Тэтгэвэрт гараад нутагтаа очиж фермер болно
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2016.01.18

Тэтгэвэрт гараад нутагтаа очиж фермер болно

УИХ хоёр Эрдэнэбаттай. Хоёулаа Сэлэнгийнх. Гэхдээ манай энэ удаагийн зочин “Сэлэнгийн Эрдэнэбат’ гэхээр чухам хэн нь болохыг эрхэм уншигч та эрхбиш гадарлаж буй биз ээ. Бид сайхан Сэлэнгэ нутгийн тухай хөөрөлдөж, ярилцлагаа эхлүүллээ.

-Өнгөрсөн наймдугаар сард санагдана. МАН-ыг Засгийн газраас гаргах яриа хүчтэй өрнөж байхад Сангийн сайдын тань хувиар тантай ярилцаж байсан. Тэгэхэд та засаг төр цэгцэрчихвэл Сэлэнгэд ээж дээрээ очих юмсан гэж байсан. Нутаг руугаа ойр ойрхон явна биз?

-Зав л гарвал нутагтаа очдог юм. Манай өвөөгийн аав биднийг Тултын тохойд аваачаад “Энд би, бас манай аав төрсөн" гэж ярьж байсан юм. Бид Сэлэнгэд дөрвөн үеэрээ амьдарч байна. Тийм болоод ч тэр үү Төв, Сэлэнгийн зааг Тахилтын даваанаас өнгөрмөгц л байгалийнх нь өнгө хүртэл өөр санагдаад явчихдаг юм. Манай Сэлэнгэ говь, хангай, тал хээр хосолсон, байгалийн бүхий л үзэсгэлэнг цогцлоосон нутаг. Зундаа нов ногоон: өвөл ямар ч хүйтэн байсан агаар нь цаанаа л зөөлөн: бүлээн санагддаг. Магадгүй нутагтаа хөл тавьсан хүн бүрт ийм мэдрэмж төрдөг байх. Манай аймагт анх удаа очсон хүмүүс ч үнэхээр сайхныг нь гайхдаг. Ер нь үгээр хэлэхийн аргагүй сайхан нутаг даа. Тэгээд ч ээж маань Сэлэнгэдээ байгаа учраас байнга л очдог. Бас ажлын шаардлагаар үргэлж явдаг. Сая шинэ оны анхны нарыг Сэлэнгэдээ харчихаад ирсэн. Шинэ оны анхны нарыг заавал нутагтаа хардаг юм. Ерөнхийлөгч үг хэлж дуусангуут, оргилуун дарсаа буудуулчихаад гэр бүлийнхэнтэйгээ жаахан сууж байгаад нутаг руугаа гардаг уламжлал тогтоод арав гаруй жил болж байна.

-Ямар ч их ажилтай байсан заавал амжуулах гэж эрмэлздэг зүйл тань юу вэ?

-Намайг гэр амьтай гэдэг юм. Гэр бүлийнхэндээ зориулж, гарын хоолоо хийгээд тэдэнтэйгээ хамт байхыг их эрмэлздэг дээ.

-Сэлэнгийнхнийг ажилсаг, хөдөлмөрч гэх юм билээ.

-Ажилсаг хөдөлмөрч байдаг нь манай нутгийнхны онцлог юм. Жишээ нь, би арван настайдаа хөдөлмөр амралтын зусланд явж зэрлэг зулгааж, хавар, намартаа зоориноос төмс зөөдөг байлаа.

Жаахан том болоход нарийн ногоо, будаа, төмс хураах ажил хийсэн. Сэлэнгийнхэн хүүхэд байхаасаа л хөдөлмөрт суралцдаг. Манайх Мандалын сангийн аж ахуйн айл байсан. Тухайн үедээ Монголын хамгийн том сангийн аж ахуй байлаа.

Ер нь тэнд ямагт ажил хөдөлмөр буцалж байдаг. Айл бүр хашаандаа ногоо тарьдаг. Мал аж ахуйг ч сүрхий эрхэлдэг хүмүүс шүү дээ. Ямар сайндаа л Сэлэнгэд зуд болсон гэхээр хүмүүс итгэдэггүй юм.

Мал нь хотноосоо уур савсуулан бэлчээртээ гардаг. Ийм л хөдөлмөрч хүмүүс.

-Танайх өрхийн аж ахуй эрхэлдэг үү?

-Хүүхэд байхаасаа хийж сурсан ажил юм даа. Одоо мал аж ахуй болон газар тариалангийн чиглэлээр мэргэжлийн биш юм гэхэд ахуйн түвшинд хэнтэй ч ярилцаж, туршлага хуваалцчихна.

Ногооны хамрыг ингэж засналууванг ингэж, сонгиныг тэгж тарина, үнээ сааж, цагаан идээ боловсруулна гээд л ярьж болно шүү. Манай нэг өвөө малчин, нөгөө нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд бүгдийг тарьж ургуулдаг байсан.

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?

-Мал маллаж, ногоо тариад амьдар гэвэл чадна. Малынхаа сүү, шимийг өөрийн гараар бүрэн боловсруулж чадна. Архангайн алдартай ааруулнаас бусдыг бол хийчихнэ шүү.

Газар тариаланг ч тэр, амьдралаа аваад явчих хэмжээнд эрхэлж чадна. Энэ бол ганц миний ч биш; сэлэнгийнхний онцлог гэх үү дээ.

-Таныг архи огт хэрэглэдэггүй гэж сонссон. Үнэн болов уу?

-Аан: энэ чинь удмынх. Манай эмээ өвөө нар, аав ээж хоёр: тэдний дөрвөн хүүхэд нь хэрэглэж чадахгүй. Харшилтай юм.

-Амсахад ч харшилдаг хэрэг үү?

-25 гр хэртэй архи л харшил хөдөлгөнө дөө.

-Харшилтай гэдгийг хамт олон, найз нөхөд тань мэддэг үү, ойлгодог уу. Гарцаагүй хэрэглэх тохиолдол гарвал яах вэ. Хүмүүст тэр болгоныг тайлбарлах ч бас түвэгтэй байх даа.

-Сэлэнгийнхэн, намынхан маань мэднэ. Гэхдээ шинэ хамт олны дунд харшилтай гэдгээ заавал үзүүлэх шаардлагатай болчихдог. Тэд "Худлаа ярьж байна” л гэнэ шүү дээ. Жишээ нь, оюутан болоод ангийнхандаа нэг үзүүлсэн.

Нэг үзүүлчихвэл “За больё, Эркад хэзээ ч архи ойртуулж болохгүй юм байна" гэх жишээтэй. Их сургуулийн ангийнхан маань мэддэг болсноосоо хойш янз бүрийн арга хэмжээний үеэр надад нэг лааз шар айраг л авдаг болсон.

Тэгээд Эркагийн үлдээсэн шар айргаар шараа тайлна гэж ярихаар ямар нь ойлгомжтой биз дээ. Сургуулиа төгсөөд ажлын хамт олныг бас итгүүлсэн. Амьдралдаа гурван удаа л харшилтайгаа үзүүлж, итгүүлсэн юм уу даа.

-Айраг ч болохгүй юу?

-Болохгүй.

-Зарим хүн харшлаад ч хамаагүй, бүр буруу зуршил болтол нь хэрэглээд байдаг.

-Минийх бусад шиг нүүр улайж, биеэр юм туураад зогсдог харшил биш л дээ. Нэлээд хүндээр илэрдэг гэж ойлгож болно. Хүн чинь аминдаа хайртай шүү дээ. Тийм болохоор ер нь хэрэглээд зохихгүй юм гэдгээ ухаарчихсан.

Манай аав жилд нэг л удаа багш нарын баяраар архи амсдаг. Тэр үед будаатай хундага гэж байсан даа. Тэрүүгээр хоёр аваад л баяраа орхихоос өөр аргагүй болдог байсан. Тийм л хэцүү гэх үү дээ.

Ямар сайндаа л аав минь бидэнд “Ямар ч тохиолдолд олны газар явахдаа гурван хундага татаж сурах хэрэгтэй юм билээ шүү” гэж хэлдэг байсан. Ямар л эцэг хүүхдүүддээ архи ууж сураарай гэж захих вэ дээ.

Өөрт нь хэцүү байдаг учраас л тэгж хэлдэг байсан биз. Аавынхаа хэлснийг биелүүлж чадаагүй ээ. Биелүүлэх ямар ч бололцоогүй. Бие махбодьтой шууд холбоотой учраас хэзээ ч болохгүй юм шиг байна лээ.

-Танай хүүхдүүдэд удамшсан уу?

 -Том охин маань 17-той. Манай хүүхдүүд бага л даа, мэдэхгүй юм.

-Та энэ харшлаа давуу, эсвэл сул тал юм даа гэж бодож байсан үе бий юү?

-‘‘Хэрэглэж чаддаг байхгүй яав даа” гэж бодож байсан үе бий. Найз нөхөд архи уухаар илүү чөлөөтэй, нээлттэй болдог гэхээр нь хэрэглэж үзэх юм сан гэж бодож ч байсан.

Гэхдээ одоо найз нөхөд, хамт олон маань намайг “Уухгүй ч гэсэн уусан юм шиг суудаг" гэдэг юм. Хамт олны арга хэмжээнд би л үлдэж, хүмүүсийг гэр оронд нь хүргэж өгөх үүрэгтэй болсон. Хэрэглэхгүй байснаараа муу болоогүй ээ.

-Та эдийн засагчаас өөр мэргэжил эзэмших талаар бодож байсан уу. Хүүхэд байхад бишгүй л зүйл мөрөөддөг шүү дээ.

-Ээж аав хоёр маань эгчийг эмч, намайг эдийн засагч болгоно гэдэг байсан. Ер нь айлд эмч, хуульч, эдийн засагч байх хэрэгтэй гэж үзсэн шиг байгаа юм. Тэр үеийн хүүхдүүд эцэг эхийнхээ үгийг илүү дагадаг байсан.

Биднийг ерөнхий боловсролын сургууль төгсөж байхад зах зээлийн эдийн засагт шилжиж байсан болоод ч тэр үү аав ээж маань тэгж шийдсэн байх. Нөгөө талаас аав маань аливааг сайтар төлөвлөж, тооцдог хүн байсан.

Тэгээд л би эдийн засагч, эгч эмч болсон. Хамгийн бага дүүг хуульч болгоно гэж байсан ч аавынхаа мэргэжлийг эзэмшинэ гээд Биеийн тамирын дээд сургуульд багшаар суралцсан ч сүүлд хуульч болсон.

Дүү маань аавтай адил спортын хүн байсан ч олон улсын тэмцээнд оролцож байхдаа гэмтсэнээс болж орхисон юм.

-Аав тань аймгийн хурц арслан цолтой. Та барилддаг уу. Ер нь спортод хэр вэ?

-Тэмцээн уралдаанд барилдаж байгаагүй ээ. Гэхдээ манай ангид намайг давдаг хүүхэд байгаагүй. Монгол хүүхэд бүрийн адилаар барилдаж, ноцолдож өссөн. Спортод онцгой сайн гэж хэлэхгүй ч оролдохгүй зүйлгүй; бүгдийг нь сонирхоно.

Одоо аймгийнхаа Бөхийн болон Волейболын холбооны даргаар ажилладаг. Намайг Волейболын холбоог хүлээж авч байхад манайхны амжилт буурч явсан үе таарсан. Урьд нь манайхан үнэхээр сайн байсан.

Аймгийн волейболынхонтойгоо нийлж боорцог хоол хийх махыг нь зөөж явсны хүчинд хүүхдүүдийн маань түвшин хэд дахин нэмэгдсэн. Тиймээс ч манай хүүхдүүд улсаа төлөөлж, өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэн олон улсын тэмцээнд оролцож, зэрэглэл ахиулаад буй.

Үндэсний бөхөөр ч аймгаас маань жил бүр улсын цолтон төрж: аваргатай болсон. Манайхны нэлээд алдартай бөх Аав нь тэнгэрээс харж буй учраас азтай, одтой байна” гэж надад хэлж байсан. Үнэхээр ч спортыг дэмжих чиглэлд хийж буй үйл хэрэгт маань аавын нөмөр нөөлөг бий гэж боддог.

-Аав тань сургуулийн захирал байсан гэсэн. Захирлын хүүхэд гээд давуу эрх эдэлдэг байв уу?

-Биднийг сурагч байхад аав олон жил захирлаар ажилласан. Тухайн үед манай сургууль Монголын хамгийн баян нь байсан. Туслах аж ахуй, трактор, олон зуун малтай, үүнээс нь бусад сургууль туршлага судалдаг байлаа. Одоо ч сайн хэвээрээ.

Ааваараа түрий барьж байснаа мэдэхгүй юм. Гэхдээ уурлаж, зандардаггүй ч хүүхдүүд ааваас их айдаг байсан. Сургуулийн коридорт хоолойгоо засахад л бүх хүүхэд чимээгүй болдог байв. Тэр үеийн хүүхдүүд дэгтэй ч байсан биз.

Аав маань биднийг бие даасан, гэхдээ эцэг эхийнхээ үгийг сонсдог болгож хүмүүжүүлсэн. Аав ээж юу хий гэж хэлнэ, тэрийг л хийх ёстой гэсэн зарчим бидэнд үйлчилдэг байсан. Тэр нь дарамт, шахалт биш юм.

Биднийг эрхлүүлэхдээ ч юманд сургадаг. Манайх нийтийн байранд амьдарч байгаад хувьдаа байшинтай болох гээд; түүнийгээ их олон жил барьсан даа. Манай нэг ах тоосгон байшингийн суурь маш сайн байх ёстой гээд өргөн нь 60, гүн нь 120 см суурь цутгахаар болсон юм.

Тэгэхэд би ес; дүү нар маань тав болон зургадугаар ангид байсан. Аавыг "Сууриа цутгаарай" гэж бидэнд хэлэхийг сонссон найз нь “Чи хэнийг цутга гээд байгаа юм бэ” гэсэн чинь “Манай хүүхдүүд" гэж билээ.

Тэгэхэд найз нь “Эд нарыг уу” гээд гайхаж байсан юм. Манай аав тийм л хүн байсан. Өвөө: эмээ минь ч тийм зүйлийг хэлж, сургадаг байсан.

-Та хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг вэ?

-Хүн ер нь аав ээжийгээ л дуурайдаг юм шиг ээ. Манай гурван хүүхэд хэзээ ч миний үгнээс зөрдөггүй, “за” л гэдэг.

-Төрийн ажлаас хөндийрч, завтай болсон үедээ та юу хийх вэ?

-Тэтгэвэрт гарсныхаа дараа юу хийхээр төлөвлөж буйг маань сонирхоод байх шиг байна. Нутагтаа очиж фермер болно. Тийм ч олон биш малтай, өөрийнхөө хэрэгцээнд л таарсан сайхан аж ахуйтай болно.

Миний хуурай ээж гэхээр манай мандалынхан андахгүй дээ: Нямцэрэн гэж хөгшин бий. Монголд хамгийн анх гүзээлзгэнэ тарьсан хүн л дээ. Тэднийх шиг янз бүрийн жимс ногоогоор дүүрсэн гоё хашаанд амьдарна. Гэхдээ тэтгэвэрт гарах хаа байсан юм.

-Сэлэнгэ сайхан нутаг. Сэтгэлд тань тодхон байдаг нутаг өөр бий юү?

-Сүхбаатар аймаг маш сайхан. Тэнд миний олон сайхан найз нөхөр бий. Тийм учраас жил бүр Сүхбаатар луу явж: Шилийн богдод мөргөдөг. Анх 2004 онд манай волейболын хүүхдүүд Сүхбаатар аймагт болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, шилдэг наймд үлдсэн юм.

Түүнээс хойш жил алгасалгүй очдог болсон. Сэлэнгэ Монголын хойд хил бол Сүхбаатар өмнөд хил шүү дээ. Жил бүр очдог болоод ч тэр үү сэтгэлд их дотно байдаг. Ер нь Монголынхоо бүх аймгаар явсан.

Хамгийн сүүлд Дорнод, Хөвсгөлд очиж үзсэн. Монгол маань үнэхээр үзэсгэлэнт байгальтай, өргөн уудам нутагтай. Манай улсын хөгжлийн асуудал энэ өргөн уудам нутаг дэвсгэрт цөөн хүн амьдардагтай шууд холбоотой гэж боддог.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нийгмийн сүлжээнд хожуу боловч нэгдэхдээ "Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш байдаггүй. Авлигагүй, нүүр бардам маргаашийн төлөө нөхөдтэйгөө зүтгэнэ ээ,: хэмээн жиргэснийг санаж байна.

Энэ эрхэм мэргэжлийн төдийгүй хувь хүний хувьд нүүр бардам ажиллаж, амьдарч ирснийг олон хүн хэлдэг. Тэр оюутны ширээний араас тоо: мөнгө хоёртой толгой холбосон хүн.

Ингэхдээ мэргэжлийн алдаа: ёс суртахууны доголдлоос холуур тойрч: өөрийгөө эвдэлгүй өнөөг хүрснийг мэргэжил нэгт нөхөд, нутгийнхан нь хэлдэг.

Энэ парламентад эгэл даруу дүр төрхөөрөө илүүтэй танигдсан тэрбээр намаа шинэчилж: улс төрийн хүчний ёс зүйг бэхжүүлэх гэж түр хороо байгуулан: ерөнхий зохицуулагчаар нь ажиллаж явсан удаатай.

Тэрбээр УИХ-аар хэлэлцэж буй асуудал болгоныг шүүрч, давын өмнө дуугараад байдаггүй ч эдийн засаг, санхүүгийн чиглэлээр байр сууриа илэрхийлж: асуудал шийдвэрлэх арга зам эрэлхийлдэг. Энэ удаа түүний хувь хүний ертөнц рүү бага боловч өнгийх гэж хичээлээ.