаас үүдэн сонгуулийг хойшлуулах нь буруу.