2030 он хүртэлх бодлогын "Луужин" болох баримт бичгийн төслийг өргөн барив
"Луужин" болох баримт бичгийн төслийг өргөн барив
2016.01.05

2030 он хүртэлх бодлогын "Луужин" болох баримт бичгийн төслийг өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, МАХН-МҮАН-ын “Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг. гишүүн С.Дэмбэрэл нар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард УИХ-ын даргын захирамжаар дээрх төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг гурван намын бүлгийн даргаар ахлуулан, 15 гишүүнтэй байгуулсан.

Тиймээс ч тэд дээрх төслийг “хамтын бүтээл” хэмээн тодорхойлсон. 'Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг “Энэ бол аль нэг нам сонгуулийн оноо авах гэсэн төсөл биш” хэмээн тодорхойлно лээ.

Мөн 2030 он хүртэл чиг болгохоор буй тус бодлогын баримт бичгийг “мөрөөдлийн жагсаалт” болгочихолгүй, тодорхой, оновчтой, алс хэтээ бодсон, залгамж чанартай, Монголын гэсэн онцлог, тулгамдаж буй асуудлуудтай нягт уялдаатай байхаар боловсруулснаа онцлов. АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа энэ тухайд “Өмнө нь бид гол төлөв уул уурхайд л найдсан бодлого боловсруулж ирсэн байдаг. Энэ удаа хүний хөгжилд илүүтэй анхаарсан, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээг чанаржуулсан, олон тулгуурт бодлогын төсөл боловсрууллаа” хэмээн тэмдэглэсэн юм.

Тухайлбал, 2030 он гэхэд манайх нэг хүнд ногдох орлогоороо дундаж орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн (17500 ам.доллар), эдийн засгийн олон салбартай, дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан (эдийн засгийн жилийн өсөлт 6.6 хувиас буурахгүй, бизнес эрхлэх таатай орчны индексээр тэргүүлэх 40 орны нэг болох, монгол хүний өрсөлдөх чадварыг эхний 70-д эрэмбэлүүлэх), шатахууны хэрэглээг дотоодоос бүрэн хангах, унаган байгаль, экологийн тогтвортой байдлаа хадгалсан улс болох (цөлжилтийн одоо буй хэмжээг арваас доошгүй хувиар бууруулж 68 хувьд хүргэх, ногоон хөгжлийн индексээр тэргүүлэгч 40 орны нэг болох) талаар тус төсөлд тусгажээ.

Эдийн засгийн чиглэлийн зорилтуудыг гишүүн С.Дэмбэрэл “Хүртээмжтэй эдийн засгийн өсөлт бий болгох" хэмээн тодорхойлсон. Ийнхүү хэмжиж болохуйцаар зорилтоо тодорхойлох нь илүү үр дүнд хүргэнэ гэдэгт санаачлагчид нь итгэлтэй байгаа бололтой.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төсөл нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилж буй аж. Энд ярьж буй баримт бичгийн үүргийг гүйцэтгэсээр 2015 онд хэрэгжиж дууссан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг ч НҮБ-ын Мянганы хөгжлийн бодлогын үзэл баримтлалд тулгуурлан боловсруулсан гэдэг. 

Харамсалтай нь, түүний хэрэгжилт ердөө 40 хувьтай гэж үнэлэгдсэн юм. Уг түүх давтагдахгүйг тэд хэлэв. Энэ нь нэг талаас Хөгжлийн бодлогог төлөвлөлтийн бие даасан хуультай болсонтой холбоотой гэв.

Уг хуулиар бодлого, хөтөлбөр нэртэй баахан цаас үйлдвэрлэдэг байдлыг хязгаарлаж байгаа бөгөөд улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахдаа уг хуулийг баримтлахаар заагаад буй билээ.

Өөрөөр хэлбэл, улс төрийн аливаа намын мөрийн хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай зайлшгүй нийцэж байх ёстой.

Үүнийг зөрчвөл мөрийн хөтөлбөрийг нь бүртгэхгүйг сонгуульд өрсөлдөх эрх олгохгүй. Тус баримт бичгийг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн үндсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх гэнэ.