Боловсрол үнэтэй
2016.01.07

Боловсрол үнэтэй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар   Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцуулсан юм.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.
 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Компанийн хуулийг  боловсролын хуультай холих шаардлага байна уу. Цэцэрлэгийн боловсролыг гутаасан хууль бий. Сургуулиудыг хүчээр өөрчилнө гэдгээ болих хэрэгтэй. Аливаа өөрчлөлт хүчээр биш, дотроосоо хүсч өөрчлөгдвөл илүү үр дүнд хүрдэг”.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цэргийн албанд татагдан ирж буй хүүхдүүд бие бялдрын үзүүлэлтээрээ  тэнцэхгүй байх тохиолдол нэмэгдэж байна. Энэ талаар ямар шийдэл хийх  вэ. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна? Улаанбаатар болон орон нутагт буй зогссон барилгыг Боловсролын салбарт шилжүүлэх боломж бий юу. Ямар нэгэн судалгаа хийсэн үү?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Боловсролын баримт бичгийг өөрчлөхдөө хүүхдийн үнэлгээнд өөрчлөлт оруулахыг бодож байна.  Бусад оронд нийт хүүхдийг үнэлэхдээ 60 хувь нь академик боловсролоор, 40 хувь нь хүмүүжлийн, спортын урлагийн гэх мэт зүйлээр үнэлдэг. Ганцхан онц сурдаг байлаа гээд урлаг спорт, олон нийтийн оролцоогүй бол ОУ-ын сургуульд тэнцэхгүй. Хүүхэд харах үйлчилгээ бол боловсролын салбарт ухралт болсон. Цаашид үүнийг хэрхэн зохицуулах вэ?

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Баянхонгор аймгийн хувьд СӨБ-д нийт хүүхдийн 85 хувь нь хамрагдсан. Энэ бол маш сайн үзүүлэлт. Боловсрол үнэтэй. Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол хүн хэддүгээрт явж байна вэ? Урагшаа ахиж байна уу. Монголын өндөр боловсролтой хүмүүс гадагшаа явахаараа хар ажил хийж, гадны хүмүүс ирээд биднийг удирдах хандлагатай байдаг. Энэ байдал өөрчлөгдөх үү?

Гишүүдийн асуултад Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулсан юм.