Б.Бат-Эрдэнэ: Хэнийх нь зөв гэдгийг цаг хугацаа харуулна
2011.01.04

Б.Бат-Эрдэнэ: Хэнийх нь зөв гэдгийг цаг хугацаа харуулна

Эх оронч гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та 2010 оны эх оронч гишүүдийн нэгээр сонгогджээ?


-Иргэдийн дунд санал асуулга явуулж сонин хэвлэлд өгсөн ярилцлага, мэдээлэлд анализ хийн бидний 11 гишүүнийг 2010 оны эх оронч гишүүнээр сонгосон байна. Миний хувьд Оюу толгойн гэрээг эхнээс нь эсэргүүцэж байсан. Тэр байр суурин дээрээ ч бат зогсож үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр ирсэн. Мөн гол мөрөн, ой модоо хамгаалах ажлуудыг зарим хүмүүстэй хамтран хийж эхлээд байгаа. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумыг улсдаа анх удаа ямар нэгэн ашигт малтмалын ашиглалт, хайгуулын лицензгүй сум болгож чадсан. Өмнө нь энэ суманд Хятадын компани ашигт малтмал олборлодог байсан юм. Дээрх Хятадын компани нь Дэлгэрхааны нутагт ашигт малтмал олборлосноос болж тэнд экологийн тэнцвэрт байдал алдагдаж, газрын гадарга эвдэрч эхэлсэн. Үүнийг нь нутгийн иргэдтэй хамтран тэмцэж Хятадын компанийг хөөж гаргасан. Энэ бүх байдалд анализ хийн эх орныхоо төлөө юм хийж, үг хэлсэн байна гэж дүгнэн эх оронч гишүүнээр сонгосон юм байна лээ. Гэхдээ би энэ шагналын төлөө дээрх ажлуудыг хийгээгүй. Зөвхөн тангараг өргөсөн гишүүнийхээ хувьд л зайлшгүй авч хэрэгжүүлэх ажил гэдэг үүднээс хандсан.

-11 гишүүнийг улс орон, байгаль экологийнхоо төлөө уг дуугарч юм хийдэг хэмээн эх оронч гишүүнээр тодорхойллоо. Харин үлдсэн гишүүд нь эх орныхоо төлөө юу ч хийдэггүй болж таарч байна уу?

-Ингэж ойлгож болохгүй. Бид чинь бүгд л Монголынхоо төлөө ажиллана гэсэн тангараг өргөж энд орж ирсэн. Эх оронч гишүүнээр сонгогдсон гишүүд энэ хууль тогтоомж чинь манайд хэрэггүй. Арай өөр хууль журмын дагуу ажиллавал Монголд тустай байх болно гэж үзэж байхад үлдсэн гишүүд маань нөгөө өнцгөөс нь харсан байж болно. Тухайлбал бид Оюу толгойн гэрээг эсэргүүцэн хамаг баялгаа гадаадынханд алдчихлаа гэж үглэж байхад гэрээг дэмжсэн гишүүд Оюу толгойн хөрөнгөөр Монголд өөр олон юм хийж болох гарцыг харсан байх талтай. Гэхдээ хэнийх нь зөв гэдгийг зөвхөн цаг хугацаа л харуулах болно.

-Урт нэртэй хуулийг санаачилсан гишүүдийн нэгнь та. Энэ хуулийг санаачилсан нь газар дэлхийгээ аврах нэрээр ард иргэдийг ажлын байргүй, амьдралын эх үүсвэргүй болгож байна. Одоогоор 20 мянган иргэн ажилгүй болох судалгаа гарсан гэж уул уурхайн компаниудын төлөөлөл мэдэгдээд байгаа?

-Энэ хуулийг баталж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байсан. Ингэж байгаль экологио хамгаалахгүй бол уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас үүдэн байгаль, дэлхий маань ямар ихээр сүйдэж, гол мөрөн ширгэж, ой мод үгүй болж байгааг бүгд харж байгаа. Яах вэ эрх ашгаа хамгаалах гэсэн хүмүүс янз бүрийн яриа гаргаж л байна. Энэ нь өөрөө хууль сайн болсныг харуулж байгаа юм. Харин ажлын байргүй болж буй иргэдийн асуудлыг шийдэх маш олон арга байна. Таван толгой, Оюу толгойд ажиллуулж болно. Мөн өөр салбаруудад ч ажлын байр гаргаж өгөх боломжтой. Гэхдээ алтны компани, ченжүүд шинэ хууль гарах бүрт л эсэргүүцэж өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэл хийж байдаг. Гэнэтийн ашгийн 68 хувийн албан татвар ногдуулах болоход мөн л эсэргүүцэж алтны худалдааны нууц зах зээлийг байгуулж хил дамнуулан хууль бусаар худалдаалах болсон. Түүгээрээ тэд баяжиж Монголын иргэд ирээдүйд идэх хоол дундарч байгаа юм. Ер нь уул уурхайн компаниуд хэзээ ч хууль биелүүлж дагаж мөрддөггүй юм. Ард иргэд, нийгэм эдийн засаг, байгаль экологидоо ээлтэй ямар нэгэн хууль батлах бүрт л тэд өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэж хуулийг гажуудуулдаг. Манай Монголын ард түмэн маргаашийг бус өнөөдрийг харж амьдарч байгаа нь л харамсалтай.

-Цаашид байгаль экологийнхоо төлөө ямар ажил хийж хэрэгжүүлбэл зохистой вэ?

-Ямартаа ч манай улс уул уурхайн нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй. Түүнээс биш хоцрогдсон техник, хорт бодис, хүний буруутай үйл ажиллагаагаар уул уурхай, байгаль экологитойгоо харьцсаар байвал эцэст нь эрдэс баялаг ч үгүй, эд хөрөнгө ч үгүй сүйрсэн байгаль дэлхийтэйгээ л үлдэх болно. Үүнийг сайтар санаж явах хэрэгтэй. Тэгээд хуулиа баталсан л бол дагаж мөрдөж байх шаардлагатай. Хэрэв бид хууль санаачлаад баячууд нь эсэргүүцэж буцаагаад байвал Монгол хэзээ хөгжих юм бэ. Энэ бүхнийг л шийдэж ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.