Хүүхдэд ээлтэй, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн хууль болон гарна гэж найдаж байгаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.01.07

Хүүхдэд ээлтэй, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн хууль болон гарна гэж найдаж байгаа

Монголчууд бид хүүхдийн эрхийн талаар ярихдаа хурдан морины уралдаан болох үед унаач хүүхдүүдийн тухай ярьж, шуугиант хэрэг гарсан үед л тухайн хүүхдийг өрөвдөж, шагшраад өнгөрдөг. Энэ хооронд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа олон тохиолдлыг мэдэхгүй өнгөрөөж байгаа нь үнэн. Учир нь хүүхэд өөрөө гомдол мэдүүлэх чадваргүй болохоор хүүхдийн эрхийн зөрчил асар их гарч байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Уг нь Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тав дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулж, 1996 оны тавдугаар сарын 08-нд батлан гаргаж, мөн оныхоо зургадугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Гэсэн хэдий ч хүүхдийн эрхийг хамгаалах хууль тэр бүр хэрэгжиж  чадахгүй байгаа тул батлагдаж гараад 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй энэ хуулийг шинэчлэх цаг нь болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг санаачилсан ч өнөөдрийг хүртэл батлагдаагүй л байна. Тэгвэл дээрх хоёр хуулийн төслийн талаар болон хүүхдийн эрхийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа. 

-Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан. Төсөл боловсруулах ажил ямар шатандаа яваа вэ? 

-Хүүхдийн эрхийн тухай хууль анх батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн амьдралд олон шинэ харилцаа бий болж, түүнийгээ дагаад олон ч хууль шинээр батлагдсан. Хүний эрхийн чиглэлээр олон улсын хэмжээнд батлагдан гарсан гэрээ конвенциуд, нэгдэн орсон баримт бичгүүдийг судлахад ч хүүхдийн эрхийг хамгаалж байгаа энэ хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага бий болсон юм. Иймд бид 2012 оноос хойш хүүхэд гэр бүлийн эрхзүйн орчныг шинэтгэе, хүүхдийн өмнө хүлээх төрийн болоод эцэг, эх, гэр бүлийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлье, хуулийг улам боловсронгуй болгоё гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ хэлэлцэх нь зүйтэй хэмээн  шийдвэрлэснээр ажлын дэд хэсгүүдийг байгуулсан. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа. Эрх нь зөрчигдөх үед түүний эрхийг хэрхэн сэргээх вэ, учруулсан хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэх мэт асуудлыг Эрүүгийн болон бусад хуулиар зохицуулж байгаа ч хүний эрүүл мэнд, бие махбодид учирсан хохирлыг арилгах, ялангуяа тухайн хүүхдийн сэтгэлзүйг хэвийн байдалд оруулахад процессын хууль зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн. Тийм учраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Хүүхдийн эрхийн талаар тунхагласан суурь хуулийн зэрэгцээ процессын хуультай болсноор цаашид Монгол Улсад хүүхдийн эрхийг дээдлэх талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж үзэж байна.

Хуульчлаад өгчихсөн заалтуудыг дагаж мөрдөхдөө олон нийтийн ойлголт, хандлага нэг мөр болно шүү дээ. Тухайлбал, хүүхдийн эрхтэй холбоотой янз бүрийн нэр томъёог олон улсад ашиглаж байна. Тэдгээрийн талаар нэгдсэн ойлголтод хүрнэ. Нөгөө талаар хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа шалтгаануудыг бид тодорхой хэмжээгээр харж байгаа учраас урьдчилан сэргийлэх бодлого гаргаж байгаа юм. Ингэснээр асуудал гарсан хойно араас нь хөөх биш харин болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага, хэвшил тогтоох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.  

-“Ногоон карт” аяны хүрээнд ирүүлсэн иргэдийн саналыг төсөлд хэр тусгав? 

-Хоёр хуулийн төсөл дээр иргэд, олон нийтийн саналыг нэлээд өргөн хүрээнд авах шаардлагатай гэж Гэр бүл, хүүхдийн  асуудлыг дэмжих лобби бүлэг үзсэн. Ингээд улс даяар “Ногоон карт” аяныг өрнүүлсний та бүхэн мэдэж байгаа. Үүнийг иргэд олон нийт, ялангуяа эцэг эхчүүд маш их талархан хүлээж авсан. Энэ парламентын түүхэнд иргэдийнхээ саналыг хамгийн ихээр тусгасан хууль болох болов уу гэж харж байна. Нэг нь материаллаг, нөгөө нь процессын хууль учраас Ажлын хэсэг энэ хоёр хуулийг нэгтгэн ажиллаж байгаа. Дэд ажлын хэсэг ерөнхийдөө үүргээ гүйцэтгэлээ. Удахгүй байнгын хороодод хуулийн төслөө танилцуулна. Эдгээр хууль батлагдсанаар Хүүхдийн эрхийн конвенцийг Монгол Улс хууль тогтоомжоороо нарийвчлан баталгаажуулж өгч байгаа юм. 

-Хүүхдийн эрхийн тухай хуульд орж буй гол өөрчлөлтөөс сонирхуулаач?


-Хүүхдийн эрхийн тухай буюу суурь хуульд ерөнхийдөө хүүхдийн эрхийг хэрэгжүүлэгч талуудын үндсэн үүрэг, тэдний хоорондын харилцан хамаарлыг тодорхой болгож өгсөн. Тухайлбал, улсын статустай хүүхдийн байцаагч нарыг бий болгохоор судалж байна. Нийгмийн ажилтнууд болон хүүхдүүдээс ирсэн санал санаачилгууд дунд энэ асуудал нэлээд түлхүү тусгагдсан байсан. Үнэндээ мэргэжлийн хяналтын байгууллагууд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний чанарт хяналт тавьж, дүгнэлт гаргадаг хэрнээ энэ нийгмийн хамгийн үнэ цэнэтэй зүйл болох хүн, тэр тусмаа хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянадаг,  дүгнэдэг улсын байцаагч гэж манайд байхгүй. Хүний хөгжлийг тэргүүн шугаманд авч үзэх улсын хувьд энэ бол байж боломгүй зүйл.Тиймээс хүүхдийн эрхийн зөрчлийг газар дээр нь шууд шийдвэрлэчихдэг, мэргэжлийн үүднээс шуурхай арга хэмжээ авчихдаг, эсвэл хуулийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг бусад байгууллагуудтай холбож өгөх эрх бүхий улсын байцаагч нар хэрэгтэй байгаа.

Мэдээж, улсын байцаагчийн эрхтэй учраас төрийн албан тушаалтан байх ёстой. Тухайлбал, сургуулийн нийгмийн ажилтан энэ үүргийг давхар гүйцэтгэж болох юм. Гэхдээ бүх нийгмийн ажилтанд ийм эрх олгохгүй, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйтэй, хүүхдийн асуудлаар мэргэшсэн хүмүүсийг сонгож шалгаруулах юм.  Тэгэхээр, тухайн ажилтан нэг талаар нийгмийн ажилтны үүргээ гүйцэтгэж, нөгөө талаар хууль хэрэгжүүлнэ гэсэн үг. 

-Хүүхдүүд хүчирхийллийн золиос болж, сэтгэл сэрт­хийлгэсэн олон аймшигт хэрэг ар араасаа гарлаа. Хүчир­хийлэл үйлдэгчдэд хариуц­лага тооцох асуудлыг энэ хуулиар зохицуулж байгаа юу?

-Хүүхэд хүчирхийллийн золиос болж байгаад нийгэм даяар нэлээд шүүмжлэлтэй хандах болсон нь сайн хэрэг.  Энэ талаар олон нийтийн хандлага эерэг талруугаа эргэж байна гэсэн үг. Ямартай ч, хүүхдийн эсрэг хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэх болсон. Үүнийг саяхан батлагдсан Эрүүгийн хуулиар зохицуулж өгсөн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг гэр бүл, сургууль, асрамжийн газар, ажлын байр, малын бэлчээр гээд нийгмийн бүх орчинд хориглож байгаа.  Гэхдээ Хүүхэд хамгааллын тухай хууль дангаараа эдгээр асуудлыг зохицуулахгүй. Монгол Улсад хэрэгжиж буй Гэмт хэргийн тухай, Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай гэх мэт хуулиуд, тэдгээрийг дагалдан гарч буй хуулиудын хүрээнд цогцоороо шийдэгдэнэ.

Жишээлбэл, Эрүүгийн хуулиар юуг хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх вэ, ямар хор уршигтай үйлдлийг хүүхдийн эсрэг зөрчил гэж үзэх вэ гэх мэт. Түүнчлэн гэр бүлийн хүрээнд гарч буй хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудлыг Хүүхэд хамгааллын хуулиас гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар зохицуулах жишээтэй. Нөгөөтэйгүүр, нийтийн эзэмшлийн талбай, автобус гээд хаа ч байсан хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдөж байгааг харсан, мэдсэн бол түүнийг таслан зогсоох үүргийг иргэн бүр хүлээж байгаа. Хэрэгтэй гэвэл мэргэжлийн байгууллагуудад хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авах ёстой. Монгол Улсын иргэн бүр ийм хариуцлага хүлээснээр хүүхдийн эсрэг үйлдэл бүр зогсох, илрэх нөхцөл бүрдэнэ. 

-Гэр бүлийн хүчир­хийл­лийн талаар муу мэдээ олонтаа сонсогдох болсон нь энэ төрлийн хэрэг үнэхээр өсөөд байгааг илтгээд байна уу, аль эсвэл олон нийтийн сүлжээ гэхчилэн мэдээлэл илүү нээлттэй болсонтой холбоотой юм болов уу, та юу гэж бодож байна? 

-Ерөнхийдөө далд хэлбэрт түгээмэл байсан хэргүүд илрүүлэлт сайжирсны нөлөөгөөр өссөн мэт харагдаж байгаа гэж мэргэжлийн байгууллагууд үздэг юм билээ. Хууль батлагдсанаар илрүүлэлт улам сайжрах ёстой.Учир нь хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэргийн талаар  заавал мэдээлэх үүргийг олон талд хүлээлгэж байгаа. Мэдээлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Үүнд сургууль, цэцэрлэгийн багш нараас гадна  хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс багтана. Тэд хүүхдийн эрэг хүчирхийллийн байдлыг тандах, заавал мэдээлэх үүрэг хуулиар хүлээж байгаа. 

-Хүүхэд хамгааллын асууд­лыг зөвхөн төр эсвэл ТББ-ууд дангаараа шийдвэрлэж чадахгүй.  Гэр бүлийн орчин, эцэг эхчүүд хамгийн чухал үүрэгтэй биз дээ? 

-Тэгэлгүй яах вэ, гэр бүлийн орчин, нэн ялангуяа эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага хамгийн өндөрт тавигдана. Монголчууд бид хүүхэд хүмүүжүүлэх баялаг уламжлалтай ард түмэн. Ухааруулдаг, сэнхрүүлдэг, өөрөө дагуулж үлгэрлэдэг. Түүнээс өөрөө зодчихоод, хараачихаад, өөрийнх нь хэлсэн үг, хийсэн үйлдлийг дагасан хүүхдийг буруутгаж алгаддаг нь ухвар мөчид, ухамсар дорой хүмүүсийн л ажил. Мэдээж, монголчуудын хэлдгээр хааяа нэг “алган боов” амсуулах нь байж болох л байх. Харин тухайн үйлдэл байнга давтагдаад ирвэл гэмт хэргийн шинжтэй гэж үзэх юм. Хүүхдийг хэдэн настайд нь хаан мэт өргөмжлөх вэ, хэдэн настайд нь найз мэт нөхөрлөх вэ гэхчлэн сэтгэл рүү нь өнгийж, дотор нь орсон юм шиг сонсч ойлгодог байх нь чухал.

Хэрэв эцэг эх зан харьцаа, ёс суртахууны доголдолтой бол Гэр бүлийн тухай хуулийн дагуу хүүхэд хүмүүжүүлэх талаар эцэг эхийн хариуцлага, мэдлэгийг дээшлүүлэх сургалтад хамрагдах ёстой. Мэдээж, эдгээр үйлчилгээнүүдийг төрийн байгууллага дангаар гэхээс илүүтэй бусад хуулийн этгээдтэй хамтран хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Тухайлбал, иргэний нийгмийн байгууллагууд олон нийтийг уриалах, олон улсын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авах гэх мэт хамтын ажиллагаа байж болох юм. Зөвхөн төрийг харах юм бол хуулийг хэрэгжүүлэхэд урт хугацаа шаардагдаж мэднэ.  

-Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн орчин чухал ч гэлээ орчин үед эцэг, эхчүүдийн хүүхүүддээ зарцуулж буй цаг нь хангалтгүй байгаа. Амралтын өдрүүдэд хүртэл олон нийтийн арга хэмжээнд оролцоод явдаг. Та нэг удаа чуулган дээр эцэг, эхчүүдийн гэр бүлдээ зарцуулах цагаас албан байгууллагуудхумсалдгийг болиулна гэж мэдэгдэж байсан, тэр асуудлыг энэ хуульд тусгаж өгсөн үү? 

-Тийм ээ, Гэр бүлийн тухай хуульд орж байгаа хамгийн чухал шинэчлэл нь  эцэг, эхчүүд хүүхдэдээ зориулах цагийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн бүтээмж болон аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үүднээс  байгууллагаараа ажилтны ар гэрт анхаарал тавих үүрэг хүлээж байгаа. Түүнчлэн эцэг эхийн хуралд суухад цалинтай чөлөө олгох, албадан сургалтад хамрагдахад нь цалингүй ч гэсэн ажлаас нь чөлөөлдөг байхаар хуульчилж байна. Эдгээр хууль хүүхдэд ээлтэй, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн хууль болон гарна гэж найдаж байгаа. 

-Халуун дулаан гэр бүлийн орчинд өсч байгаа хүүхдүүдээс гадна өнчин, эцэг, эхийнхээ дарамтад байдаг хүүхдүүдийг бусдын асаргаанд өгөх нь зүйтэй юу, аль эсвэл эцэг, эхийнх нь дадал зуршил болон сэтгэлгээ, хандлагыг өөрч­лөхөд анхаарах нь зөв үү?

-Хүний амьдралд давагдашгүй хүчин зүйлүүд их байдаг. Үхэл гэдэг зүйлийг бид яаж ч чаддаггүй. Тийм болохоор хагацал, өнчрөл хүний амьдралд ирдэг жам ёсны хэцүү асуудал. Үлдсэн өнчин хүүхдийг бид ямар нэг аргаар хүн болгодог. Түүнчлэн амьдын хагацалтай тулгарсан болон бутач хүүхдүүдийн асуудлыг ч мөн хөндсөн. Өмнө нь бид өнчин хүүхдүүдийг асрамжийн газар руу явуулаад тухайн асуудлыг шийдчихэж байгаа мэтээр хардаг байсан.  Гэвч асрамжинд байсан хүүхдүүд өнөөдөр амьдрах чадвар байна уу, эцэг эхийг нь орлож байгаа хүмүүс  хайрлаж чадаж байна уу, боловсролтой болж чадаж байна уу гээд яривал олон асуудал бий. Бусдын асрамжинд байгаа хүүхдүүд эцэг, эхийнхээ дэргэд өссөн хүүхдүүдээс тэс  өөр байна. Бид асуудлыг бодитоор харах хэрэгтэй. Тиймээс энэ хуулиар өнчин хүүхдүүдийг садан төрлийнх нь асрамжид өгье гэж байгаа. Асрамжиндаа авч байгаа хүмүүст төрөөс амьжиргааны тэтгэмжээр урамшуулах заалт оруулсан. 

-Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Түүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Гэр бүл салахад нийгмийн олон шалтгаан нөлөөлдөг. Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн бат бэх байдлыг дэмжсэн бодлого дутмаг байснаас гэр бүл салалт их, үр дагаврыг нь хүүхдүүд амсч байна.  Хуульд гэр бүлийг салгахгүй байх ямар нөхцөл, боломж байна тэр бүхнээр нь хангаж өгөхөөр тусгаж байгаа. Гэр бүл салалтын улмаас үлдэж байгаа хүүхдэд төр ч мөн хариуцлага хүлээх заалт оруулсан. Гэр бүл салалтын дараа 90 орчим хувь нь хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй гэсэн судалгаа байна. Тиймээс хүүхдэд төлөх хохирлыг төрөөс урьдчилан төлөөд  буруутай этгээдээр албадан хөдөлмөр хийлгэх нь зөв гэж үзэж байгаа. Мөн гэр бүл салалтын үеэр хүүхэд асран хамгааллын асуудал үүсдэг. Хүүхэд асран хамгаалах чадвар нь аль талдаа байна гэдгийг мэргэжлийн хүмүүс дүн шинжилгээ хийж гаргаж ирээд,  шүүхэд дүгнэлт өгдөг. Нөгөөтэйгүүр, ээж нь хүүхдээ авсан тохиолдолд аавтай нь уулзуулахгүй байх нь элбэг. Хүүхэд болон аав бие биенээ санадаг, уулзмаар байдаг ч ээж нь уулзуулахгүйн улмаас хүүхэд санаж, бэтгэрэх гэх мэт асуудал үүсдэг байна. Тиймээс энэ боломжийг хуулиар нээж өгөх ёстой юм байна гэж үзсэн. 

-Хүүхдийн өөрийнх нь саналыг сонсоно биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Иргэний хуулиар хүүхэд долоогоос дээш настай бол хүүхдийн саналыг сонсдог. Долоогоос доош настай хүүхдийг шууд ээжид нь өгдөг. 4-5 насны хүүхэд эцэг, эхийнх нь хэн өөртэй нь илүү дотно болон аюулгүй харьцдаг болохыг илэрхийлж мэддэггүй тул сэтгэл зүйч болон бусад мэргэжлийн хүмүүс  тогтоодог.

-Ер нь хүүхэдтэй холбоо­той аливаа асуудлыг шийдвэрлэхдээ тэдний үгийг сонсч, оролцоог хангах нь зүйтэй байдаг шүү дээ...

-Тийм ээ, одоо нийгэм даяараа, гэр бүлдээ төдийгүй сургууль дээрээ, сумандаа, шаардлагатай гэвэл Засаг дарга, Иргэдийн хурал, Парламентын түвшинд  хүүхдийн үзэл бодол, дуу хоолойг сонсдог, ялангуяа хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ тэдний саналыг харгалзан үздэг, тийм л орчныг бид хүсч байна, бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Хүүхдийн эрхийн конвенци нь үндсэн дөрвөн бүлэгт хуваагддаг. Үүний нэг нь оролцооны тухай байдаг. Ардчилал хөгжинө, ардчилсан засаглал бий болно гэдэг иргэдийн дуу хоолой, үзэл бодол, байр суурийг зөвшөөрөхийг хэлдэг. Үүнтэй яг адил хүүхдийн оролцооны эрхийг энэ хоёр хууль болон бусад холбогдох хуулиуудаар хангаж өгөхийг зорьж байна. 

-Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд цөөнгүй байдаг. Хөдөлмөрийн насыг хуульд зааж өгсөн ч энэ нь амьдралд хэрэгждэггүй л дээ?

-Хуульд 14 дээш насны хүүхэд эцэг, эх нь зөвшөөрсөн тохиолдолд хөнгөн хөдөлмөр хийж болно гэж заасан ч амьдралын нөхцөл байдлаас үүдэн 11, 12 настай хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байгаа. Ажил, хөдөлмөртэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нэг асуудал нь хүйтний улиралд хүүхдээр хурдны морь унуулж байгаа. Саяхан нэг судалгаагаар хүүхдүүдийн ихэнх нь өвлийн улиралд морь унаж уралдах хүсэлгүй болохоо илэрхийлсэн дүн гарсан байна билээ. Хүүхдийг оролцуулж ашиг хонжоо, нэр төрийн төлөө явж уралдаан наадамд оролцох  нь Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон байдаг. Энд нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүүхэд хичээлийн бус цагаар, чөлөө заваараа эцэг эх, гэр бүлийнхнийхээ бизнест туслах нь нээлттэй юм шүү. 

-Насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөр хийж байгааг иргэд харж мэдсэн ч төдийлөн ойшоодоггүй. Тиймээс иргэ­дийн хандлагыг өөрчлөх талаар хуульд тусгасан уу?

-Шинээр гарч байгаа хуу­лиудыг сурталчлах шаард­лага­тай. Сурталчилгаа сайн байж иргэдийн мэдлэг мөн оролцоо нэмэгдэнэ. Хүнд хүчир, тэвчишгүй хөдөлмөр хийж, гуйлга гуйж байгаа хүүхүүдийг төр шууд хамгаалалтдаа авахаар тусгаж байгаа. Насанд хүрээгүй хүүхдээр архи, тамхи, хоолныхоо мөнгийг гуйлгуулж олуулахыг гэмт хэрэг гэж үзнэ. Хууль хэрэгжээд эхлэхээр олон хүүхэд эцэг, эхээсээ тусгаарлагдахыг үгүйсгэхгүй. Хамгийн чухал нь хүүхүүдийнхээ төлөө нэг сэтгэлээр нэгдмэл байх нь чухал. 

-Дээрх хоёр хуулийн төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд ямар хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа вэ?

-Хүүхэд хамгааллын хуульд орон тооны зардал гэхээс илүү үйл ажиллагааны зардал нэлээд гарна. Хэн нэг иргэний хүүхдийн эрх нь зөрчигдөхөд нийгмийн ажилтан очиж  нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Тус үнэлгээг үндэслээд үргэлжилсэн үнэлгээ явагддаг. Энэ нь хамгийн багадаа гурван сар цаашлаад нэг жил хүртэл үргэлжлэх боломжтой. Энэ үйлчилгээнд тодорхой зардал гардаг л даа. 

-Эдгээр хуулийг олон ул­сын гэрээ, конвенцид ний­цүүлж байгаа гэдгийг та өмнө дурдсан. Тэгвэл энэ чиг­лэлээр үйл ажиллагаа явуул­даг олон улсын байгуул­лагуудтай хамтран ажиллах, хуулийн төсөлд саналыг нь авах талаар юу хийж байна вэ? 

-Хүүхдийн эрхийг хамгаа­лах тухай хуулийн төс­лүү­дийг зарим мэргэжлийн бай­гууллагууд дэмжиж ажиллаж байгаа. НҮБ-ын хүүхдийн сан, Японы хүүхдийг ивээх сан  гэх мэт олон улсын байгууллагууд хуулийн төслийг англи, монгол хэл дээр уншиж танилцаж байгаа. Мөн “Хоган Ловелл” хэмээх хуулийн фирм бидэнд зөвлөгөө өгч, дэмжиж ажиллаж байгаа.