200 сургуульд нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
200 сургуульд нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
2016.01.11

200 сургуульд нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

БСШУ-ны яамнаас бага боловсролын  эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулж, сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 200 сургуульд нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. 

Тус яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрөө дэмжих төслийн шалгаруулалтанд  амжилттай оролцон шалгарсан  нийт 120 орчим мянган хүүхдийн хүрээнд хэрэгжих Ерөнхий боловсролын 200 сургууль тус бүр 3000 доллар буюу 6 сая төгрөг нийт 1 тэрбум 200 сая төгрөгийг тэтгэлэг олгож байна. 

Сургуулийн тэтгэлэг гардуулах арга хэмжээн дээр “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих шинэ төслийн санааг дэвшүүлэн, судалгаа хийж хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж өөрсдөө бие даан хэрэгжүүлэх СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь сургуулийн бие даасан байдал, сургуулийн хөгжилд ихээхэн тус нэмэр болно гэж төлөвлөж бид энэ ажлыг санаачлан хийж байна. ” гэж Боловрсол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр онцлон хэллээ.

Уг тэтгэлэгт хөтөлбөр нь гурван  үе шаттай хэрэгжих ба нийт төрийн өмчийн  635 ерөнхий боловсролын сургууль бүр оролцоно. Нэгдүгээр шатны  төслийн сонгон шалгаруулалтанд 400 сургуулийн төслийн санал ирснээс 200 сургуулийн бичсэн төсөл нь шилдгээр шалгараад байна.