Ноён уул өшөөгөө авах вий
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2016.01.19

Ноён уул өшөөгөө авах вий

Энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-ын зочноор УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг урьж, түүнтэй Гацууртын эргэн тойронд болон Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

-Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бараг шийдвэрлэчихлээ. Хэрэв энэхүү лицензийг өгөхгүй бол “Сентерра гоулд монголиа” ХХК манай улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгнө гэж шахсан нь дуулдсан. Яагаад ингэж хэлэх болов?

-Эдийн засгийн эргэлтэд оруулах нэртэйгээр Монгол Улсад хохиролтой гэрээ хэлцэл хийж болохгүй. Монгол Улс гацууртын алтны 10 хувийг ч хүртэж чадахгүй тооцоо гарч байна. Ноён уул дахь Гацууртын алтны орд гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сав газар учраас ухаж болохгүй хилийн бүсэд хуулийн дагуу орчихсон, хамгаалагдсан байсан. Гэтэл хэдэн жилийн өмнө “Сентерра гоулд Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Жон Казахович гэдэг хүн “Бид Монголын улстөрчдийг лоббидож байгаа.

Ойн сан, усны сав бүхий ухаж болохгүй хамгаалалтын газраас нь гаргана. Тийм ч учраас ашиглах бэлтгэлээ базааж байна” гэж омог бардам хэлж байсан нь баримттайгаар үлдсэн байдаг. “Ухаж болохгүй” гэсэн хуультай байхад энэ компани үл хайхран Ноён уулын гүн рүү олон км зам, өндөр хүчдэлийн шугам тавихдаа байгаль орчинд асар их хохирол учруулсан. Үүнийг нь бид нөхөн төлүүлэхээр нэхэмжилбэл тэдний арбитрт нэхэмжилнэ гээд байгаа 70 сая ам.доллараас хэд дахин давсан байгаль орчны хохирлын тооцоог манай байгаль хамгаалагч, эрдэмтэд гаргаад байна.

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг гурван хувиар төлөх тухай хуулийн төсөлд бий. Гэтэл та гурван хувь гэдэг нь шимтгэл гэх юм?

-Монгол Улс 34 хувийг нь эзэмшээд, түүнийгээ тусгай төлбөр нэртэйгээр борлуулалтын гурван хувиар орлуулах юм гэнэ. Энэ бол Монгол Улсад ашигтай татвар биш. Зүгээр нэг шимтгэл, өчүүхэн хураамж төдий гэж ойлгож болно. “Сентерра гоулд” компани Гацууртын ордыг 10 жил ухаад аравхан хувийн ашигтай ажиллах юм гэнэ. Хэдэн жилийн дараа алдагдалтай ажилласан гээд ашгийн өчүүхэн татвараа ч өгөхгүй луу унжиж мэдэх л нөхдүүд. Өмнө нь “Бороо гоулд”-ын 56 тонн алтыг 10 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ хийгээд 100 хувь татвараас чөлөөлөгдсөн эхний таван жилд нь ухаж аваад гарсан компани. Тэгээд бас байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй, тогтвортой байдлын гэрээгээ эцэслэн дүгнээгүй. Ийм хар мөртэй компанид элэнц, хуланцын үеэс хайрлан шүтэгдэж ирсэн Ноён уулаа өргөл болгох гэж байна.

-Ноён уулыг ашигласнаар Дархан, Сэлэнгийн нутагт гол мөрөнд нөлөөлж, цианит, хүнцлээр хордоно гэх. Харин салбарын яамныхан үүнийг үгүйсгээд байгаа шүү дээ?

-Монгол Улс Монголынхоо байгаль орчин, эх орондоо элэгтэй эрдэмтдийн үгийг үл тоолоо гэхэд аливаа юмыг яс чанд хийдэг гадны эрдэмтдийн үгийг сонсож, болгоомжлох ёстой байх л даа. 2013 онд Германы эрдэмтдийн баг Ноён уулын алт дагасан хүнцлийг хэмжин, судалж үзээд ёстой л толгой сэгсэрсэн гэдэг. Байгальд байх хэвийн хэмжээнээс 8000 дахин их байгалийн хүнцэлтэй газар гэдгийг батлаад, олон улсын байгаль хамгааллын №1 “Спрингр” сэтгүүл дээр болгоомжлол бүхий өгүүлэл бичсэн. Хүнцэл гэдэг хаан хор байгальд газрын гүнд байхдаа аюулгүй боловч, алт олборлох явцад ухаж, тэсэлж дэлбэлээд эхлэхэд нар, бороо устай холилдоод асар их хор, хоруу чанар үүсгэдэг бодис. Мөн үндсэн ордын алтыг ялгаж авахдаа цианит химийн бодис үлэмж их хэмжээгээр ашиглана. Энэ бүхэн байгаль орчин, хүн амьтанд асар их гай, өвчлөл, эрсдэл дагуулах болно. Салбарын яам ч нарийн судалгаа байхгүй учраас бөөрөнхий байр суурьтай байгаа.

-Гацууртын ордын эргэн тойрон дахь мэдээлэл зөрүүтэй байдаг. Тухайлбал, алтны нөөц. Хэдийгээр 50 тонн гэж яригдаж байгаа ч түүнээс их нөөцтэй гэх яриа бий. Тэгэхээр энэ чиглэлийн судлаач, эрдэмтэн, докторуудтай уулзаж, судалгаа, шинжилгээг нь харж байсан уу?

-“Сентерра гоулд” компани анх Бороогийн алтыг авахдаа 15 тонн гэж ороод 56 тонн алт авсныг мартахад эрт байна. Энэ удаа ТЭЗҮ тайлангаараа 50 тонн гэчихээд 76 тонн хүртэл авах боломжтой гэсэн төсөөлөлтэй байгаа юм байх. Гэтэл гадаад дахь тайлан мэдээлэлдээ 115 тонн гэж дурьдсан гэж байгаа. Ямар ч байсан бага жаахан гэж ороод ихийг олборлодог зальтай компани. Ер нь Ноён уулыг тэр чигээрээ алт гэж таамагладаг шүү. Энэ цаг үед тэнд алт байгааг мэдсэн юм биш, 100 жилийн өмнө Ноён ууланд алт олборлох явцад Хүннүгийн үеийн ноёд, хаадын онгон булш илэрмэгц Богд хаан 1920 онд зарлиг гарган алт олборлолтыг зогсоосон түүхтэй. Тэр үед алт хэлбэрээр нь бүр 17 хувь татвар шууд авч байсан баримт ном сударт байна. Өнөөдрийг бодвол алтнаас үнэтэй түүх дурсгал, өв соёлоо эрхэмлэж хайрласан, ёс зүйтэй төр засаг тэр үед байжээ.

-Тусгай хамгаалалтад авах тухай асуудал хөндөгдсөн. 34 мянган га газрыг 11 мянган га болтол нь танасан байдаг. Чухам хууль бус тогтоол гаргасныг хэлж мэдэхгүй юм?

-Тусгай хамгаалалтад авахаар БОАЖЯ-ны захирамжаар эрдэмтэн судлаачид Ноён уулыг ойн сангийн төрөл зүйл, ус, гол горхи, газрын онцлогтойгоор эко системээр нь 37074 га авах үндэслэл боловсруулж өгсөн юм байна. Гэтэл УИХ-аар тусгай хамгаалалтад авах шийдвэр төдий зүйл гаргуулчихаад Засгийн газар тусгай хамгаалалтад авах хилийн бүсийг нь тогтоох юм гэнэ. Ингэхдээ 11000 га болж бууруулж лиценз өгч байгаа юм шиг шулуун шулуун шугам татаад, “Сентерра гоулд” компанийн лицензтэй талбайг тойруулсан нь тусгай хамгаалалтад авсан дүр эсгэж байгаа нь одоогийн төр, энэ Засгийн газрын үнэн нүүр царайг харуулж байна.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг аль нэг компанид шилжүүлж зарахын цаана асар их мөнгөний асуудал бий. Тэгвэл Канадын “Сентерра гоулд” компанийн далд санаа юу байж болох бол. Мэдээж эл компани дэлхий дахинд сайн нэргүй байтлаа Монголд шургалах гээд байгаагийн учрыг юу гэж харж байна вэ. Монголын Засгийн газартай аль эрт тохиролцсон компани юм биш үү?

-Энэ компани жижиг буурай орныг хэрхэн эрх баригчдад нь авлига өгч байгаад баялгийг нь тонон дээрэмддэгийг Киргизийн Кумторын алтны ордыг луйвардсан түүх харуулах буй за. Киргизийн өндөр албан тушаалын 10-аад хүн авлигалын хэрэгт холбогдоод зарим нь шоронд орлоо. “Сентерра гоулд”-ын гүйцэтгэх захирал 68 настай Хомениүк гэдэг хүнийг өнгөрсөн жил Киргизтэй холбоотой асуудлаар Европт баривчиллаа. Ийм л компанитай энэ Засгийн газар, УИХ-ын зарим гишүүн сайн найз болоод байгаа нь эрх ашиг хэнд хэрэгтэй нь тодорхой шүү дээ.

-“Сентерра гоулд” компанийн IIIулирлын тайлан нь дампуурлын ирмэгт тулсан гэх мэдээлэл бий. Мөн эргэлтийн зээлээр сэхэл авах гээд байгаа гэдэг. Энэ тухай хэр мэдээлэлтэй байгаа вэ?

-“Сентерра гоулд” компани Ноён уул дахь Гацууртын ордыг ашиглахгүй л бол санхүүгийн байдал хүндэрнэ гэдгээ 2015 оны тайландаа тусгасан. Энэ нь өөрсдөдөө ямар их ашигтай гэрээ төлөвлөөд буйг харуулж байгаа юм.

-“Сентерра гоулд” компанийг судалж үзэхээр бичиг баримтын асар их зөрчилтэй гэх юм билээ. Энэ талаар танд баримт материал бий юу?

-Байгаль орчны нөлөөлөл байдлын нарийвчилсан үнэлгээг энэ компани хийлгээгүй, ялангуяа 2012 онд шинэчлэгдсэн хуулиас хойш дэлгэрэнгүй үнэн зөв үнэлгээ хийлгээгүй байгаа. Цэвдэгийн судалгааг ч хйилгээгүй. Мөн энэ компанийн лицензтэй талбайгаас түүх соёлын дурсгал долоон ширхэг илэрсэн зэрэг нь ашиглаж ухаж болохгүйг хэлээд байна. Гэвч байгаль орчноо хайрладаггүй, түүх соёлоо хүндэтгэдэггүй, ард түмнийхээ үгийг сонсдоггүй дүлий төр л ухуулах шийдвэр гаргаж чадна.

-Хэдийгээр бие даагчид, иргэний хөдөлгөөнүүд Гацууртын ордыг хамгаалахыг хүссэн ч дийлэхгүй бололтой. Шулуухан хэлэхэд, та бүхний тэмцэл талаар өнгөрлөө шүү дээ?

-Ард иргэд Ноён уулаа ухуулахгүй гэж жагслаа, тэмцлээ, өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлалаа. Энэ бүхэн нь байгаль дэлхий, өвөг дээдсийн онгод шүтээнтэй далд ухамсарын холбоотой монголчуудын сэтгэлийн дуудлага болов уу. Өнөөдөр ялагдсан ч маргааш Киргиз шиг буруутнуудад нь хариуцлага тооцох цаг ирэх байх гэж боддог. Ер нь Ноён уул бол жирийн нэгэн уул биш. Тэнд монголчуудын үүх түүх, соёл зан заншил, бие сэтгэлийн нандин бүхэн хадгалагдаж байгаа. Төр засаг мунхаг шийдвэр гаргавал Ноён уул өшөөгөө авах вий.

-Орон сууцны найман хувийн зээлийг тав болгохоор хэлэлцэж буй. Энэ орон сууцны зээл эдийн засгийн хямралыг далласан гэх юм. Хүүг буулгах нь улс төрийн шоу юу?

-Иргэд орон сууц авахдаа 30 хувийн урьдчилгаа төлөөд жилийн найман хувийн хүүтэй зээл аваад явж байсан. Хямралтай ч гэсэн сардаа 1000 гаруй орон сууц борлогдож байсан судалгаа бий. Гэтэл энэ Засгийн газар урьдчилгааг нь 10 хувь болгоно гэснээс болоод хүлээлт үүсч, үндсэндээ борлуулалт зогссон. Бараг жил тойрч байж урьдчилгаа 20 хувьтай, жилийн таван хувийн хүүтэй зээлийн асуудал шийдэгдэх гэж байна. Энэ хугацаанд компаниудын алдагдал дампуурлын буруутан Засгийн газар өөрөө шүү. Аливаа улс оронд үл хөдлөх хөрөнгө, орон сууцыг урт хугацаатай, бага хүүтэй ипотекийн зээлээр шийдвэрлэдэг. Ямар ч бэрхшээл байсан бид энэ замаар л иргэдээ орон сууцжуулах ёстой. Ялангуяа нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг ипотекийн зээлэнд ашиглахаар хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-аас шийдвэрлээд байна. Бусад улс орнууд ч тэгж ашигладаг.

-Тантай уулзсаных Дорнод аймгийн удирдлагуудын талаар асуухгүй өнгөрч болшгүй нь. Танай аймгийн удирдлагууд эв зүйгээ олохгүй хэрэлдэж байна. Мөн та МАН-д байсан хүн. Чухам хэн нь хэн бэ гэдгийг хэлээд өгөх боломж байна уу?

-Миний хувьд МАН-д жил хүрэхгүй хугацаанд байсан учраас намын доторх нарийн ширийн болгоныг мэдэхгүй, хутгалдаж байгаагүй. Ер нь МАН олон жилийн уламжлалтай төрөөр, ахмадаар хүмүүжсэн боловсон хүчин сайтай нам. Гэхдээ тэр байдал нь намыг авч яваа хүмүүсийн зарим бодлогоос болж алдагдаж байна уу гэлтэй. Ямартай ч зарим нэг нь өнөөдөр намд элсээд маргааш нь намын хорооны бага хурлын гишүүн болж байх жишээтэй. Мөн эрх мэдэл, сандал ширээгээ булаацалдаад гэдсэндээ хөлөө жийлцэж байна. Гэхдээ л энэ намын ужиграл болохгүй бүтэхгүй бүхэн өөрсдийнх нь үйл лай, үр төлөөс мөнөөс мөн. Намын гишүүн бус учраас би хөндлөнгөөс нам болоод хүмүүст нь хэтэрхий үнэлэлт дүгнэлт өгөх нь зохимжгүй гэж бодож байна.

-Эдийн засгийн бүлэглэл шударга нэгнээ мохоон унагаах гээд байх шиг дүр төрх ажиглагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Аливаа улс оронд халаас нэгтэй авилгажсан эдийн засгийн бүлэглэл, улс орны эрх ашиг бизнесийн соёлоо дээдэлсэн эдийн засгийн бүлэглэл гээд янз бүрийн хэлбэр, чанартай бүлэглэл байдаг нь зах зээл гэгчийн жам. Эрх ашгийн зөрчилдөөн ил тодоор илэрч, нэг нь нөгөөгөө муучлах, гоочлох, дарамтлах, түүндээ төр, хүчний байгууллагыг ашиглах явдал гарч байна. Аливаа компани, корпораци, цаашлаад эдийн засгийн бүлэглэл улс орныхоо язгуур эрх ашгийг дээдэлдэг байх нь чухал юм. Манай улс ямар нийгмийг байгуулж байгаа нь ойлгогдохоо болилоо, ямар ч байсан иргэний хүмүүнлэг ардчилсан нийгэм яав ч биш.