Намгүй улстөр гэдэг бол компанигүй бизнестэй адил
2016.01.19

Намгүй улстөр гэдэг бол компанигүй бизнестэй адил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын хуулийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Батчимэг “2010 оноос хойш хийн, олон хүн ажилласан хууль. Намгүй улстөр гэдэг бол компанигүй бизнестэй адил. Энэ хууль УИХ-д суудалтай том намуудын  зөвшилцөлгүйгээр  явах боломжгүй.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Би энэ хуулийг дэмжихгүй байна. Яагаад гэвэл цаасан дээр буусан үг, өгүүлбэрүүдийг уншаад дэмжихгүй гэсэн юм.  Энэ хуулийн төслийн дагуу улстөрийн нам гэдгийг дүрсэлбэл доороо суурьгүй, Монголын 200 гаруй суманд ямар ч нэгжгүй, дээд хэсэгт нь хэдэн хүн хуйвалдсан ийм бүтэцтэй болох гэж байна. Нам жинхэнэ хуйвалдааны байгууллага болох нь ээ. Нам олон түмнээс тасрах үед л олигтой юм болдоггүй.

Түүний дараагаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “2012 оноос хойш сайн хуулийг гарган улстөрийн намуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг бодсон. Харамсалтай нь намуудын зөвшилцөлд энэ хууль явж чадсангүй. Яагаад гэвэл нэг ч намаас санал аваагүй. Хуулийн төслийг зөвшилцлөөр гарган, саналуудыг тусгаад, илүү үр өгөөжтэй, ахисан түвшинд хүрч сонгодог утгаар нь улстөрийн намын төлөвшлийг бий болгохоор их ажилласан. Гэвч үүнийг тусгаж өгч чадаагүй байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн санал хураахад гишүүдийн 37.3 хувь нь дэмжсэнээр уг хууль дэмжигдсэнгүй.