ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Нийслэлийн тойргийн мандатыг 22 болгох ёстой гэв

2016.01.19
Сайт: News.mn
Дугаар : 37975
Нийслэлийн тойргийн мандатыг 22 болгох ёстой гэв
УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Тойргоос сонгогдох 48 мандатын 14 нь Улаанбаатар хотод хуваарилагддаг нь бага, нэмэх шаардлагатай гэсэн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Тэрээр “Архангай аймаг 94 мянган хүн амтай, УИХ-д хоёр гишүүн төлөөлж байгаа бол Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон нэг гишүүн 120 мянган иргэнийг төлөөлдөг,  Дундговь аймгаас сонгогдсон гишүүн 47 мянган иргэнийг төлөөлдөг бол Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүн 100 мянган иргэнийг төлөөлж байгаа нь нийслэлд ногдох тойргийн мандатын тоог нэмэх шаардлагатайн илрэл” гэлээ.  

 Өнгөрсөн хугацаанд 48 мандатын 14 нь Улаанбаатар хотод, 34 нь хөдөө орон нутагт хуваарилагдсан байна. Харин ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулиар нийслэлд ногдох тойргийн мандатын тоог 22 болгох ёстой гэлээ.

 УИХ төлөөллийн байгууллага, энэ ч үүднээсээ хөөгөөд үзсэн УИХ-д тойргоос сонгогдох мандатын тоог нэмэхэд хууль зөрчих асуудал байхгүй. УИХ-ын тогтоол баталснаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэж мөн тэрээр тодотголоо.

 

Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх үүргийг АН-аас СЕХ-нд өгсөн

2016.01.19
Сайт: News.mn
Дугаар : 37974
Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх үүргийг АН-аас СЕХ-нд өгсөн
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийв.

 АН-аас СЕХ-нд үүрэг даалгавар өгч сонгуулийн тойрог, мандатын тоог өөрчлөх асуудлыг ярьж байгааг дэмжихгүй. Ингэснээр нийслэлд 22, орон нутагт 26 мандат оногдох бөгөөд нийслэлийн дүүргүүд 2-5 мандаттай болж, алслагдсан, хил дагасан аймгууд нэг мандаттай болохоор байгаа аж. Тухайлбал, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор зэрэг аймаг УИХ-д нэг мандаттай болох магадлалтай байна.

Тэрээр "Эрх баригч АН-ынхны өөрчлөх гэж байгаагаар хотоос сонгогдох гишүүд дээр жагсаалтын 28 хүнийг оруулж тооцвол нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос сонгогддог болох нь. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, 20 нь Улаанбаатараас сонгогддог байсан. Харин энэ өөрчлөлтөөр нийт гишүүдийн 50 гаруй нь Улаанбаатараас сонгогддог болох нь.

 Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хот 4.7 мянган кв.км нутаг дэвсгэртэй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод, 99.7 хувь нь хөдөө орон нутагт ногддог. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьд нь 50 мандат, 99.7 хувьд 26 мандат ногдохоор болж байгаа нь үнэхээр шударга бус хуваарилалт юм. Иймд энэ асуудлыг МАН-ын бүлэг дэмжихгүй" гэв.  


7ХҮНДЭМЖИВ
Дэмжих
14ХҮНДЭМЖИВ
Дэмжих