Б.Бат-Эрдэнэ: Хэрлэн голыг хамгаалах талаар дорвитой ажил хийх хэрэгтэй
2011.09.28

Б.Бат-Эрдэнэ: Хэрлэн голыг хамгаалах талаар дорвитой ажил хийх хэрэгтэй

-Саяхан Та Хэнтий нутгаар ард түмнээ сонсоод ирсэн. Танай нутагт өнгөлж, өөдөлж байгаа зүйл их байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Зам харилцаа, эрчим хүчний асуудлаа шийдэх, харилцаа холбоо мэдээллийн технологийг хөгжүүлэх талаар бид аймагтаа тодорхой ололт амжилт гаргасан. Одоо ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд зориулж 2009 онд 600, 2010 онд 700 сая төгрөг олгосон. 2011 онд хоёр тэрбум 300 сая төгрөг улсын төсвийн дэмжлэгээр хуваарилаад байна.
Хувийн аж ахуй, бизнес эрхлэгчид аймагтаа чамгүй хөрөнгө оруулалт хийж байгаа.
2009, 2010 онд хувийн хэвшлийнхэн 2-3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, аймгийн төв дээр вакум цонхны үйлдвэр, пластик шугам хоолой, барилгын материалын үйлдвэртэй болсон. Улаанбаатар, Эрээнээс хэрэгцээтэй зүйлсээ зөөдөг байсан бол одоо орон нутгаас хямд үнээр авч байна. Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо тариалах иргэдээ бүх талаар дэмжиж тусалж байна. ХХААХҮЯ-ны дэмжлэгээр 10 хүлэмжийг иргэддээ тарааж өгсөн. Ингэснээр ногоочдод нарийн ногоо тариалах боломж нэмэгдэж, хэрэглэгчдэд хүрэх нарийн ногооны үнэ өмнөхөөс буурсан байна. Урд жилүүдэд кг нь 2000 төгрөг хүрдэг байсан өргөст хэмхийг энэ жил 500 төгрөгөөр худалдаалж байна.
-Хэнтийд иж бүрэн саалийн механикжсан ферм байгуулах талаар чихэнд чимэгтэй мэдээ сонссон?
-Манай хувийн хэвшлийнхэн "Атар", "Чандгана"-ы САА-д 1000 үнээтэй механикжсан саалийн ферм байгуулахаар зориг шулуудан ажиллаж байна. Ийм фермтэй болсноор орон нутгийнхныг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж, цаашлаад улсын хэмжээнд үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой. Мөн төв суурин газар, зам харилцааг түшиглээд эрчимжсэн, олон улсын жишигт нийцсэн томоохон фермерийн аж ахуйг хөгжүүлж чадах юм бол эндээс олох орлого, ашгаас иргэдийн амьжиргаа дээшлэх, орон нутгийн төсөв бүрдэх бүрэн бололцоотой. ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотыг тойрсон фермүүдэд саалийн хоёр сая үнээ байдаг юм билээ. Хөх хотод сүүний хоёр том үйлдвэр ажиллаж, зөвхөн өөрийн орны хэрэгцээг хангаад зогсохгүй гадаад орнуудад экспортолж байна.
Үнээний сүү гэдэг "цагаан алт" юм.
Зүй зохистой ашиглах юм бол олон сая долларын ашигтай ажиллах тооцоо судалгааг эдийн засагчид хийсэн байдаг. Орчин үеийн жишигт  нийцсэн аж ахуй, фермүүдийг байгуулах юм бол их хэмжээний ашиг орлого олж, бүс нутгийн хэмжээнд амьдралаа өөд  татаж дээшлүүлэх, экологид ээлтэй, эрүүл зөв эдийн засгийг бий болгож чадна. Бидний зорилго бол Хэнтий аймагт хөдөө, аж ахуй, уламжлалт мал аж ахуйгаа улам хөгжүүлэх, төв суурин газрыг түшиглэсэн, эрчимжсэн' мал аж ахуйг хөгжүүлэх, газар тариаланг бололцоотой хэмжээнд хөгжүүлэх шүү дээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.