Монголын улс төрийн намууд төлөвшиж амжаагүй байна
Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил
2016.01.08

Монголын улс төрийн намууд төлөвшиж амжаагүй байна

Сонгуулийн тухай хуулийг УИХ дахь намууд зөвшилцлөөр баталсан нь жижиг буюу парламентад суудалгүй намуудыг хавчсан хэрэг боллоо гэх шүүмжлэлийг дагуулах болсон. Тиймээс Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргилтой ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийг баталснаар багагүй шүүмжлэл дагуулах болсон. Мэдээж хамгийн эхэнд жижиг намуудыг хавчсан маягтай болсон гэдэгт та болоод намынхан тань ямар байр суурьтай байгаа бол. Ер нь хуулийг хэлэлцэх явцад төсөлтэй нь танилцаж амжсан болов уу?

-УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаа хуулийн болон тогтоолын төслүүдийг парламентын цахим хуудаст байршуулдаг. Энэ үед нь харж байснаас шууд бол авч танилцаагүй. Анхны төсөл хэлэлцэх шатандаа ийн өөрчлөгдөж батлагдах юм гэж бүр ч таамаглаагүй. 
Бидний хувьд ямар ч тохиолдолд Сонгуулийн тухай хуулийг баталлаа гэхэд өнөөдөр өөрсдөө эрх барьж байгаа учраас өөрсдийн улс төрийн нөхцөл байдалдаа тохируулах юм байна гэсэн төсөөлөл бол байсан. 

-Ерөнхийдөө энэхүү хуулийг өмнөхүүдээсээ ухралт хийчихлээ гэсэн дүгнэлт их бий. Таныхаар шалтгааныг нь хэрхэн харж, тайлбарлаж байна вэ?

-Өмнөх 2008 оноос хойшх дөрвөн удаагийн сонгуулийг харж байхад мажоритор буюу дийлэнх олонхын, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн гэсэн холимог байдалтайгаар явж ирсэн. Уг нь зүй тогтлоороо пропорциональ буюу хувь тэнцүүлсэн байдлаар явах ёстой юм билээ. Гэхдээ улс төрийн намууд төлөвшөөд бодлогоороо өрсөлдддөг институт болсон тохиолдолд хөгждөг. 

Харамсалтай нь, манай улсын хувьд улс төрийн намууд төлөвшиж амжаагүй байна. Тэр ч утагаараа бодлогоороо өрсөлдөх гэсэн асуудал байхгүй. Нийгэмд хувь хүний нөлөөлөх хүчин зүйл нь хэвээрээ байгаад байна. Монголчууд маань манлайлагч хүний, төсөөлөхүйн сэтгэхүй нь арилаагүй учраас энэ хувь хүний нөлөөлөл өндөр байгаа хэрэг. Энэ утгаараа өнөөгийн улс төрийн нөхцөлд бидэнд мажоритор болон пропорциналь гэсэн холимог систем зохицож байгаа юм. 

Сая батлагдсан хуулийг харахад холимог юм шиг боловч мажоритор системээс хамаарсан пропорциналь системийг бий болгочихож байгаа юм.Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн тойрогт сонгогдож гарч ирж байж жагсаалт нь хүчин төгөлдөр болдог. Энэ нь танигдсан улстөрчгүй нам, эвслүүдэд хамгийн халгаатай болчихож байна. Уг нь олон нийтийн шаардлага, хэрэгцээ, хүсэлт, найдвараар бий болж байгаа улс төрийн хүчнүүдийг тодорхой хэмжээгээр хааж, боосон л үйл явц болсон. 

-Сурталчилгааны хугацааг багасгасан нь УИХ-д суудалгүй намуудад хүнд цохилт болчих шиг боллоо?

-Анх 45 хоног байсан. Гэтэл 14 хоног болгож цөөлж байгаа нь мөн л шинээр гарч ирж буй улс төрийн хүчнийхэн өөрсдийгөө таниулах хугацааг хуулийн хүрээгээр хумьчихаж байгаа юм. Мэдээж эрх баригчдын хувьд өөрсдийгөө таниулах ямар ч шаардлагагүй. Аль хэдийнэ хүнийхээ болон улс төрийн хүчнийхээ хувьд танил болчихсон. Гэтэл өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, нийгэмд эрүүл саруул өнгө аясыг хүсч буй олон нийтийн хувьд энэ нь тийм таатай заалт биш. Өмнөх улс төрийн нөхцөлд “ХҮН” шиг гуравдагч хүчтэй нам байгаагүй. Одоо бол иргэдэд сонголт бий болчихож байна. Харамсалтай нь, манай намынхыг ард нийтэд өөрсдийгөө таниулах тэр хугацааг богиносгочихсон. Гэхдээ бид хууль хэнд ч зориулагдсан байсан сонгуульд оролцдогоороо оролцоно. Угаасаа улс төрийн намын зорилт нь сонгуульд оролцож байж өөрсдийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлнэ, нийгэмд түгээх гарцуудаа хэрэгжүүлэх учиртай. Тиймээс бид сонгуульд өрсөлдөнө. 

-Танай намынхан сонгуульд өрсөлдөнө гэлээ. Нэр дэвшихээр зэхэж байгаа зарим хүн сурталчилгаа эхлүүлснээ илэрхийлэн бэлэг сэлт тараагаад байдаг. Гишүүд чинь хуулийн хугацаандаа өөрсдийгөө таниулж чадах уу?

-Маш хэцүү. Энэ бол их хүнд асуудал. Нам бол тодорхой хэмжээгээр таниулахыг оролдоно. Бусдаар бол хязгаарлагдмал шүү. Үүний тулд санхүүжилтийн асуудал ч хэцүү. Бид бол анх байгуулсан хэдэн хүнийхээ босгосон мөнгөөр л явж байгаа. 

-ХҮН-ын хувьд та ч хэллээ. Өнөөгийн улстөрийн хүчнүүдээс өөр өнгө аястай гэж. Иргэд ч тэгж харж байсан. Гэтэл гэнэт УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг элсүүлсэн нь бусад намаасаа ялгарахгүй юм биш үү гэх хардлагыг төрүүлэх боллоо. Түүнчлэн намын чинь цаана өөр эзэн байгаа мэт сэтгэгдлийг ч төрүүлж байна шүү дээ?

-Намыг анх клубын зарчмаар салбар бүрийн мэгэжилтнүүд, тодорхой хэмжээнд ажил, амьдралын туршлагатай болчихсон хүмүүс нэгдэж эхлүүлсэн. Тиймээс аль нэг давхаргын нам гэж харьяалах нь буруу. Нам гэдэг нарийндаа олон хүний төлөөлөл. Ямар нэгэн явцуу хүрээний бүлэглэл, клуб биш. Тэр ч утгаараа манай намд боловсрол, нас, хүйс, амьдралын түвшин үл хамаарсан байдлаар гишүүнчлэлтэй байгаа. Бидний хувьд нийгэм дэх хүрээллээ тэлэхийн тулд өөр бусад олон салбар, төлөөллийг татан оролцуулахаар чармайж байгаа. Ингэснээр намын анх гарч ирсэн имиж, зураглал нь алга болчихно гэж бодохгүй байна. Нам өөрөө ард түмний төлөө учраас намын үйл ажиллагаанд хүсэл сонирхлоороо нэгдэж байгаа, ёс зүйн хувьд шаардалаг хангахуйц бүх хүнд нээлттэй. Бид анх намаа байгуулж байх үедээ “Бүх улс төрийн хүчнүүд ирж нэгдээч ээ” гэдэг уриалга гаргаж байсан. Энэ дагуу улс төрчид уулзсан. Одоо ч уулздаг. Ер нь улс төрийн нам олон түмний төлөөлөл учраас аль нэг бүлэг, клуб авч явна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс олон түмний төлөөлөл оруулахыг хичээж байгаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар манай намд нэдснээр бид парламентад суудалтай нам болсон. Энэ нь бидэнд асар их боломж олгож байгаа. Өөрсдийнхөө ярих боломж, аливаа шийдлээ хайж буй асуудал, мухардмал гарцуудыг парламентад, хууль тогтоогчдын хүрээнд одоогийнхоос хүчтэйгээр илэрхийлэх дуу хоолойтой, төлөөлөлтэй болж чадсан. Энэ мэтчилэн намынхаа үйл хэргийг олон нийтэд таниулах, бодитой өөрчлөлтийг хийж чадах өөрсдийн төлөөлөлтэй болж байна. Одоо бол бид хууль санаачлах зэрэгт биднийг төлөөлнө. 

-Ард эзэн нь?

-Намын маань ард бид өөрсдөө л байгаа. Бидний ард хэн нэгэн хүн санхүүжүүлээд, удирдаад байгаа зүйл үгүй. Олон нийтийн яриад байгаа шиг ард түмний танил болчихсон эрхмүүдийн хэн нь ч байхгүй. Энэ төрлийн хардлага байгаа нь улс төр дэх намууд ийм зарчмаар явдаг учраас л байгаад байна гэж хэлэх байна. Бид улс төрд нэгдүгээрт бодлого шийдлээ хэрэгжүүлэхийн тулд сонгуульд оролцоно, шинэ гарц, гаргалаа гарж ирэхийн тулд орж ирсэн. Хоёрдугаарт, улстөрд шинэ чиг хандлага, соёл бий болгоно. Тиймдээ нийгмийн сэтгэхүйд суучихсан ойлголтыг, тэр байтугай улстөр гэдэг үгийн утгыг хүртэл өөрчлөхийн тулд ажиллана. Элдэв бохир, булхай, зүй бус ёс суртахууныг үгүй хийнэ. Аливаа тохиолдолд намд үүсдэг гурван ялгарлын нэг нь ёс зүй. Тиймдээ ч бид ёс зүйн талаар хамгийн түрүүнд авч хэлэлцдэг. Мөн нам хүрээлэнтэй байх ёстой. Нам тогтолцоо гэдэг агуулга байнга хадгалж явна. Түүнээс хэн нэгэн лидерийн өмнөөс дуугарахгүй. 

-Гэхдээ С.Ганбаатар гишүүн анхнаасаа өнөөгийн парламентад бие даан нэр дэвшиж, сонгогдсон. Ирэх зургаадугаар сард дуусгавар болох УИХ-д танай намыг төлөөлөх үү?

-С.Ганбаатар гишүүн одоо бол ХҮН-ын гишүүн. Хуулийн дагуу бид парламентад өөрийн гишүүнтэй болсон. Тэр ч утгаараа манай намыг төлөөлөх эрх зүйн үндэс байгаа гэж харж байгаа. Яагаад гэвэл тэр хүн өөр намын гишүүнчлэлгүй, бие даагч байсан учраас өөрөө сонголтоо хийсэн.

-Анх нам байгуулагдах үеэс олон улстөрч ирж уулзсан гэлээ. Дахиад гишүүд элсэхээр хэлж, тохирсон хүн бий юу?

-Одоогийн парламентаас бидэнд хандсан хүмүүс бий. Гэхдээ нэрийг нь дурдаад яах вэ. Энэ бол хувь хүний нууцтай холбоотой. Би ч тийм үүрэг хүлээсэн хүн. 

-Гэхдээ ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар гишүүнийг сойх гэж байгаа юм биш үү?

-Одоогийн нөхцөлд бид 2017 онд тэгнэ, ингэнэ гэсэн зүйл алга. Яг үнэнийг хэлэхэд улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийх туршлага дутмаг байна. Энэ агуулгаараа тухайн үед улс төрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй. Хамгийн тодорхой зүйл бол 2016 оны сонгуульд оролцоно. Үүнээс өөр тоймтой хариулт хэлж чадахгүй нь дээ.