Бидний мэдэх,бас мэдэхгүй Хойд Солонгос
2016.01.07

Бидний мэдэх,бас мэдэхгүй Хойд Солонгос

Хойд Солонгос (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс - БНАСАУ) нь дэлхийн хамгийн хаагдмал, ер бусын улс. Барууныхан “зожиг улс” гэж нэрлэдэг бөгөөд “царцсан дэглэм” бүхий энэ улсаас хол байсан нь дээр гэж үздэг. БНАСАУ-тай холбоотой домгийн шинжтэй мэдээлэл түгэж, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын иргэдийн амьдрал, эрх баригчдынх нь ёс суртахууны талаар олон янзын “бор шувуу” нисгэдэг. Үнэхээр Хойд Солонгос нь бидний төсөөлдөг шиг улс мөн үү? Энэ талаар ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын Институтын Солонгосыг судлах төвийн эрдэмтэн Константин Асмоловын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

ЯДУУРАЛ, ӨЛСГӨЛӨН

Хүн амын амжиргааны түвшингээр Хойд Солонгос сайнгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ яадгаа алдсан ядуурал, байнгын өлсгөлөнгийн аль нь ч энэ оронд байхгүй. Хойд солонгосчууд өмнөд солонгосчуудаас намхан, яагаад гэвэл Умардынхан хүүхэд насандаа хангалттай уураг авч чадаагүй гэсэн худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл байдаг.

... “Хойд Солонгосын иргэд өл залгахын тулд өвс түүж иддэг” гэсэн цуурхал бий ...

Учир мэдэх хүнд энэ нь “орчин үеийн Оросод хүнс дутагддаг учраас хотын оршин суугчид хүртэл тосгон руу мөөг түүхээр явдаг” гэсэнтэй адил сонсогдоно. Зарим өвсийг хүнсэнд хэрэглэх нь Солонгосын нэгэн уламжлал бөгөөд өлсгөлөнтэй ямар ч холбоогүй.

Хойд Солонгост 1995-1997 онд болсон өлсгөлөн тус улсыг хараар будах нэгэн том шалтгаан болсон. Зарим нэг их мэдэгчийн бичсэнээр 3-4 сая хүн өлсөж үхжээ. Тэр үед барууны хэвлэлүүдэд өлсгөлөнгөөр үхсэн хүмүүсийн цогцос гудамжаар хөглөрч байсан гэж бичиж байв. Умардад Өмнөдийн нэгэн адил нас барагсдыг  оршуулгын газар гэхээсээ илүү байрлал зүйн хувьд сайн газруудад оршуулдаг. Тиймээс өлсгөлөнгийн үед халдварт өвчин тархахаас сэргийлж цогцосуудыг нэгэн дор булах шийдвэр гарч байжээ. Ингэхдээ ачааны машинтай тосгодоор явж замын дагуух шарилуудыг цуглуулжээ. Үүнийг харсан сэтгүүлчид "давс нэмж"  цааш нь түгээсэн байна.

1997 оны өлсгөлөн

Хойд Солонгост социалист эдийн засгийн хажуугаар капиталист маягийн сүүдрийн эдийн засаг байдаг эсэх нь барууныханд таамаг хэвээр байна.

... Хэрэв төөрөгдүүлэх шинж бүхий мэдээлэлд биш, мэргэжилтнүүдийн үгийг анхаарвал БНАСАУ-д эдийн засгийн эрх чөлөө 1980-аад оны сүүл үеийн Горбачевын ЗХУ-аас дутахааргүй ...
Шинэ тутам баригдаж буй хорооллууд Өмнөд Солонгосын Пусан хотынхоос бараг ялгарахгүй.

Албан ёсны бүртгэлгүй хөрөнгийн эргэлт Хойд Солонгосын нийгмийн давхар болгонд байдаг бөгөөд төрийн өмчит үйлдвэрүүдийн олонхи нь мөн чанартаа хувийнх байдаг. Үйлдвэрийн эзэн эрх баригчдын зааврыг биелүүлж ашиг олсныхоо төлөө ашгаасаа тэдэнтэй хуваалцдаг.Одоогийн байдлаар Пхеньянд капитализмын “анхны хуримтлал” газар сайгүй үүсч байна. Нийслэлийн иргэд өмнөхөөсөө сайхан хувцаслаж, үнэтэй ресторан, дэлгүүрүүд нээж, гадаадад үйлдвэрлэсэн бараа зарах болжээ.

Орчин үеийн Пхеньян

ХОЙД СОЛОНГОСЧУУД ӨМНӨДӨӨС ИЛҮҮ БИЧИГ ҮСЭГТ ТАЙЛАГДСАН

Хойд Солонгосын талаарх өөр нэгэн буруу ойлголт хиймэл дагуулаас авсан нэгэн зурагтай холбоотой. Энэ зурган дээр Хойд Солонгос нь тэр чигээрээ гэрэлтэх Өмнөдийн хажууд тас хар толбо маягаар дүрслэгджээ. Гэтэл үнэндээ “Чөлөөт Ази” нэртэй радиогийн сэтгүүлчид НАСА-гийн зургийг аваад Хойд Солонгосын хотууд нь шөнө гэрэлтдэггүй гэж харуулахын тулд тэр хэсгийг нь харлуулж будсан байна. Ингэж будахдаа ойролцоо орших Оросын Владивосток болон Хятадын хил орчмын хэд хэдэн хотыг давхар будчихсан байна.

"Эрх чөлөөт Ази" радиогийн сэтгүүлчдийн "боловсруулсан" хиймэл дагуулын зураг

Пхеньяны метроны тухай үнэмшмээргүй зүйл ярьсан сэтгүүлчид бий. Тэдний бичиж буйгаар энэ хотын метро нь гуравхан буудалтай бөгөөд зөвхөн гадаадынхан үйлчлүүлдэг, хойд солонгосчуудыг оруулдаггүй гэжээ. Үнэндээ Хойд Солонгосын метро Өмнөдийнхөөс нэг насаар ах. Нэмээд хэлэхэд Умардынхан Өмнөдөөс пуужингийн технологи, хүн амын бичиг үсэгт тайлагдсан байдлаар түрүүлж яваа.

... БНСУ-д хүн амын 97,9 хувь нь уншиж, бичиж чаддаг бол БНАСАУ-д энэ үзүүлэлт 99 хувьтай...

Пхеньяны метро

Мөн Хойд Солонгосын эрх баригчид соёлын өв уламжлалаа бүрэн устгасан, архитектурын дурсгал бараг байхгүй, Пхеньян хотыг Ким Ир Сен, Ким Чен Ирт зориулж дахин байгуулсан гэж барууныхан буруутгадаг. Үнэндээ соёлын объектуудыг 1950-1953 оны Солонгосын дайны үед Америкийн онгоцнууд юу ч үгүй бөмбөгдсөн гэдгийг америкчууд өөрсдөө хүртэл хүлээн зөвшөөрдөг.

Пхеньяны замын хөдөлгөөн зохицуулагч

“КИМ ЧЕН УН АХЫГАА ӨЛСГӨЛӨН НОХДЫН ХООЛ БОЛГОВ”

Дорнын уламжлалд эрх чөлөө, хувь хүн болон хамт олны ашиг сонирхлын харьцааны тухай ойлголт Европт төдийгүй хуучин Зөвлөлтөд тогтсон төсөөллөөс эрс ялгаатай. Түүнээс гадна Хойд Солонгос элдвийн хоригийн дор “бүслэгдсэн цайз” шиг байдаг учир нийгэмд олон зүйлийг хязгаарлах шаардлага гардаг. Тэгсэн ч Хойд Солонгосын эрх баригчид иргэдийнхээ хувийн амьдралд хэтэрхий оролцдог гэж хэтрүүлэх хэрэггүй. Ийм хэтрүүлгийн нэгэн жишээ нь Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг богино юбка, брюк өмсөхийг хориглосон гэсэн мэдээлэл юм. Мөн Умардын бүх иргэд стандартчилсан тусгай загвараар үсээ засуулдаг болсон гэсэн “бор шувуу” нэг хэсэг хэвлэлээр ниссэн.

Сүүлийн үед Ким Чен Уны ер бусын харгислалын талаар цуурхал тарах болсон. Жишээ нь Хойд Солонгосын удирдагч өөрийн нэгэн генералыг миномётоор (миниэр буудагч) буудаж цаазалсан гэсэн мэдээлэл тарж нэг хэсэг шуугисан. Энэ цуурхалыг тараасан хүмүүсийн толгойд минометаар хүн буудах боломжгүй гэсэн бодол орж ирсэнгүй. Мөн Ким Чен Ун өөрийн ахыг өлсгөлөн нохдын хоол болгосон гэсэн хүн итгэмээргүй яриа ч бий.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун

Хойд Солонгос дахь харгислалын талаар цуурч явдаг нэг нөхөр бол Умардаас Өмнөдөд зугтаж гарсан Син Дон Хёк юм. Тэрээр түүнийг түүдэг гал дээр дүүжлэн тарчлааж байсан тухай ярьдаг. Үнэхээр тэгж тарчлаасан эсэхийг батлахад хэцүү. Гэхдээ тийм тамлалтын дараа амьд үлдэнэ гэдэг эргэлзээтэй, тахир дутуу болохгүй байна гэдэг бүр ч итгэхэд бэрх. Харамсалтай нь гэнэн уншигчид Син Дон Хёк шиг хүмүүсийн үгэнд итгэдэг. Түүнээс гадна тэгж тамлуулсан хүний эрүүл мэнд олон цагаар хэвлэлийн хурал зохион байгуулж, хаа сайгүй лекц уншиж явахад тэнцэхгүй.

ХОЙД СОЛОНГОСЫН АРМИ АЮУЛТАЙ ЮУ?

Хойд Солонгосын арми хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог гэж ярьдаг. Гэхдээ Өмнөд Солонгосын арми зургаад жагсдаг, цэргийн төсөв нь Умардаас 23-26 дахин их гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй байх. Умардын арми Өмнөдөөс тоогоор илүүрхэж шалихгүй, харин зэвсэглэлийн чанараар Өмнөдөөс хол хоцорсон. Хойд Солонгосын нисгэгчид жилд 10-25 цагийн нислэг хийдэг байхад НАТО-гийн хувьд энэ үзүүлэлт багаар бодоход 200 цаг байдаг. 1990-иэд онд Хойд Солонгосын мэдэлд 200 танк байсан (АНУ-д 8000 бий).

... Судлаачдын үзэж буйгаар Пхеньянд Сөүлийг эзлэх танк хүрэлцэх ч Сөүлд очих шатахуун байхгүй. Дайн эхэлвэл Хойд Солонгос 30 хоногийн шатахууны, 60 хоногийн хүнсний нөөцтэй ...

Солонгосын дайны 60 жилийн ойд зориулсан цэргийн парад

ХУУРМАГ ТӨСӨӨЛЛИЙН ХОР УРШИГ

Өнөөдөр хэвлэлээр тэнүүчилж буй худал мэдээллүүд зүгээр нэг худал мэдээлэл байхаа больж хүмүүс бодитой мэдээлэл болгон хүлээж авч байна. Хамгийн аюултай нь энгийн иргэд төдийгүй шийдвэр гаргагчид хүртэл Хойд Солонгосын талаар хуурмаг төсөөлөл тээж явдаг. Ингэснээр өрсөлдөгчөө ойлгосны үндсэн дээр тодорхойлогдох ёстой улс төрийн бодлого цуурхал дээр үндэслэдэг.