Улс төрийн намуупын хамтарсан мэдэгдэл
2015.12.25

Улс төрийн намуудын хамтарсан мэдэгдэл

Монгол Улсын Их Хурал чоно борооноор гэгчээр Дэгийн тухай хуулиа илт зөрчин, Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн төслийг хуулиар хориглосон хугацаа дуусахаас хоёрхон хоногийн өмнө хам хум хэлэлцсэн дүр эсгэж, сурсан дадсан зуршлаараа гэнэт хуйвалдан батлахаар улайрч эхэлсэн нь төрийн нэр хүндийг унагасан, нийгмийн итгэлийг хөсөрдүүлсэн, ард түмний сэтгэлийг сэвтүүлсэн гэмт үйлдэл болно гэж парламентад суудалгүй улс төрийн намууд дүгнэж байна.

Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хөндөхдөө улс төрийн намуудын оролцоо, нийгмийн зөвшилцөл, ард түмний дэмжлэгийг хангаж байж хуульчлах ёстой атал үндэснийхээ эрх ашгаас хувийн болон бүлэглэлийн явцуу эрх ашгаа ямагт дээгүүр тавьж ирсэн цөөн нам, эрх мэдэлтнүүд зөвшилцсөн нэрийн дор Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийг бид эрс эсэргүүцнэ.

Монгол Ардын Нам дангаараа тохиролцсоноосоо ухарч , тэмцлээсээ няцаж буйг бид зэмлэн буруушаахын зэрэгцээ Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 22 нам Сонгуулийн тухай хуульд оруулахаар удтал хэлэлцэн зөвшилцөж, нэгэн санаагаар хүрсэн “нааштай найман өөрчлөлтдөө” тууштай үнэнч байгаагаа үүгээр батлан мэдэгдье.

Иймд 25 жил ээлжлэн Монголын төр, ард түмнийг зайдалсан AH, MAH, МАХН, тэдгээрийн хорт үр МАНАН бүлэглэлийг зөвшилцөл нэртэй жүжгээ зогсоож, 48 цагийн дотор Сонгуулийн гэх түүхий хууль үйлдвэрлэхээсээ татгалзаж, үлдсэн богино хугацаанд зөвхөн нийгмийн хүлээлт үүсгэсэн дараах цөөн асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулахыг бид шаардаж байна. Үүнд:

  1. Сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх тухай хуулийн 5.1.1 -д заасны дагуу улс төрийн 22 намын зөвшилцлийг үндэслэн сонгуулийн хар машины тооллогын дүнг аюулгүй байдал, шууд хяналтын техник, зохион байгуулалтын арга хэмжээг сайтар хангасны үндсэн дээр 100 хувь гар аргаар дахин тоолж баталгаажуулах
     
  2. Сонгуулийн хэсэг, хорооны бүрэлдэхүүнд бүх намын төлөөлөл эрх тэгш, жигд оролцох боломжийг нээх
     
  3. Сонгуулийн сурталчилгааны хугацааг сунгах
     
  4. Сонгуулийн зардлын тайланг шилэн дансны хэлбэрт шилжүүлэх
     
  5. Сонгуулийн маргаан шийдвэрлэх хугацааг тодорхой заах
     
  6. Сонгуулийн саналын хуудсанд бичигдэх нам, нэр дэвшигчийн нэрсийн дарааллыг шодох зарчмаар шийдвэрлэх

Түүнчлэн сонгуулийн 26 тойрогт хувь тэнцүүлсэн аргаар явагдах санал хураалтыг 5 бүсэд хуваах санаархал тань Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжуудыг ноцтой зөрчихийг сануулахын ялдамд өөрсдийн нам, хүн хүч, хөрөнгө бэл, эрх мэдлийн давуу байдлаа төрийн сонгууль луйвардахад ашиглахгүй байхыг хатуу анхааруулж байна.

Түргэн түүхий, нийгмийн дэмжлэг, ард түмний итгэл даахгүй хуулийг хуйвалдааны аргаар, хүч түрэн баталбал үүнээс гарах болзошгүй үр дагаврын хариуцлагыг та нар дангаараа үүрэх болно гэдгийг сануулъя.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 
Иргэний хөдөлгөөний нам 
Хамаг Монголын хөдөлмөрийн нам 
Эх орончдын нэгдсэн нам 
Монголын ногоон нам 
Бүгд найрамдах нам 
Монголын консерватив нам 
Хөгжлийн хөтөлбөрийн нам 
Монголын эмэгтэйчүүдийн нам