Одонтуяа.С 2016.01.12 | Сайт: Gogo.mn

Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуульд олон нийтийн саналыг маш сайн тусгасан

Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуульд олон нийтийн саналыг маш сайн тусгасан
УИХ-ын гишүүн С.Одонтуяа

УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Эдгээр хуулийн талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-Хүүхэд хамгааллын тухай хууль нь цоо шинэ хууль юм байна. Энэ хуулиар хүүхэдтэй холбоотой чухам ямар харилцааг зохицуулах вэ? 
-Энэ хуулийг баталснаар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгоно. Өөрөөр хэлбэл, нийгмийн бүхий л орчинд хүүхдийг бүх хэлбэрийн хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.

Хүүхдийн эрх илтэд зөрчигдөж, хүчирхийлэлд олноор өртөх болсон энэ үед нэн тэргүүнд  шаардагдаж байгаа хууль. Манай улсын гурван хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байна. Хүчирхийллийн 42.3 хувь нь гэр бүлд, 53.2 хувь нь сургууль дээр үйлдэгдэж байна гэсэн судалгаа байдаг.

-Дээрх хоёр хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхдээ та хэвлэлийн бага хурал зарлан, “Ногоо карт” аяныг орон даяар өрнүүлж байгаагаа мэдэгдэж, төсөлд саналаа ирүүлэхийг олон нийтэд уриалж байсан. Иргэдээс ирсэн саналыг хуулийн төсөлд хэр зэрэг тусгасан бол? 

-Тийм ээ, дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн “ногоон карт” аяны хүрээнд иргэдээс 22600 санал ирсэн.

Тэдгээрийг мэргэжлийн байгууллагууд чиглэл чиглэлээр нь нэгтгэн, хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, орон нутаг бүр хүүхдийн эрхийн улсын байцаагчтай болох заалт оруулсан.

-Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх ёстой гэдгийг та өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл энэ асуудал дээрх хуулиудад хэрхэн тусгалаа олсон бэ?

-Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенци болон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэн орсон болохоор хүүхдийн эрхийн суурь зарчмуудыг хуульдаа тусгах ёстой.

Энэ тал дээр бид олон улсын хуульчдын багтай хамтран ажиллаж байгаа. Олон улсын хуульчдыг ажиллуулахад өндөр төлбөртэй байдаг. Төлбөрийг нь Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын хүүхдийн байгууллагууд гарган тусалж байна.

Хэдийгээр олон улсын гэрээ, конвенциудад нийцүүлж байгаа ч гэлээ Монгол үндэстний онцлогийг харгалзан үзэх ёстой. Монголчууд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, асарч хамгаалах талаар амьдралын баялаг туршлагатай ард түмэн шүү дээ.

-Энэ хоёр хуулийг л баталчихвал Монголд хүүхдийн эрхийг хамгаалах эрхзүйн орчин бүрдэнэ гэсэн үг үү? 

-Яг ч тийм биш. Эрүүгийн, Зөрчлийн, Гэр бүлийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудад хүүхдийн эсрэг аливаа үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн алин болохыг тодорхойлж, ямар хариуцлага хүлээлгэхийг ч тодорхой зааж өгсөн.

Тухайлбал, Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусгай бүлэг болгож орууллаа. 16 дугаар бүлэгт хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах, хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд уруу татах, хүүхдээр гуйлга гуйлгах, хүүхдийг садар самуунд уруу татах зэрэг хүүхдийн эсрэг зүй бус үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон.

Мөн Гэр бүлийн тухай хуульд нэг чухал заалт бий. Гэр бүл салахад хүүхдийн тэтгэмжийг шүүхээс  тогтоодог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн судалгаанаас харахад, ердөө 10-15 хувь нь л тэтгэмжээ авч чаддаг. 85-90 хувь нь хохироод үлдэж байна.

Эндээс үүдээд Гэр бүлийн тухай хуульд Хүүхдийн тэтгэмжийн эрсдэлийн сан байх хэрэгтэй гэсэн заалт оруулахаар ажиллаж байна. Энэ мэтээр хүүхдийн эрхийг хамгаалах заалтуудыг холбогдох бүх хуульд оруулж байж, цогц бодлого болох юм.

-Орчин үеийн хүүхдүүд цахим халдлагад өртөх, донтох зэрэг эрсдэлд өртөж байна. Төсөл боловсруулахдаа та бүхэн энэ асуудлыг анхаарч үзсэн үү? 

-Энэ бол яах аргагүй сэтгэл зовоосон асуудал мөн. Хүүхдүүд цахим орчинд сэтгэлзүйн дарамтад орж байна. Үүнийг эцэг, эх хянахад хүндрэлтэй учир төрийн бодлогоор зохицуулахаас аргагүй боллоо. Энэ талаар гадныхан, ялангуяа Япончуудын туршлагыг нэлээд судалсан.

-Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар баталж амжих болов уу?
-Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой заалтууд оруулсан Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль нь батлагдсан. Тэгэхээр УИХ-аар энэ сардаа багтаж батлагдах болов уу гэж найдаж байна.