Ц.Алтансүх 2015.12.30 | Сайт: Vip76.mn

Ардчиллыг өмчлөх бус бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй

Ардчиллыг өмчлөх бус бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй
Улс төрийн шинжлэх ухааны докторант, багш Ц. Алтансүх

Ардчилал гэдэг ойлголтыг итгэлцэл, хариуцлага гэж тодорхойлбол зүгээр. Ардчилал бол төлөөлөгчиддөө итгэсэн ард түмний итгэл, нөгөө талдаа төлөөлөл болсон хүмүүсийн хариуцлага юм. Хувь хүний бизнес, амьдралаа авч явах чадварт төр итгэдэг. Тиймээс нийгэм эдийн засгийн амьдралд төрийн оролцоо хэрэггүй гэж номлодог.

Төр засаг нь ард түмэндээ итгэдэг, ард түмэн нь төрдөө итгэдэг байх хэрэгтэй. Монголын ардчиллын өнөөгийн төлөв байдлын талаар улс төрийн шинжлэх ухааны докторант, багш Ц. Алтансүхтэй ярилцлаа.

- Таны нүдээр Монголын ардчиллын өнөөгийн дүр төрх ямар харагдаж байна?

Юуны өмнө ардчиллыг эзэнгүй байлгах хэрэгтэй. Эзэнтэй ардчилал хэврэг байдаг. Ардчилал гэдэг авч ирээд л орхичихдог эд биш. Түүнийг тордож “тослохгүй” бол зэвэрч буцаж эргэдэг, бүдэрч унадаг, бүдгэрдэг үзэгдэл, үйл явц. Үүнийг ардчиллын зуун гэдэг XX зуунд улс орнуудын ардчилалд шилжиж, бас ухарч байсан түүхээс бэлхнээ харж болох юм. “Ардчиллын давалгаа” гэдэг нь ардчиллыг эргэж буцдаг, татардаг болохыг анхааруулж ч байх шиг. Бидний Монголчууд ардчиллыг өлгийдөж аваад 25 жил өнгөрчээ. Эдгээр он жил чухам хүний насаар тооцвол багагүй хугацаа боловч аль хэдийн эхнэр авч, магадгүй аав ээждээ ачыг нь үнэрлүүлсэн ууган хүүгээр төсөөлөгдөж болохоор юм. Санаа нь эрийн цээнд хүрч, гэрийн тэргүүн болчихоор хугацаа гэсэн үг. Тиймээс Монголын ардчилал ийм байж чадаж байна уу? гэсэн асуулт зүй ёсоор хариултаа нэхнэ.

Бид өнгөрсөн хугацааг өнгөрсөнөө ярьсаар л өнгөрөөчихөж. Ингэхдээ хэрхэн ардчиллыг амжилттай авч явах тухай биш ардчиллын алтан хараацайнуудад л түлхүү анхаарал хандуулсан байна.

Гэтэл ардчилал гэдэг эзэнтэй, өмчлөгдөх тусмаа нуран унадаг, булшлагддаг. Хэлэхээс эрх чөлөө, хийхээс хэрүүл тэмцлээс хэтэрсэнгүй. Төр нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зохицуулах байтал өөрөө хамгийн их асуудал таригч болсон байна. Төрийн зохицуулах бодлого албадлагын шинжтэй хорих, хянахаас хэтрэхгүй байх шиг санагддаг.

Ардчилал ард түмэндээ хүртээмжтэй, түгээмэл чанартай байж чадахгүй байна. Ардчиллын хомсдол гэсэн ойлголт бий. Энэ нь эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын өмнө хууль хүчин мөхөсдөж, авлигал хээл хахууль газар авч байгаагаар тайлбарлагдана. Монгол дахь ардчилал, Монголын ардчилал гэж ялгаж ярьж ойлгохыг судлаачид сануулдаг. Ямар ч атугай ардчилал иргэдийн хувьд өгөөжтэй л байх учиртай. Энэ нь ардчиллын амьд гарах хамгийн том бэхэлгээ мөн.

Одоо бол Ардчилал гэж юу вэ? Ардчилсан нийгэмд хэрхэн шилжих вэ гэсэн асуултуудаас илүү Ардчиллыг хэрхэн удаан тогтоон барих вэ? Ардчиллын үр өгөөж, чанарыг ард түмэнд хэрхэн хүргэх вэ? гэсэн асуудал тулгараад байна. Ардчилал гэдэг бүрэн байх, эсвэл огт байхгүй тухай хэрэг биш юм гэж барууны эрдэмтэд бичсэн байдаг.

Ардчилал ард түмний хамгаалалт дор байж, албан тушаалтан ил тод, нээлттэй байж чадвал, эрүүл бойжиж, илүү хөгжинө.

- Тэгвэл манай ардчиллыг яаж бат бөх болгож, нуран унахаас урьдчилан сэргийлж, тогтоон барих вэ?  

Төгс ардчилал гэж байхгүй буюу ардчилал төгсөнө гэж байхгүй, тасралтгүй үргэлжлэх үйл явц бололтой.

Ардчилалын үнэт зүйл, баримжаа, шинж тэмдэг ямар нэг хэмжээнд хувь хүний сэтгэхүй, үндэсний ухамсарт хадгалагдаж явдаг гэж ойлгодог. Иймд ардчилал огт байхгүйгээс үүсдэггүй гэж үзэж болно. 

Тиймдээ ч Монголын ардчиллыг манай судлаачид сэргээн тогтоосон ардчилал гэх нь бий. Энэ нь нэг талаараа 1990 оны ардчилсан үйл явцыг Монгол Улсын хувьд цоо шинэ, анхны алхам биш гэсэн санааг илэрхийлнэ. Судлаачдын хувьд өвөг дээдсийн оюун сэтгэлгээнд ардчилсан үнэт зүйл, баримжаа, төрийн байгуулалд ардчиллын элемент байсан гэж нотлох гэсэн “үндэсний” үзэлдээ суурилж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ардчилсан төр нийгмийн байгууллын  замнал байсан гэж үздэгтэй холбоотой юм. Гэтэл зарим улс төрчид ардчиллыг цоо шинээр байгуулсан гэж ярих дуртай байдаг.

Ардчилал бол “айдагаа авдартаа хийлээ” гээд санаа амарчих зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Иймд ардчиллыг бэхжүүлэх буюу урт удаан хугацаанд тогтоон барих тухай асуудал энд яригдах нь зүйтэй болж байна.

Үүнд: Нэгд, өмчлөхөө болих хэрэгтэй. Хоёрт, иргэдийн амьдрал ахуйд бодит өөрчлөлт, дэвшил авч ирэхүйц бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх хэрэгтэй. Ардчиллын нэг нөхцөл суурь эдийн засгийн чадавхи, иргэдийн амьдралын чанар юм. Гуравд, иргэн бүрийн нийгмийнхээ талаарх, оролцооны талаарх зөв мэдээлэл ойлголт хэрэгтэй. Үүнд, мэдээлэл хүртэж авах, хүлээж аван ойлгож боловсруулах, улмаар ашиглах оролцох аргууд яригдах юм. Нэг үгээр боловсрол юм даа. Иргэдийн амжиргаа дээшилж байж, мэдлэг боловсролдоо анхаарах боломжтой болдог. Ийм нөхцөл бүрэлдсэн тохиолдолд ардчиллыг иргэд өөрсдөө ойлгоно, хүлээн авна, дэмжинэ. Иргэд өөрсдөө ардчилсан үнэт зүйлийг эрхэмлэгч, хайрлан хамгаалагч болно. Эцэстээ ардчиллын баттай хамгаалагч иргэд болно. Энэ нь цэцэн, цэлмэг илтгэгчээр манлайлуулах, эсвэл зэвсэг, техник барьсан баруунаар мануулахаас илүү ач тустай арга юм.

Ардчилал албан тушаалтны “хайрыг татах” бус ард түмний “хайрыг татсан”-аар удаан оршин тогтноно.

Та иргэд ардчиллын хамгаалагч гэж ярилаа. Энэ талаар өөрийн саналаа тодруулаач?

Чанаргүй бараа зах зээлээ алдаж, үйлдвэрлэл зогсдог шиг ардчиллын бэхжилт, өнө удаан жилийн найдвартай “борлуулалт” бол чанар юм. Ард түмэн, иргэд олны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний амжиргааг дээшлүүлэх, аюулгүй, амар амгалан орчинд аж төрөх нөхцлөөр хангах хэрэгтэй.

Ийм нөхцөлд ардчилал өнө удаан жил амьдарч, хүлээн зөвшөөрөгдөж чадна. Ард түмэн түүнд итгэж, гагцхүү түүнийг дэмжинэ. Үгүй бол ардчилал хүн төрөлхтний сэтгэлгээний ололт байж, хууль эрх зүйн системийн зохицуулалтаар хүлээн зөвшөөрөгдсөн ч хувь хүн, иргэд олны итгэл үнэмшил, сэтгэлзүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөж огт чадахгүй. Хүүхэд, залуус, ээж аав, эмээ өвөө нараасаа “социализм” гээчийг санан бэтгэрсэн яриаг цөөнгүй сонсдог нь үүнтэй холбоотой юм.

Ардчиллын найдвартай бэхжилт бол иргэдийн ардчилсан, бүтээлч үнэт зүйл зарчим юм. Өөрөөр хэлбэл иргэд өөрсдөө бэлэнчлэгч бус хөдөлмөрч, бусдад өөр шигээ ханддаг шударга, бусдыг дарамтлан нэхэгч бус бусдад дэмтэй, бусдыг хүчирхийлэгч бус эрх чөлөөг хайрлан хамгаалагч, өөртөө арчаатай бусдад хүлээцтэй, энэрэнгүй үзэлтэн болох учиртай. Хүн ийм зан чанартай болж, нийгэм ийм бүтэцтэй болох нь ардчиллын амин сүнс, найдвартай бэхэлгээ мөн. Ийм ард түмэн аяндаа ардчилсан бус үзэл, үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хөөн зайлуулж чаддаг. Ийм ард түмэн зөв амьдран хөгжиж, зөв оролцож ардчиллын урган цэцэглэх таатай хөрс болох нь гарцаагүй.

Ардчилал ард түмний хамгаалалт дор байж, албан тушаалтан ил тод, нээлттэй байж чадвал, эрүүл бойжиж, илүү хөгжинө. Харин хэн нэгэн даргын халаасанд байсан ардчилал хөгжсөн гэж дуулаагүй юм байна. Тэгэхээр давын өмнө ардчиллыг өмчлөх оролдлогуудаа зогсоох нь зүйтэй болов уу.

Ярилцахад таатай байлаа. Баярлалаа.