Харвардын профессор Марк Элиот Монгол улсад айлчилж байна
2016.01.12

Харвардын профессор Марк Элиот Монгол улсад айлчилж байна

Харвардын их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал Проф. Марк Элиот Монгол улсад айлчилж байна.

Проф. Элиот “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” нийгэмд  үйлчлэх ТББ буюу MHI-ийн 2016 оны 1-р сарын 8-нд болох нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн ба тэрээр энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУЯ-ы сайд Л.Гантөмөр, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Ламбаа, Нийслэлийн засаг даргын тамгийн газрын удирдлагуудтай уулзаж Харвард Монголын хооронд гүүр болон ажиллаж байгаа MHI байгууллагаар дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцахаар төлөвлөжээ.

MHI нь Харвардын их сургуулийн албан ёсны салбар хүлээн авагч статустай болж байгаа ба 2015 оны намраас эхлэнУлаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааг хэрэгжүүлж байна. Тус байгууллага Д аминдэмийн дутагдалтай, сүрьеэгийн халдвар авах эрсдэлтэй орчинд амьдарч буй хүмүүст Д аминдэмийг нэмэлтээр хэрэглүүлснээр тухайн хүний биемахбодийн өвөрмөц бус дархлааг сайжруулж сүрьеэгийн далд халдварыг бууруулах эсэхийг тодорхойлох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 10,000 хүүхдийг хамруулсан судалгааны ажлыг АНУ-ын Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн (NIH)-гийн санхүүжилтээр АШУҮИС-тай хамтран гүйцэтгэж байна.

Д аминдэмийн дутагдалтай хүн бүрийг анхаарч, Д аминдэмийн зохистой хэрэглээг хэвшил болгох зөв зохистой бодлого баримтлан ажиллаж, сүрьеэгээр өвдөх эрсдэлийг бууруулах нь нийгмийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтойг уг судалгааны баг онцолж байна. Хүн төрөлхтнийг үхлийн аюулд хүргэх гол өвчний нэг болсон сүрьеэтэй аюулгүй, харьцангуй хямд аргаар тэмцэхийг эрэлхийлж байгаа нь энэхүү судалгааны онцлог юм.

Харвардын их сургуулийн Нийгмийн сургуулийн доктор профессор Даваасамбуугийн Ганмаагийн 2005 оноос хойш Монгол улсад гадаад, дотоодын судлаачидтай хамтран хэрэгжүүлж ирсэн судалгаануудын суурин дээр үүсгэн байгуулагдсан MHI нь Харвардын стандарт, шилдэг технологи, ноу хауг нэвтрүүлэн цаашид нийгмийн эрүүл мэндийн салбар төдийгүй боловсрол, судалгаа шинжилгээний салбарт шинэчлэл хийх алсын хараатай ажиллаж байна.