М.Сономпил дарга боллоо
2016.01.15

М.Сономпил дарга боллоо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо шинэ даргаа сонголоо. Энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тус байнгын хорооны даргад эвслийн бүлгээс гишүүн М.Сономпилын нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан юм. М.Сономпил нь ардын армид байлдагчаас эхлээд Батлан хамгаалахын сайдаар дэвшин ажиллаж  байсан, түүнчлэн УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажиллаж ирсэн туршлагатай улстөрч гэдгийг танилцуулгадаа дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн гишүүн Н.Энхболд тус байнгын хороо нь улс орны үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг тул байнгын хорооны шийдвэр зөв оновчтой гарах, хэрэгжилт нь үр дүнтэй байхад улс төрөөс ангид байх явдал чухал нөлөөтэй. Иймээс өмнөх уламжлалын дагуу аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ нэгдсэн ойлголцол, зөвшилцөл, үндэсний нэгдмэл эрх ашгийн үүднээс хандаж байхыг нэр дэвшигчид захив. Мөн гишүүн Ж.Энхбаяр нь тус байнгын хорооны даргаар богино хугацаанд ажиллахдаа төрийн бодлогын залгамж чанар, ирээдүйн зорилтыг иш үндэс болгон бодлогын чанартай хэд хэдэн чухал  баримт бичгийг батлан гарахад санаачилгатай ажилласан гэж үзэж буйгаа хэлснийг байнгын хорооны гишүүд дэмжиж Ж.Энхбаяр гишүүнд талархал илэрхийллээ.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81,2 хувь нь М.Сономпилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.