Бакей.А 2015.12.28 | Сонин: Ардын эрх

Тойргоос сонгогдсон гишүүнгүй намд пропорционалиас суудал хуваарилахгүй

Тойргоос сонгогдсон гишүүнгүй намд пропорционалиас суудал хуваарилахгүй
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

Өнгөрсөн баасан гаригт буюу арванхоёрдугаар сарын 25-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийг эцэслэн баталсан. Үүнтэй холбогдуулан тус хуулийг нэгтгэн, боловсруулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа. 

-Парламент Сонгуулийн хуулийг хугацаанд нь баталж чадлаа. Тэгвэл нам, эвслийн дунд багагүй маргаан өрнүүлж хэлэлцэгдсэн тус хуулийн гол өөрчлөлтүүд болон онцлогийг та дурдана уу?

-Сонгуулийн хуулийн төслийг өргөн баригдсаных нь дараа хэдхэн хоногийн дотор хэлэлцээд баталчихлаа гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сард УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай бүх нам, эвслийн төлөөллийг багтаасан томоохон хэмжээний ажлын хэсэг байгуулагдаад Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд тус хуулийг хамтдаа боловсруулж ирсэн юм. Тэгэхээр ерөнхий агуулгынх нь хувьд намууд хуулиа сайн ойлгож байсан гэж хэлж болно. Гагцхүү зарчмын зөрүүтэй цөөн хэдэн асуудал дээр зөвшилцөж чадахгүй байсан учраас өдийг хүртэл хойшлогдож ирсэн юм. 

Онцлогийн хувьд хэд хэдэн зүйлийг дурдаж болно. Хамгийн эхэнд нэрлэх зүйл бол Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай гэсэн гурван хуулийг хамтатгаад, нэгдсэн нэг хууль болгон гаргалаа. Аль ч сонгуульд нийтлэг зарчмууд байдаг. Үүнд, нэр дэвшигчдийг сонгох, санал тоолох гэх мэт асуудлууд багтана. Ийм нийтлэг зарчмуудтай атлаа бүгд тусдаа өөр өөр хуулиар зохицуулагдаж, хууль болгонд адил заалтууд тусгаж, өөрчлөлт оруулдаг байсан. Мөн дээр нь хууль болгонд нь зориулсан гарын авлагыг хэвлэн сонгогчдод тараадаг байсан нь эдийн засгийн хувьд ч шаардлагагүй зүйл гэж үзсэн юм. Одоо нэгдсэн нэг Сонгуулийн хуультай болсон учраас нэг гарын авлага хэвлэгдэнэ.

Дараагийн нэг онцлог бол аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулахаар болсон. Өмнө нь 2012 онд нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулж байсан туршлага бидэнд бий. Ингэж явуулснаар парламентын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааны гуравт нь сонгууль ярьдаг, улстөрждөг байдлыг бага ч гэсэн багасгах ач холбогдолтой гэж үзсэн. Мөн төсөв, мөнгөний хувьд тодорхой хэмжээний хэмнэлт гарах юм. Гурав дахь онцлог бол нэр дэвшигчийн 28 хувийн босгыг энэ удаа байх шаардлагагүй гэж үзэн, хуулийн төслөөс хасч оруулсан байгаа.

Яг энэ асуудалтай уялдуулан нэг жишээ хэлэхэд, өмнө нь Баянзүрх, Сонгинохайрхан гэх мэт дүүрэг дээр олон тооны нэр дэвшигч дэвшсэнээс болж сонгогчдын санал хуваагдан, 28 хувьд хүрсэн нэр дэвшигч гарч ирээгүй. Үүнээс болж дахиад л зардал чирэгдэл, мөнгө, төгрөг үрэн байж дахин сонгууль явагдсан. Сүүлд нь хэлэхэд, 2012 оноос хойш сонгогчдын саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолдог болсон. Энэ нь нэг талаараа техникийн дэвшил, нөгөөтэйгүүр саналыг маш хурдан тоолоод үр дүнг нь гаргадаг сайн талтай. Гэтэл зарим улс төрийн хүчин үүнийг эсэргүүцэн, олон нийтэд буруу ойлголт өгөх асуудал сүүлийн үед нэлээдгүй явлаа. Тиймээс нэгэнт ийм ташаа мэдээлэл явчихсан учраас сонгуулийн санал авах нийт хэсгийн хороодын 50 хүртэлх хувь дээр техник, хяналтын давхар тооллого хийх асуудлыг хуулиар баталж өглөө. Ингэснээр нийгэмд үүсээд байгаа хардалт, сэрдэлтийг нэг мөр болгож иргэдийн дунд нэгдсэн тодорхой ойлголт өгөхөд дэвшил болох байх. 

-Давхар тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэлх хувь дээр тоолохоор болсон гэлээ. Тэгвэл 50 хүртэлх хувьд тоолохдоо тэр хэсэгт тоолно гээд хэсгүүдийг нь тодорхойлоод заагаад өгчихсөн байгаа юу, эсвэл шодож шийдэх юм уу?

-Техникийн тооллого хийх нарийвчилсан журмыг СЕХ батална гэж Сонгуулийн хуульд зааж өгсөн байгаа. Тэгэхээр СЕХ 50 хүртэлх хувьд давхар тооллогыг яаж хийх вэ гэсэн зохицуулалтуудаа нарийвчлан боловсруулж, тухайн журамд тусган баталж, мөрдүүлэх ёстой. 

-Сонгуулийн хуульд энэ тухай хэрхэн тусгасан байгаа вэ?

-Сонгуулийн хуульд ерөнхий зарчмыг л тусгасан байгаа. Тэр зарчимд санамсаргүй сонголтын аргаар буюу сугалааны аргаар зохион байгуулна гэж тусгасан юм. Тэр нь аль аль талдаа зөв шийдэл. Тэгэхгүй шууд энэ тойргуудад хяналтын тооллого хийнэ гээд заагаад өгчихвөл дахиад л хардалт үүснэ шүү дээ. 

-Хяналтын давхар тооллого хийхэд санал тоолох төхөөрөмжийн дүн гараар тоолсонтой зөрвөл яах вэ. Аль нь эцсийн дүн болох вэ?

-Хуулийн төсөлд санал тоолох машины дүнг үндсэн тооллогын дүн байна гэж заасан байгаа. Харин зөрсөн тохиолдолд мэдээж хууль, хяналтын байгууллагууд шалгаад шийднэ шүү дээ. Энэ талаар СЕХ-ноос гаргах журам дээр тодорхой тусгаж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Ер нь бол зөрөхгүй. Зөрөх үндэс байхгүй. 

-Сонгуулийн хуулийн онцлогийг нэрлэж байхдаа хамгийн түрүүнд аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь явуулах эерэг талуудыг та дурдсан. Тэгвэл эсрэгээрээ энэ олон сонгуулийг хамтад нь зохион байгуулснаар сонгогчид будилах, дагаад замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй гэж үзэх хүмүүс бас байна...

-Тэр бол сонгууль яаж зохион байгуулахаас л шалтгаална шүү дээ. Сонгуулийг маш сайн дэг журамтай, зохион байгуулалттай хийсэн тохиолдолд тийм асуудал гарахгүй. Нөгөөтэйгүүр санал тоолох төхөөрөмж ашиглаж байгаа учраас тоолоход ч тийм хүндрэл гарахгүй байх. Гагцхүү нам, эвсэл нь өөрөө УИХ, аймаг, нийслэлд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг нэг баг болгож, зөв зохион байгуулах хэрэгтэй. 

-Өмнө нь аймгийн ИТХ-ын сонгууль УИХ-ынхаас хойш явагддаг байсан. Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа нь зургадугаар сард хараахан дуусаагүй байна гэсэн үг биз дээ. Энэ тохиолдолд маргаан гарвал яах вэ?

-Тийм зөрчил үүсэхгүй. Яагаад гэвэл сонгуулийн бүрэн эрхийн хугацааг Сонгуулийн хуулиар тогтоодог. Тэгэхээр хууль өөрчлөгдөж байгаа нөхцөлд тийм маргаан үүсэх үндэслэл байхгүй.  

-Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулахаар болсон бол сум, дүүргийнхийг хэзээ зохион байгуулах вэ. Үндсэн хуультай холбоотой асуудал ч энд байгаа байх?

-Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг сонгуулийн жилийн аравдугаар сарын сүүлчээр зохион байгуулна гэж заасан байгаа. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт ороод сум, дүүргийн Засаг даргыг ард иргэд нь сонгох тухай асуудал хөндөгдвөл Сонгуулийн хуульд дахин өөрчлөлт оруулаад арай өөр маягаар зохион байгуулах хэрэгтэй болно. Тиймээс тусад нь ингэж, салгаж хуулийн төсөлд оруулсан нь зөв шийдэл юм гэж үзэж байгаа. 

-Нэр дэвшигчийн 28 хувийн босгыг хуулийн төслөөс хассан гэлээ. Тэгвэл дахин сонгууль гэж байх юм уу. Байгаа бол ямар тохиолдолд дахин сонгууль явуулах юм бэ?

-Дахин болон нөхөн сонгууль гэж байгаа. Энэ хуульд илүү тодорхой болгож өгсөн. Дахин сонгууль гэдэг нь УИХ-ын ээлжит болон ээлжит бус нөхөн сонгуулийн нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа явуулах сонгуулийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ямар нэг шалтгаанаар хүчингүй болсон, эсвэл хууль зөрчөөд сонгууль явуулсан, тэр нь батлагдсан тохиолдолд дахин сонгууль явуулах юм. 

-Орон нутгийн сонгууль дээр дахин сонгууль явуулах нөхцөл нь адилхан уу? 

-Адилхан. Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн ялгаагүй УИХ-ын дахин сонгууль хийх нөхцөлтэй адил байна гэж хуулийн төсөлд тусгагдсан. 

-Нөхөн сонгуулийн хувьд?

-УИХ-ын гишүүн, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдана. Нэмж хэлэхэд дахин, нөхөн сонгуулийг жилд хоёр удаа зохион байгуулъя гэж байгаа. Эхнийхийг нь ээлжит сонгууль явагдсаны дараа жил болгоны зургадугаар сарын сүүлд явуулах, дараагийнх аравдугаар сарын мөн сүүлчээр явагдана гэж зохицуулсан. Хугацааг нь ингээд заачихаар сонгуулийн өмнөх бэлтгэлийг сайн базаана. Тэгэхгүй бол ямар ч хугацаагүй явж байгаад дуртай үедээ гэнэт л хийхээр болчихдог байсан шүү дээ.     

-Намын жагсаалтын 28-ыг сонгохдоо таван бүсэд хувааж сонгуульд оролцуулна гэх санал бараг л дэмжигдлээ гэсэн чинь хэлэлцүүлгийн үеэр хасчихлаа. Энэ асуудал дээр парламентад суудалгүй болон жижиг намууд маш хатуу эсэргүүцэл илэрхийлж байсан?

-Сонгуулийн тогтолцоо бол өөрөө маш олон хувилбартай зүйл. Хувилбар дотроо дахиад дэд хувилбартай. Тэр дотроо бүсчлээд явбал яасан юм бэ гэсэн санал гарч ирсэн. Энэ саналыг эхлээд нам, эвслийн бүлгүүд дэмжих хандлагатай байснаа хэлэлцүүлгийн шатанд янз бүрийн санал гарсан учраас эргэж яриад, бүсчлэх асуудлыг хасах нь зүйтэй гэж үзсэн. Яагаад гэвэл, ер нь аливаа сонгуулийн тогтолцоог сонгууль болгоны өмнө өөрчлөөд байх нь өөрөө буруу зүйл. Тэгээд ч сонгогчдод ойлгомжгүй болоод ирнэ шүү дээ. Улс орны төр засгийг бүрдүүлэх үйл ажиллагаанд ч хүндрэлтэй болж ирнэ. Тийм учраас нэгэнт туршаад үзсэн, болж байгаа одоогийн тогтолцоогоо ямар ч байсан дахиад дөрвөн жил хэвээр авч явъя гэж гишүүдийн олонх дэмжсэн. 

-Жагсаалтыг таван хувийн босго өөрчлөгдсөн үү?

-Таван хувийн босго хэвээрээ үлдсэн. 

-Жагсаалттай холбогдуулан нэг зүйл асуухад сонгуульд оролцож байгаа аливаа нам нь намын жагсаалтын таван хувийн босгыг хангасан ч тойргоос суудал аваагүй бол намын жагсаалтын үр дүнг нь хүчингүйд тооцно гэсэн санал гарсан байсан. Энэ санал хуулийн төсөлд тусгагдсан уу?

-Хувь тэнцүүлсэн хэсэг дээр санал хуваарилдаг. Өөрөөр хэлбэл, таваас дээш хувийн санал авсан намд суудал өгдөг. Ингэж хуваарилалт хийхдээ шалгуур нь ганцхан таван хувийн босго байсан. Харин сая батлагдсан хуулийн төсөлд дээрх шалгуур дээр нэмээд тухайн нам, эвсэл нь таван хувийн санал авсан ч тойргоос ядаж нэг гишүүн нь сонгогдсон байх ёстой гэсэн заалт оруулж баталсан. Энэ нь өөрөө парламентын төлөвшилд багагүй ач холбогдолтой гэж гишүүд үзэж байгаа. Яагаад гэхээр, ер нь тойргоос сонгогдсон ганц ч гишүүн байхгүй намыг парламентад суудалтай нам гэж хэлэхэд хэцүү. Олон улсын туршлагад ч тэр. 

-ИЗНН-ыг дээрх заалттай холбогдуулж хэлж болно. Тус намаас энэ заалттай холбогдуулан ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн зүйл гарсан болов уу?

-Эхэндээ ийм заалт оруулах шаардлага байна уу, үгүй юу гэж ярьж байсан. Сүүлдээ нэг их эсэргүүцсэн зүйл хэлээгүй. 

-Тэгэхээр тойргоос суудал аваагүй бол таван хувийн санал авсан намын жагсаалтын саналыг нь хүчингүйд тооцно гэж ойлгож болох уу?

-Тийм. Хүчингүйд тооцоод тойргоос нэг буюу түүнээс дээш суудал авсан болон намын жагсаалтын таван хувийн босгыг давсан намуудад шилжинэ гэсэн үг.  

-Түүнээс гадна намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүст бас санал өгч, хүний нэр дугуйлах ёстой гэсэн санал бас унасан. Техникийн хувьд боломжгүй болоод хуучнаараа явахаар болж байгаа юм уу?

-Түрүүн хэлсэнчлэн хэлэлцүүлгийн шатанд энэ санал мөн гарсан. Тэр байтугай ажлын хэсэг, Байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй санал гаргаад санал хураалт хүртэл явуулсан. Харин гишүүдийн олонхийн саналаар дэмжигдээгүй. 

-Яг энэ асуудал дээр хувь гишүүний байр суурийг илэрхийлж болох уу?

-Хувь гишүүний хувьд юу гэж үзэж байна гэвэл, хэрвээ хүнийг дугуйлна гэвэл энэ нь пропорциональ тогтолцоо биш томсгосон мажоритар болоод явчихна. Өөрөөр хэлбэл, нэг нэр дэвшигч нь аймагт цөөн хүний санал аваад гараад ирэх бол нөгөөх нь улсын хэмжээнд өрсөлдөнө гэсэн үг. Тэр тохиолдолд үндсэндээ нэг нь жижигсгэсэн мажоритар, нөгөөх нь томсгосон мажоритар болчихож байгаа юм. Тухайн нам өөрийн шилдэг гэсэн улстөрчдөө жагсаагаад манай намыг дэмжээрэй гэж сурталчилгаагаа хийх ёстой.

Харин хэн гэдэг 28 хүнийг намын жагсаалтад яаж эрэмбэлэх нь тухайн намын дотоод асуудал шүү дээ. Нэмээд хариуцлагын асуудал яригдана. Үнэхээр тухайн нам ганц мөнгөтэй хүнийг жагсаагаад оруулчихвал өөр асуудал. Эсрэгээрээ ард түмний төлөөлөл болж ажиллах чадвартай, нэр хүндтэй хүнийг жагсаалтынхаа эхэнд бичвэл мөн сонгогдоод тойргоос сонгогдсон гишүүнээс ялгаагүй сайн ажиллана шүү дээ. Зөвхөн тойргоос сонгогдсон гишүүн сайн ажилладаг гэдэг нь бас л өрөөсгөл. Муу ажиллаж байгаа хүн ч бий шүү дээ. Нэрийг нь хэлээд яахав, ард түмэн дүн тавина байх.   

-Гэхдээ өмнөхөөсөө ялгаатай нь иргэд саналаа өгч байхдаа намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийг  давхар хараад явах боломжтой болсон тухай хэлэлцүүлгийн шатанд ярьж байх шиг байсан?

-Намын жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрийг нам болгоноос дарааллаар нь аваад, түүнийг нь сонгогч бүрт хэвлэж өгнө. Ингэснээр сонгогчид зөв сонголт хийх боломжтой болно. Хуулийн төсөлд ч энэ тухай зааж өгсөн байгаа. 

-Тэгэхээр намын жагсаалт ч, тойрогт ч сонгуулийн тогтолцоо яг хэвээр үлдсэн гэж ойлгож болох нь...

-Тийм. Тойргийн хувьд ч хуучнаараа буюу томсгосон олон мандаттай явагдах нь хэвээр үлдсэн. 

-Нэр дэвшигчдийн тодорхой хувь нь эмэгтэй гишүүн байна гэсэн хүйсийн хувьд квот тогтоосон зүйл байгаа юу?

-Нийт нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэж хуулийн төсөлд орсон байгаа. Үндсэндээ 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байна гэсэн үг. Миний санаж байгаагаар өмнөх хуульд 25 хувь байсан. Хэлэлцүүлгийн үед гурван нэр дэвшигч тутмын нэг нь эмэгтэй байна гэсэн санал гарч ирсэн ч дэмжлэг аваагүй. Угаасаа 30 хувиас доошгүй гээд нэгэнт заагаад өгчихсөн юм байхад дахиж өөр заалт нэмэх шаардлагагүй байх. 

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа анхны төсөл дээр 14 хоног байсныг 18 болгож  өөрчиллөө. Дөрөв хоногоор нэмсэн байна. Ямар үндэслэлээр ийм санал гаргасан юм бол?

-Бүр өмнө нь сонгуулийн сурталчилгааны хугацаа 45 хоног байдаг байсан. Дараа нь 30 болсныг багасгаад 21 хоног болгосон. Тэгээд энэ хуулиар 14 болгон өөрчилж орж ирснийг гишүүд хэлэлцээд, ялангуяа олон сумтай аймгуудад сонгуулийн сурталчилгаа хийж амжихгүй гэж үзсэнээр 18 болгон дөрөв хоногоор нэмсэн.

-Сурталчилгааны арга, хэлбэрүүдэд өөрчлөгдсөн зүйл байгаа юу?

-Зурагт хуудас байршуулах сурталчилгааны самбарыг нэр дэвшигчдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон. Дээр нь цахим орчны сурталчилгаа орж ирсэн. Энэ төрлийн сурталчилгааг эзэнтэй, хаягтай хийх ёстой гэж зааж өгсөн. Тодорхой хаяггүй, эзэнгүй байдлаар хүн гүтгэх асуудал гарвал зохих хэмжээний хариуцлага хүлээлгэнэ. 

-Самбарыг нэр дэвшигчдэд тэнцүү хувааж өгөх үү?

-Мэдээж тэгнэ. Харин хэрхэн хувааж өгөхийг СЕХ журамдаа тусгаж өгөх байх.  

-Самбар нь хувийн байгууллагад харьяалалтай бол яах вэ?

-Тэр зохицуулалтыг сайн мэдэхгүй байна. Журам, дүрмээрээ тодорхой болох байх.

-Сонгууль явагдахаас 24 цагийн өмнө нэр дэвшигчид бүх самбар, сурталчилгаагаа буулгасан байх шаардлагатай байсныг өөрчилсөн байсан?

-Тийм. Түүнийг хассан. 24 цагийн өмнө гээд заачихаар сурталчилгаагаа буулгаж амжихгүйгээс гадна өрсөлдөгч нь гэх юм уу, ямар нэгэн байдлаар зурагт хуудас нэмэгдэх, буугдахгүй байх зэрэг асуудал гарч байсан. Энэ нь зөрчил болоод явдаг байсан. Тиймээс энэ хязгаарыг байхгүй байх нь зөв гэж үзсэн. Нэг ёсондоо сонгууль өнгөртөл сурталчилгаа байж болно.     

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн барьсан хуулийн төслөөс орсон заалт байгаа юу?

-О.Баасанхүү нарын гишүүн үндсэндээ 13 заалт бүхий хуулийн төсөл өргөн барьсан. Тус хуулийн төслөөс агуулга, хэлбэрийн талаас нь судлаад үзэхээр ямар нэгэн байдлаар 5-6 заалт нь орсон гэж үзэж байгаа. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Су.Батболд нар мөн 10 орчим заалт бүхий хуулийн төсөл өргөн барьснаас нэлээд хэсэг нь орсон. Ер нь УИХ дахь МАН, АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хоорондоо ярьж байгаад энэ заалт орсон байна, энэ нь ороогүй байна гэдгээ шийдэж, зөвшилцсөний үндсэн дээр энэ хууль гарсан шүү дээ.