Мянгаас дээш хүн удирддаг Монголын хүчирхэг эмэгтэйчүүд
Мянгаас дээш хүн удирддаг Монголын хүчирхэг эмэгтэйчүүд
2016.01.06

Мянгаас дээш хүн удирддаг Монголын хүчирхэг эмэгтэйчүүд

Арав хүрэхгүй ажилтантай байсан ч тэднийгээ цалинжуулж, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлж эхлэхийн цагт, ажил олгогч байна гэдэг ямар их үүрэг, хариуцлагатай басхүү хүндлэл хүлээсэн хүнд жинтэй ачаа болохыг хэн бүхэн яс махандаа тултал ойлгож, олон зуун хүнийг ажлын байраар хангагч том компаниудыг хүндэтгэх хүсэлд автдаг.

Гуравхан сая хүнтэй манай улсын хувьд мянгаас дээш ажилтантай компани тийм ч олон биш. Тэр дундаас мянгаас дээш хүнийг ажлын байраар хангаж, удирдан чиглүүлэх гарамгай үйлсэд хүндлэл хүлээн яваа хүчирхэг бүсгүйчүүд өдрийн од мэт цөөн. Энэ удаад Profile тэрхүү хүчирхэг бүсгүйчүүдийг нэгтгэн танилцуулж байна. Гүйцэтгэх удирдлагын суудал бүгдэд нь хамаарахгүй ч гэлээ тэд бол Монголын олон мянган иргэнийг ажилтай, орлоготой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг, хүчирхэг монгол бүсгүйчүүд.

Л.Оюун-Эрдэнэ

Голомт банкны Гүйцэтгэх захирал

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалыг тэр 2015 оны 4-р сарын 1-ний өдөр хүлээн авсан. Банкныхаа сүүлийн 16 жилийн ололт амжилттай хамт явж ирсэн Л.Оюун-Эрдэнэ тус банкны Тэргүүн дэд захирлын албан тушаалаас дэвшиж Гүйцэтгэх захирлын суудалд суусан. Түүнийг Монгол Улсад байгууллагын банкны зах зээлийг хөгжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг том болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг эдийн засгийн талаас нь дэмжих чиглэлд жинтэй хувь нэмэр оруулсан гэж салбарынхан нь дүгнэдэг. Мянга хол давсан ажилтнуудыг удирдан чиглүүлж, Монголын хамгийн ширүүн өрсөлдөөнт салбарт эрчүүдтэй эн зэрэгцэн яваа тэрээр 1994 онд Прага хотын Техникийн Их Сургуулийг инженер мэргэжлээр төгсч, хожим 2005 онд Хандоны Олон Улсын Их Сургуулиас Бизнесийн магистр зэрэг хүртсэн.

Ж.Оюунгэрэл

Петровис ХХК-ийн Ерөнхий захирал

Газрын тосны импорт, худалдааны салбарт тэргүүлэгч Петровис ХХК-ийг ерөнхийлөн удирдагч нь Ж.Оюунгэрэл. Өнгөрөгч онд 60 нас хүрсэн Монголын хүчирхэг бизнес эрхлэгч энэ эмэгтэй 1973 онд Улаанбаатар хотын 1-р сургууль, 1973-1979 онд ОХУ-ын Москва хотын Губкины нэрэмжит Нефть хийн дээд сургуулийг нефтийн инженер- эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн, 1993 онд АНУ-д Литтлийн их сургуулийг нефтийн эдийн засаг, 1993 онд Кембриджийн их сургуульд магистрын курс, 1995 онд Голланд улсын Маастрихтын менежментийн сургуулийг тус тус төгссөн боловсрол өндөр нэгэн.  Тэрээр ажлын гараагаа 1979 онд Улаанбаатар хотын Нефть хангамжийн баазад экспедитор, нягтлан бодогч, эдийн засагчаар эхэлж байсан ба өдгөө Монгол улсын эдийн засагт нөлөө бүхий хэд хэдэн аж ахуй нэгжүүдийн ТУЗ-ийн даргын албан тушаал түүнд хамаардаг. Ник, Петровис трейдинг, Петровис трак зэрэг хэд хэдэн охин компанитай Ж.Оюунгэрэлийн удирдлагад Монголын 21 аймаг дахь 400 гаруй шатахуун түгээх станц багтдаг гэхээр тэр хэдэн мянган хүний амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг хүчирхэг эмэгтэй гэдэг нь тодорхой.

Ц.Одонтунгалаг

Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал

Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит 3 компанийг жил гаруйн өмнө нэгтгэж Зорчигч тээврийн нэгтгэл болгон өөрчилсөн. Мянгаас дээш ажилтантай төрийн өмчит компани хуруу дарам цөөн байдгийн нэг нь Зорчигч тээврийн нэгтэл ба эрчүүд голдуу ажилладаг энэ салбарыг 2014 оноос Ц.Одонтунгалаг амжилттай удирдаж яваа. Автобус-1 компанийн захирлаас Зорчигч тээврийн нэгтгэлийн захирлын албан тушаалд дэвшсэн тэрээр хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй ба ажлын гараагаа 1995 онд УИХ-ын гишүүний туслахаас эхэлжээ. Монголын Нотариатчдын Танхимд 2000 оноос эхлэн сонгуульт ажлуудыг тасралтгүй хашиж буй тэрээр 2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Нийтийн тээвэр хэмээх хүнд ачааны хүндийн төв нь түүний нуруун дээр яваа ч хүнд, хэцүү байна хэмээн зовлон барагтаа тоочдоггүй тэр хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогдоно.

Ц.Гарамжав

Монполимет группийн үүсгэн байгуулагч

Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын нэг Монполимет группийг үүсгэн байгуулагч өдгөө тус группийн ТУЗ-ийн дарга Ц.Гарамжавыг Forbes Mongolia сэтгүүл НУГАРШГҮЙ ХАТАН ЗҮРХТЭН хэмээн тодорхойлсон байдаг. Улсын барилгын институтэд шороо шигшигч, техникчээс лабораторийн эрхлэгч хүртэл нь ажилласан тэрээр 1983 онд Москвагийн Их Сургуулийг Хөрс судлаач хэмээх ховор бөгөөд сонин мэргэжлээр суралцан төгссөн байдаг. Хожим 1994 онд Италийн Ромд Ашигт малтмалын олон улсын гэрээ эрхийн чиглэлээр мэргэшсэн түүний ажил амьдралын түүх, хэр баргийн хүн туулж барахааргүй даваа, нугачаа ихтэй байсныг Монголын бизнесийн салбарынхан хүүрнэн ярилцдаг. 2015 оны Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэйн нэгээр шалгарсан Ц.Гарамжавын 1992 онд үүсгэн байгуулсан Монполимет групп нь Сэнж сант, Тосон уурхай, Нар-Урт, Ann зэрэг охин компаниудыг эгнээндээ нэгтгэж хүнд үйлдвэр, уул уурхай, барилгын салбарт олон зуун хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явна.   

Д.Хулан

Таван богд группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч

Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл,  зочид буудал, аялал жуулчлал, нийтийн хоол, банк санхүү гээд хамгийн олон салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй Таван Богд группийн амжилтын ард Д.Хулан бий. Сайн эхнэр байхын зэрэгцээ эр нөхөртөө сайн бизнесийн түнш нь байх жишээ ховор ч группийнхээ ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг гэр бүлийн хоёр зэрэгцүүлэн хашиж буй амжилттай тохиолдол тэднийх. 1995 онд Японы “FUJIFILM“ корпорацийн албан ёсны дистрибьютор болж, гэрэл зургийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Таван Богд Групп үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 20 орчим охин компанитай хүчирхэг групп болтлоо өргөжин тэлжээ.  Говь, Хаан банк, Улаанбаатар гурил, Жуулчин, Кемпински гээд бидний танил 20 орчим компани Монголын нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлж, хэдэн зуун өрхийг ажилтай орлоготой байлгаж байгааг бодохоор энэ хүчирхэг эмэгтэйд баярлалаа гэж дахин дахин хэлмээр.