2010.07.04

Б.Бат-Эрдэнэ: Би урьдынхаараа наадмаа хүсч хүлээдэг дээ

Наадам айсуй энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Хэдийгээр амралтын өнгө аястай хөнгөн яриа өрнүүлэх гэж хичээсэн ч аварга маань УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албан өрөөндөө, байнгын хорооны хуралдааны завсар чөлөөгөөр  ярилцсан болохоор "зангиатай" ярилцлага болох дөхлөө.

-Наадам дөхөхөөр таны өдрийн дэглэмд өөрчлөлт орж байна уу. Наадам ойртохоор танд бусдаас арай өөр мэдрэмж төрдөг ч юм болов уу гэж бодлоо?

-Монголчууд  бүгд л наадмаа их хүлээдэг. Төр ёсны, гүн хүндэтгэлтэй, утга төгөлдөр сайхан баяр шүү дээ. Тийм учраас “Эрүүл энх байвал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг дээ. Наадамд  барилдаж байх үед өдийд ид бэлтгэл хийж байдаг үе шүү дээ.  Одоо бол арай өөр болсон. Гэхдээ би урдынхаараа  наадмаа хүсч хүлээдэг дээ.

-Та өдрийн тодорхой цагт бэлтгэл хийж амждаг уу?

-Спортоор хичээллэж, өндөр ачаалалтай, хүнд бэлтгэл хийж явсан болохоор барилдахгүй ч өдөртөө бэлтгэл дасгал хийдэг. Ажил ихтэй үед төрийн ордны хонгилд фитнессийн жижигхэн өрөө байдаг. Дасгал сургуулилтын багштай. Тэнд цайны цагийн үеэр жаахан дасгал хийдэг. Бололцоотой бол үдээс хойш ажлын дараа дасгал хийнэ.  Хотын зам түгжээ ихтэй, ажлын ачаалал ихтэй учраас сургууль дээр эсвэл клубт очоод бэлтгэл сургуулилт хийх боломжгүй болсон.

-Та суугаа ажилтай болсныхоо дараа жин нэмсэн үү?

-Ид барилдаж байх үедээ 146 кг-тай байсан. Одоо бол түүнээсээ 20 гаруй кг хаясан. Нас явж байна. Эрүүл мэндээ бодоод илүү жин хэрэггүй гэж боддог. Хоёрдугаарт ид барилдаж байх үедээ хүнд төмөртэй ноцолддог. Янз бүрийн юм хийдэг байсан. Одоо бол зөөлөн гүйгээд, дасгал хийдэг.

-Хоолны дэглэм барьдаг болсон гэсэн үг үү?

-Хоолны дэглэм бас их өөрчлөгдсөн. Энгийн хүмүүсийг бодвол арай илүү тэвчээр тамирчинд байдаг болов уу. Ер нь монголчууд их дэглэмтэй улсууд шүү дээ.  Монгол хүн өл даадаг, бага иддэг. Хүнд ажлыг уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ давж ирсэн. Цаг агаар, ахуй нөхцөлтэй холбоотой олон давуу зүйл бий.

-Миний анзаарснаар та амттанд дуртай юм байна лээ. Олонх эрчүүд амттанд төдийлөн дурлаад байдаггүй?

-Би амттай юманд их дуртай шүү.  Суурин газар, суугаа ажил эрхэлж байгаа болохоор зайлшгүй шаардлагаар  хоолны  дэглэм барих шаардлагатай болсон болохоос биш тортонд дуртай.

-Ингэхэд та наадмын хуушуураа хаанаас авдаг вэ?

-Гэртээ бэлтгэсэн хуушуур иднэ.  Наадмын хуушуур бараг идэж чаддаггүй байлаа. Эхнэр барилдаанд зохицсон шөлтэй хоол өгдөг байсан учраас.   

-Ер нь та зодог шуудгаа хамгийн сүүлд хэзээ өмссөн бэ?

-2008 оны арван сараас хойш зодог шуудгаа өмсөөгүй. Тэр үед эрчимтэй барилддаг. Сургууль дээр очоод Г.Өсөхбаяр аварга, Д.Сумъяабазар, харцага Мөнгөнцоож, Магалжав, сургуулийн хүүхдүүдтэй хуучин ямар бэлтгэл хийж байсан яг тийм хэмжээний бэлтгэл хийж байсан. Спортын хувьд нас ахмадын тоонд ч орлоо, одоо тийм бэлтгэл хийхгүй байгаа.

-Спортын амжилтдаа та сэтгэл хангалуун явдаг уу?

-Хангалуун байна аа.

-Таныг гишүүн болсныхоо дараа барилдсан жил “УИХ-ын гишүүний биед хүрч, халдашгүй байдалд халдлаа” гэж ярих хүмүүс ч байсан.  Үүнийг  та яаж хүлээж авсан бэ?

-Хүмүүс гишүүний халдашгүй байдал гэдгийг өөрөөр ойлгодог юм шиг байгаа юм.  УИХ-ын гишүүн бусдаас давуу эрх дархтай байх шаардлагагүй гэж би боддог.

-Хүмүүс эхлээд таныг гишүүн гэхээсээ аварга гэж хүлээж аваад байсан. Одоо л таны улстөрч дүр төрхөд дасч байх шиг байна. Танд энэ өөрчлөлт мэдрэгддэг үү?

-Нэг их мэдрэгдэхгүй дээ. Ер нь  алдрай багаасаа эхлээд азай буурлаа хүртэл аварга гэдэг. Аварга гэж дуудах нь надад их ойрхон.  

-Саяхан би интернэт харж байтал Гамбууш... Гамбууш гэж хүн байдаг даа?

-Ааанхаан.

-Тэр хүн өөрт нь таалагддаг эрчүүдийг нэрлэж л дээ. Өсөхбаяр аварга бас таны ч нэр явж байсан. Ийм мэдээлэл ямар сэтгэгдэл төрүүлж байна?

-Сайн байна шүү дээ. Яагаад гэвэл Монгол хүн морь, бөхдөө хайртай. Морь уралдаад ирэхэд  самсаа шархирдаг. Сайхан монгол бөхөө барилдахад би баярладаг, сайхан гэж хардаг. Тэрэнтэй ялгаагүй  монгол түмэн маань хайрлаж хүндэтгэдэг. Тэр талаас нь л хүлээж авдаг.

-Олны танил хүмүүст янз бүрийн шүтэн бишрэгчид гарч ирдэг. Танд гей ч юм уу онцгой шүтэн бишрэгчид хандаж байсан уу?

-Тийм юм байгаагүй. Монголчууд мундаг соёлтой, агуу сайхан ард түмэн.  Таны  хэлж байгаа шиг зүйл бидний даган дууриадаг барууны ертөнцөд л байгаа.

-Миний хувьд охин хүүхэдтэй болохыг хүсч, охинтой болсондоо сэтгэл хангалуун байдаг. Харин та бөх хүн болохоор удам залгах хүү хүсдэг байв уу?

-Надад гурван сайхан охин заяасан. Сайхан ханьтай учирсан. Би энэ аз заяандаа баярлаж явдаг. Үхтэл үр харам гэж үлдэх үр хойчийнхоо буян заяаг дэлгэрүүлэхийн тухайд л амьдралаа зориулж ирлээ.  Монголчууд нуган үрийг эрхэмлэж байсан уу гэвэл тийм.  Түүхийн нугачаанд тэр нь алдагдсан. Монголчуудыг хүчтэй байлгах үндэс нь эр хүнийг бэлтгэх арга ухаан. Эр хүнийг эр хүн шиг болгох нь эрхэм байж. Нуган үр заяагаагүй байлаа гэхэд өөрийнхөө гал голомт дээр охидоосоо төрсөн хүү хүүхдийг өөрийн болгож авдаг сайхан уламжлал бий. Сүүлийн үед хөвгүүдийг эрхэмлэх нь бага болж. Энэ бол монголчууд өөрсдөө гэхээсээ их холын бодлого, нарийн түлхээсээр болсон явдал гэж боддог. Монголын нийгэм, хамт олон, гэр бүлийн хүрээнд эрэгтэйчүүдийн нэр хүнд ямар их унаж байна. Тэр чинээгээрээ нийгэмд ямар их болохгүй бүтэхгүй зүйл гарч, нийгмийн ёс суртахууны уналтад орж байна.

-Улстөрч хүний хувьд  энэ хандлагыг өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ?

-Боловсролынхоо тогтолцоонд, төрийн бодлогын түвшинд том хүрээнд үүнийг авч үзэх учиртай. Гэр бүл эцэг эх, багш, иргэний нийгмийн байгууллага, спорт, соёл урлагийн бүх байгууллага үүнд оролцох учиртай.  Монгол  үндэстэн, монгол эр хүн хүчтэй байсан үедээ найман зууны тэртээ  дэлхийн бодлого тодорхойлж явсан. Тэрний үндэс нь эр хүнийг эр хүн болгож төлөвшүүлдэг арга ухаан.  Тэрний нэг нь үндэсний бөх. Монгол үндэсний бөхөөрөө дамжуулаад Монгол эр хүнийг бэлтгэдэг сургууль байсан. Энэ өв соёлыг сэргээхийн тулд Монгол бөхийн холбоотой хамтраад “Нийтийн монгол бөх” гэдэг төсөл хэрэгжүүлсэн. ”Нутгийн салхи” хөтөлбөрийг бүх ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх гэж байгаа. Бүх сургуульд үндэсний бөхийн дэвжээ байгуулж өгөх юм. Бөхийн холбооны тэргүүн СГЗ Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан гуай бид хамтраад  “Монгол бөхөд анхлан суралцах бичиг” бэлтгэсэн.  Тэгээд бөхийн өмсгөл, сурах бичиг, хивс дэвсгэртэй дэвжээ бүх сургуульд байгуулж байгаа. Одоогийн байдлаар 13 аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад үндэсний бөхийн дэвжээ байгуулаад байна. Дэвжээ байгуулсан аймгууддаа сургалт хийсэн, эргэх холбоотой байх юм. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, бизнесмэнүүд, иргэд дэмжиж байгаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.