Нэг хүнд ногдох ДНБ-ийг 2030 он гэхэд 17500 ам.долларт хүргэнэ гэв
2016.01.05

Нэг хүнд ногдох ДНБ-ийг 2030 он гэхэд 17500 ам.долларт хүргэнэ гэв

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хамтран Монгол Улсын 2016-2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын бодлогын баримт бичгийг боловсруулжээ. Үүнд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17500 ам.долларт хүргэх гэх мэт бодит зорилтууд багтжээ.

Өчигдөр УИХ-ын дарга З.Энхолдод өргөн мэдүүлсэн уг баримт бичгийн зорилго, ач холбогдлын талаар гишүүд хэлэхдээ

УИХ-ын гишүүн А.Бакей: УИХ-д суудалтай нам, эвслийн төлөөлөл болох 15 гишүүний бүрэлдэхүүнтэй, бүлгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдаад, хоёр жилийн турш ажиллаж, нэлээд судалгаа хийн боловсруулаад өргөн мэдүүллээ. Судалгаанд эрдэм шинжилгээний бүх байгууллага оролцсон. Ялангуяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан судалгааны ажилд тулгуурлан боловсрууллаа. Энэ бодлогын баримт бичгийг бүх, нам эвслийн бүлэг болон бие даагчдын төлөөлөл хамтран боловсруулсан, хамтын бүтээл. Урт хугацааны хөгжлийн бодлогыг аль нэг нам, эвсэл дангаараа боловсруулахад түүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг. 

Баримт бичгийн гол зорилго Монгол хүний амьдрах орчныг сайжруулах, баталгаат хүнсээр хангах, ажлын байртай, орлоготой, чинээлэг нийгмийн давхарга бүхий иргэдтэй улс орон болоход чиглэсэн. Өмнөх бодлогын баримт бичигтэй харьцуулахад, товч бөгөөд тодорхой, салбар бүрт хамгийн гол гэсэн асуудлуудыг тусгаж өгсөн. Жишээлбэл,

  • 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17500 ам.долларт хүргэх,
  • Эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 6,6 хувиас бууруулахгүй байх,
  • Бизнес эрхлэлтийн орчноор дэлхийд эхний 40-д багтах,
  • Нийт нутаг дэвсгэрийн 78 хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд автсан үзүүлэлтийг 68 хувь хүртэл бууруулах,
  • Шатахууны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах гэх мэт асуудлыг тусгасан.

Бид ямар нэг зорилт дэвшүүлж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа бөөн жагсаалт биччихдэг байсан. Харин энэ удаа зөвхөн зорилтын жагсаалт бус, илүү бодитой зорилт дэвшүүлэх, тэр зорилтынх нь хэмжүүр шалгуур үзүүлэлтүүд нь тодорхой байх гэсэн зарчмыг баримталж боловсрууллаа.

Бид Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг 2008 онд УИХ-аар баталж байсан. Энэ бодлогын баримт бичгийн эхний үе шат нь 2015 онд хэрэгжиж дууссан.

Харамсалтай нь, хэрэгжилт нь 40 орчим хувьтай, хангалтгүй гэсэн дүн гарсан. Яагаад хэрэгжилт нь хангалтгүй байсан гэхээр нэг талаар төрийн бодлогын залгамж чанар хангагдаагүй, ээлжит улс төрийн сонгуулийн дараа засгийн эрхэнд гарсан намууд тэр бодлогын баримт бичгийг баримтлахгүй байсан. Нөгөө талаар угаасаа тэр бодлогын баримт бичиг нь зорилтуудын жагсаалт байсан.

Эдгээр дутагдлыг арилгахын тулд УИХ 2015 оны сүүлчээр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсан. Сонгуульд оролцож байгаа аливаа улстөрийн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баримтлах ёстой. Хэрвээ баримталж боловсруулаагүй бол тухайн намын мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Энэ бодлогын баримт бичгийг 2016 онд сонгууль болох гэж байгаатай холбогдуулан боломжит богино хугацаанд батлах шаардлагатай байгаа. Сонгуульд оролцох улстөрийн намуудын хариуцлагыг дээшлүүлэх, урт хугацааны хөгжлийн чигийг тодорхойлох чухал баримт бичиг болно гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өмнөх үзэл баримтлалуудад голдуу уул уурхайд түшиглэсэн аж үйлдвэрийн асуудлыг тусгаж өгсөн байдаг. Хүний хөгжлийг орхигдуулж ирснээр өнөөдөр бид эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй байна, хүүхдүүд сургууль, цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна. Тэгвэл энэ удаагийн бодлогын баримт бичигт хүний хөгжилд суурилсан, хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжиж болохуйц хугацаатай заалтуудыг оруулсан байгаа.

Жишээлбэл, 2030 он гэхэд

  • 1000 амьд төрөлтөд оногдох нярайн эндэгдлийг “тэг” төвшинд хүргэнэ,
  • 100 мянган амаржсан эхэд ногдох эхийн эндэгдлийг 20 хүртэл бууруулна,
  • ЕБС-ийн анги дүүргэлтийг 20 хүртэл бууруулна,
  • Ядуурдын түвшинг “тэг” хүртэл бууруулна гэх мэт.

Мөн ард иргэдээ яаж эрүүл хүнсээр хангах вэ гэдгийг онцгойлон авч үзсэн. Иймд органик хүнсний тухай заалтууд нэлээд байр суурь эзэлж байгаа. Мөн хямд эрчим хүчийг хэрхэн гаргаж авах вэ гэх мэт олон чухал асуудлыг хөндсөн.