Сонгуулийн хуулийг Цэцэд өгнө
Сонгуулийн хуулийг Цэцэд өгнө
2016.01.04

Сонгуулийн хуулийг Цэцэд өгнө

УИХ оны өмнө Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан Сон­гуулийн нэгдсэн хуулийн төслийг Сонгуулийн тухай хууль нэртэйгээр баталсан. Бүх шатны сонгуулийг зохицуулсан уг хууль батлагдсанаар Ерөн­хийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн тухай хуулиуд хүчингүй болсон юм. УИХ-ын сонгуулийн тухайд өмнөх тогтолцоогоо ерөнхийд нь хадгалсан ч нэлээд хэдэн онцлогтой зүйл заалтууд нэмэгдсэн.

Тухайлбал, нам нь таван хувийн саналын босго давсан ч тойрогт нэг ч нэр дэвшигч нь ялалт байгуулаагүй бол тухайн намд суудал хуваарилахгүй, сурталчилгааны хугацааг багасгаж 18 хоног болгосон, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь явуулна, сонгогчдын саналын 50 хувийг гараар давхар тоолно гэх мэт өөрчлөлтүүд орсон. Уг хуультай холбогдуулан зарим улс төрийн намын удирдлагуудын байр суурийг хүргэж байна. Хамгийн олон гишүүнтэй, олны нэрлэдгээр хоёр том намын төлөөлөл сайн хууль болсон гэж үзэж байгаа бол бусад намын удирдлагууд Сонгуулийн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, зарим нь Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчиж баталлаа хэмээн байр сууриа илэрхийллээ.

Л.Эрхэмбаяр: Орон нутгийн сонгуульд намын жагсаалт гэж байхгүй

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэт­гэгч Л.Эрхэмбаяр: -Сонгуулийн хуулийг өмнөхөөс нь сайжруулж баталсан гэж үзэж байгаа. Тухайлбал, намуудын шаардлагын дагуу сонгогчдын саналын 50 хувийг гараар давхар тоолохоор болсон. Мөн орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшинэ гэсэн ойлголт байхгүй. Мажоритар системээр сонгууль явуулна гэсэн үг. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуультай хамт явна. Мөн УИХ-ын сонгуулиар 2012 оных шиг тойрогт нэр дэвшигчдэд саналын босго тавиагүй. Хамгийн их санал авсан нэр дэвшигчид нь шууд сонгогдоно. Энэ бол сайн зохицуулалт гэж үзэж байгаа. Өмнө нь нийт сонгогчдын 28 хувийн босго даваагүй бол дахин сонгууль явуулдаг байлаа. Үүний дагуу 2012 онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулж байсан шүү дээ. 

С.Бямбацогт: Ард түмэн ялалт байгуулах боломж бүрдсэн
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: -Энэ удаад гарсан дэвшил нь сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх боломжтой болгосон явдал. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс жагсаалтаар нэр дэвшсэн талаархи нэрсийн жагсаалт бүхий хуудсыг хэвлэж сонгогчдод тарааж өгөх юм. Манай нам анхнаасаа хүн дугуйлах үзэл дээр хатуу байр суурьтай байсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад бидний санал дээрх байдлаар тусгалаа олсон. Хамгийн их маргаан дагуулсан асуудал бол хар машины тооллого байсан. МАН ард түмэндээ итгэдэг. АН хар машинд итгэдэг. Тиймээс хар машинд итгэх ард түмний эргэлзээг тайлах шаардлагыг МАН болон бусад 21 нам тавьсны үр дүнд хоёр автомат машин тутмын нэг нь гараар тоологдох боломжтой боллоо. Ингэснээр сонгууль шударга болж МАН ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулах боломж бололцоо бүрдсэн гэж бид үзэж байгаа. Тойргоос нэг ч нэр дэвшигч нь сонгогдоогүй бол намынх нь авсан саналыг хүчингүйд тооцох заалт дээр бид эсрэг байр суурь илэрхийлсэн. Жижиг намуудыг шахах бодлого бариагүй. Ер нь ийм олон улсын жишиг бий. Заавал олон түмэнд танигдсан өөрийн гэсэн орон зайтай хүн дагаж, жагсаалт явах учиртай гэсэн ерөнхий зарчим олон улсын сонгуулийн хуульд тусгагддаг юм байна. Тэр жишгийн дагуу дээрх заалт орсон. Сурталчилгааны 18 хоног бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр  зорилтот сурталчилгаа явуулах хугацаа юм. Орон нутгаар иргэдтэй уулзалт хийх бусад байдлаар өөрийгөө таниулах боломжуудыг сонгуулийн хуулиар хязгаарлаагүй.

С.Боргил: Харахад холимог, хэрэгжүүлэхэд мажоритар тогтолцоог сонголоо
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын дарга С.Боргил: -Улс төрийн нөхцөл байдал, сонгогчдын боловсролтойгоо холбогдуулан авч үзэх юм бол манай улсад сонгуулийн холимог тогтолцоо хамгийн тохиромжтой нь. Ер нь дэлхий нийтийн хандлагыг харахад намууд бодлогоороо уралддаг учраас хувь тэнцүүлсэн буюу пропорциональ системийг их сонгож байна. Энэ нь хүмүүс биш намууд бодлогоороо өрсөлдөх ёстой гэдэг агуулгыг илэрхийлж байгаа юм. Яг одоогийн байдлаар манай улс төрийн намууд жинхэнэ бодлогын институц болж чадаагүй байгаа учраас холимог тогтолцоогоор сонгууль явуулахаас өөр аргагүй. Харин намууд төлөвшөөд бодлогын институц болсны дараа пропорциональ тогтолцоо руугаа шилжүүлэх ёстой. Гэтэл сая баталсан Сонгуулийн хуулиар бол үүний эсрэг явахаар болчихлоо. Харахад холимог юм шиг хэрнээ мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар боллоо.

Тойрогт нэг нэр дэвшигч нь ялалт байгуулж байж жагсаалтад багтсан хүмүүс нь сонгогдох хувилбараар хуулиа баталлаа. Энэ бол холимог явж ирсэн системээсээ ухарсан алхам. Хоёрдугаарт, нийгмийн захиалга, хүлээлтээр гарч ирж байгаа улс төрийн шинэ хүчинд орон зай олгох боломжгүй хууль баталсан. Яагаад гэвэл, сурталчилгааны хугацааг богиносгочихлоо. Сүүлийн гурван сонгуулиар сурталчилгааны хугацааг хассаар 18-хан хоног байхаар боллоо шүү дээ. Нийгэмд танигдсан улстөрчид дахин танигдах алхам хийх шаардлагагүй. Мөн шинээр гарч ирж байгаа хүмүүсийг олон нийтэд таниулах нь эрх барьж байгаа улстөрчдөд эрсдэлтэй. Тиймээс өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгож сурталчилгааны хугацааг багасгалаа.      

Б.Цогтгэрэл: Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Цэцэд хандана
МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл: -Бид тэртээ тэргүй холимог тогтолцоог сонгочихсон шүү дээ. Энэ нь аль ч системээр сонгогдсон хүнийг хүлээн зөвшөөрөх нөхцөл үүссэн гэсэн үг. Гэтэл сая баталсан Сонгуулийн тухай хуульд багтаасан тойрогт нэг ч нэр дэвшигч нь ялалт байгуулаагүй намд квотоор суудал хуваарилахгүй гэдэг агуулга нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байгаа. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Сонгогдох гээд намын жагсаалтад багтсан хүний сонгогдох эрхийг, түүнийг сонгоод саналаа өгсөн хүний сонгох эрхийг хязгаарласан заалттай хууль баталлаа. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавиасай гэж хүсч байна. Хориг тавихгүй бол асуудлыг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх ёстой. Би өөрөө Цэцэд хандана гэсэн бодолтой байгаа. Бусад өөрчлөлтүүдийн тухайд яриад байх зүйл алга. Сонгогчдын 50 хувийн саналыг гараар давхар тоолох болсон нь нэг алхам боллоо. Ингэснээр янз бүрийн маргаан гарах нь багасах байх.

Харин сонгуулийн сурталчилгааны хугацаа бага байгаа нь шинэ намууд болон бие даагчдын өмнө тулгарах том сорилт гэж үзэж байна. Хамгийн анх 45 хоногийн хугацаатай байсан сонгуулийн сурталчилгааг багасгасаар 18 хоног болголоо. Сурталчилгааны хугацаа нь бага болсон учраас сонгуулийн кампанит ажил гэхээсээ илүү энэ хавар нэлээн улстөржсөн байдал нийгэмд үүсэх байх. Сонгуулийн тухай хууль Ийм зүйл рүү өөрийн эрхгүй хөтөллөө. Сурталчилгааны хугацаа бага учраас түүнээс наана хүмүүс өөрсдийгөө нийгэмд таниулах зорилгоор янз бүрийн зүйл олж сэдэх байх. Энэ нь сайнгүй байгаа нийгэм, эдийн засгийн байдлыг улам бужигнуулж дордуулах вий гэдэгт санаа зовж байна. 

Ц.Ганхуяг: АН, МАН өөрсдөд нь өгөөгүй саналыг хуулийн аргаар луйвардах нь
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: -Олон нийт шинэ жилээ тэмдэглэх үеэр УИХ-ын гишүүд АН, МАН-аас бусад намыг хашиж хавчсан Сонгуулийн тухай хууль баталлаа. Нэг ноцтой зүйл, заалт орсон. Хуулийн 135 дугаар зүйлд тойрогт нэр дэвшигч нь ялалт байгуулаагүй намд пропорционалиас суудал хуваарилахгүй тухай заалтууд оруулсан. Үүгээрээ АН, МАН-ынхан бусад намыг дээш нь гаргахгүй байх хаалт хийлээ. Тэд өөрсдөд нь өгөөгүй саналыг хуулийн аргаар боловсон луйвардах нь. Тойргоос сонгогдоогүй ч жагсаалтад өгсөн саналыг өөрсдөдөө наах боловсон дээрмийн хууль батлууллаа. Үүгээр бол ард түмэн төрөө сонгох эрх алдагдах нь. Хар машинаас том луйвар болно гэсэн үг.

О.Бум-Ялагч: Сонгуулиар хувьсгал хийх боломжгүй боллоо
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч: -Манайхан эдийн засгаа солонгоруулъя гэж ярьдаг хэрнээ парламентаа солонгоруулах дургүй байна. Цөөхөн хүн амьтай улс орнуудад цөөнхийн тоо нь хүн амтайгаа харьцуулахаар олон болчихоод байдаг. Энэ утгаараа парламентад олон янзын үзэл баримтлалтай намуудын төлөөллийг суулгах нь ач холбогдолтой гэж үздэг. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Олон улсын жишгийг харж тойргоос суудал аваагүй намын таван хувиас дээш авсан саналыг нь тооцохгүй” гээд ярьж байна лээ. Гэвч энэ нь цаагуураа үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж чаддаггүй, бидний хэлж заншсанаар “хөлгүй” намуудыг хязгаарлах бодлого.

УИХ-ын гишүүд өөрсдийнхөө үзэл баримтлалыг нэгдүгээрт тавьж ард иргэдийн үзэл санааг хайхрахгүйгээр Сонгуулийн тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар бол том намууд дахиад л хамтдаа засгийн эрхэнд гарна. Үүнийг нь парламентад суудалгүй намууд зүгээр хараад суухгүй шүү дээ. Сонгуулиас өмнө Засгийн газрыг унагах, УИХ-ыг тараах алхам хийх байх. Бүр болохгүй бол бүгдээрээ нэгдээд л сонгуульд орохоос өөр замгүй. Ер нь нийгэмд хувьсгал хийх шаардлагатай байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгуулийн аргаар хувьсгал хийнэ” гэж байсан. Сонгуулиар хувьсгал хийх боломжгүй болсон нь сая батлагдсан хуулиас харагдлаа. Тиймээс хувьсгалт тэмцэл өрнүүлэх л арга үлдээд байна. Энэ нь удахгүй хаврын синдромтой хавсраад нэлээд хүчтэй босох байх гэж бодож байна.