Засгийн газар "Центерра Гоулд"–ийн өмнөөс ярьдгаа болих хэрэгтэй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2016.01.21

Засгийн газар "Центерра Гоулд"–ийн өмнөөс ярьдгаа болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал эгзэгтэй, эмзэг байна.  Ийм үед ерөнхий сайдыг огцруулах санал  өргөн барих нь хэр тохиромжтой бэ?

- Гишүүдийн гарын үсэг цуглартал нэлээд хугацаа алдлаа. Ганцхан үндэслэлээр огцруулах үндэслэл бүхий санал өргөн барьсан. 2009 онд байгуулсан Оюутолгнойн гэрээг  бүр дордуулсан Дубайн төлөвлөгөө нэртэй зүйл. Монголчууд энэ гэрээний ач тусаар Оюутолгойгоос 2037 он хүртэл  ашиг авахгүй. Үүнийг бид огцоруулах хангалттай үндэслэл гэж харж байгаа. Монгол Улс ийм асуудал дээр төрд байгаа  эрхэм мэдэлтэй  хүмүүстэйгээ  хариуцлага тооцохгүй юм бол доошоо хариуцлагын тухай яриад ч хэрэггүй. Гадаад оронд бол  нэг жилээр улсынх нь хүртэх ашгийг ухраасан л бол шууд огцруулна.

- Гарын үсэг зурсан Р.Амаржаргал гишүүн нэрээ татлаа. Ер нь гишүүд эхнээсээ татгалзаад эхэлвэл хүсэлт чинь хүчин төгөлдөр байх уу?

– Хэрэв энэ гишүүд монголын эрх ашгийг 15 жилээр ухраахыг хүлээн зөвшөөрч байгаа юм бол татгалзана биз дээ. Яах гэж анхнаасаа зурсан юм. Лоббинд орж байгаа юм уу. Намын дарамтанд орж байгаа юм уу. Ийм жижигхэн эрх ашигтай байж болохгүй шүү дээ. Намаас илүү улс орын эрх ашиг түрүүнд байх ёстой. Хэрэв Р.Амаржаргал гишүүн гарын үсгээ буцааж байгаа бол өчүүхэн байна гэж хэлмээр байна.

- Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх санал дээр МАН-ынхан эсрэг байр суурьтай байснаас үүдэн  гарын үсгийн тоо нэмэгдлээ гэх хардлага явж байна. Энэ талаар?

-   Монголын хүртэх ашгийг байхгүй болгосон “Дубайн гэрээ”-тэй холбоотой шалтгаанаар Ерөнхий сайдыг унагах хүсэлт гаргасан. Хүн юу гэж ярих нь хамаагүй. Гэхдээ тойргийн мандатыг нийслэл рүү татаж болохгүй л дээ. Дорнод аймаг л гэхэд хуучин гурван гишүүнэй байсан, одоо хоёр гишүүнтэй. Тойргийг багасгачихаар одоо нэг болно. Хөдөөнөөс сонгогдсон гишүүд орон нутгаараа тойрон явахад 15 хоногт амждаггүй. Гэтэл Нийслэлд асар байга зардлаар сонгогчидтойгоо уулзчихна. Хэвлэл мэдээлэл нь байна. Ямар нэгэн байдлаар эрхээ хамгаалуулах, асуудлаа тайлагнах боломж байдаг.

Ерөнхий сайдыг огцруулах санал гишүүдийн олонхоор дэмжигдэх магадлалтай юу?

- Дэмжих эсэхээ УИХ олонхоороо л шийднэ. Ч.Сайханбилэгийн засгийн газар тархи угаалтыг маш сайн хийж байгаа. Рио Тинтотой хамтраад ч хийж байгаа.

- Шинэ засгийн газар гараад ирлээ гэхэд Дубайн гэрээг өөрчилж чадах уу?

- Дубайн гэрээг өөрчлөх ёстой. Яагаад гэхээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ёстой. Энэ засгийн газрыг Дубайн гэрээгээр  огцруулахын нэг сайн тал бол Монгол Улс арбитрийн шүүхэд өгөхөд үндэслэл  баримт болох магадлалтай юм. Шүүх Монгол Улс энэ гэрээг хүлээн зөвшөөрөөгүй юм байна, эрх баригч хэдхэн хүн л дэмжиж байж  гэж харна.

Бие даагчдын зөвлөлөөс С.Ганбаатар гишүүн гарч, ХҮН-ын дарга болчихлоо. Үүн дээр таны байр суурь ямар байгаа бэ?

- Ний нуугүй хэлэхэд бие даагчдын зөвлөл сонгуулиас өмнө нам байгуулах хүсэлтэй байсан. Гэхдээ болоогүй л дээ. Шинэ сонгуулийн хуулиар нэгдүгээр сарын 1-нээс  нам байгуулсан тохиолдолд сонгуульд оролцох эрх эдлэхгүй. Тэр ч үүднээс С.Ганбаатар гишүүн хувь хүнийхээ сонголтыг хийгээд ХҮН руу орсон. Бид хоёрыг бодвол  хуучин ч гэсэн холбоотой байсан байх. Зөв гэж алга ташихгүй, буруу ч гэж хэлэхгүй.

Та бүхэнд намд элсээч гэсэн санал ирж байгаа юу?

Улстөрийн намд элсээч гэсэн саналууд ирж байгаа. Тэгэхдээ бие даагчдын зөвлөл бүрэн эрхийнхээ хугацаанд энэ хэвээрээ ажиллана гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байна.

Тэгэхээр  дахин бие дааж нэр  дэвшинэ гэсэн үг үү?

- Тэгж таарна л даа. Ц.Даваасүрэн гишүүний тухайд 2012 оны сонгуулиас өмнө Нийслэлийн МАН-аас хөөсөн. Гэхдээ сүүлд нь буруу шийдвэр  гаргасан байна гээд шийдвэрээ түдгэлзүүлсэн юм билээ. Тэглээ гээд Ц.Даваасүрэн гишүүн нам руугаа орчихоогүй, өнөөг хүртэл бие даагчийн статусаа хадгалаад л ажлаа хийж яваа.

- Гацууртын орд эцсийн хэлэлцүүлгээр батлагдах нь тодорхой болчихоод байна.

- Монголчуудад хөндөж болохгүй, хайрлаж, тахин шүтэх ёстой газар нутаг гэж байх ёстой. Тийм үнэт зүйлсээ л энэ засгийн газрын үед гээж байна. Гадныхныг юу гэж хэлнэ за л гэж байна. Үүүний цаана лав Монголчуудын эрх ашиг байхгүй. Гацууртын ордоос  бид 10 жилийн хугацаанд 10 хувийн ашиг  л хүртэнэ. Хараа, Ерөө, Сэлэнгэ гол руу хүнцэл хор шууд нөлөөллөө үзүүлнэ. Яам нь хүртэл аюулгүй гэх баталгаа гаргаж өгч чадахгүй байгаа. Ширээний ард суугаад кноп дарах гэж байгаа гишүүд өөрсдөө тэр уснаас шууд ууж хэрэглэгдэг малчид биш учраас саналаа өгч байгаа юм. Гишүүд тэнд аж төрдөг хүмүүстэй адил хараа голын уснаас уудаг байсан бол кноп  дарахгүй. Нүдэн балай, чихэн дүлий шийдвэр гэж энэ юм.

"Центерра Гоулд"  компани манай улсыг Арбитрт өгсөн тохиолдолд бид үнэхээр буруудах хууль эрхзүйн үндэс байгаа юм уу?

- Арбитрийн шүүхэд  өгчихөөр  манай улс 70 сая ам.долларын өрөнд орно гэж, Хан Ресурсийн явдлыг дахин давтана гэж засгийн газар  "Центерра Гоулд"  компанийн өмнөөс ярьдгаа болих хэрэгтэй. Үнэндээ бол тэднийх байгалийн онгон дагшин байдал эвдэж, зам тавих зэргээ өчнөөн бүтээн байгуулалт хийсэн. Үүний нөхөн төлбөрийг  эргүүлээд нэхэмжлэхэд л манайх ямар ч мөнгө төлөхөөргүй үлдэнэ. Засгийн газар  энэ гаргалгааг ч мэдэж байгаа.

- Та халх голыг хөдөө аж ахуйн бүс нутгаар хөгжүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл хэдийгээр хэлэлцэгдэхээр байгаа бэ?

- Халх голыг  чөлөөт бүс  болгох зорилгоор 500 мянган га газрыг хамруулах асуудал олон нийтийн  эсэргүүцлийг хүлээсэн. Дэлхийн хаана ч байхгүй том талбайн хэмжээ энд яригдаж байгаа нь өөрөө буруу асуудал. Хөдөө аж ахуйн салбараа  аль ч улс орон цэвэр эрүүл органик байдлаар хөгжүүлэх зорилт тавьдаг юм байна. Энэ нь өөрөө олон улсын  нийтлэг жишиг юм. Ингэж  үйлдвэрлэлээ цэвэр болгосон  улсуудыг Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн  байгууллагаас хянан баталгаа хийгээд, импортоор авах хэрэглэгч орнуудад энэ улсын тэр бүсээс хүнс авахад эрүүл, аюулгүй гэсэн мэдээлэл түгээдэг. Гэтэл бид нар өнөөдрийг хүртэл үүнийг мэдэхгүй ирсэн байгаа юм. Харин Халх голыг чөлөөт бүс болгох асуудал сөхөгдсөнөөр судалгааны явцад энэ асуудал гарч ирсэн. Үүнтэй холбогдуулан  оны өмнөхөн Хөдөө аж ахуйн яамнаас “Органик хүнсний тухай хууль” оруулж ирсэн байгаа. Намрын чуулганы хугацаанд батлагдаад гарчих байх. Үүний дараа Халх голыг органик хөдөө аж ахуйн бүс нутгаар хөгжүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ гэсэн чиглэлтэй байна.

Махандаа зуун хувийн баталгааг Олон улсын байгууллагаар өгүүлж, гадагш нь экспортлох санаа юм уу?

- Хөгшчүүд үхрийн махаа сайн чанаж болгож идээрэй. Адууны махнаас өвчин халдахгүй гэж хэлдэг. Гэтэл манайхан байгалийн өвс ногоо идэж байгаа Монгол малын мах гэхчлэн ярьдаг. Гадны ихэнх орнууд үхрийн махыг стейк хийх маягаар хагас боловсруулан хэрэглэж байна.  Гэтэл манай үхрийн мах бурцилиозтой байх нь бий. Тэгэхээр соёлтой улс  орнууд манайхаас малын  мах шууд экспортлох уу? Болгоомжлох нь аргагүй юм. Чухам иймээс  л бид органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.  Органик  байдлаар мал аж ахуйгаа хөгжүүлэхэд дагаад малчны амьдрал ахуй ч өснө.

 Дан ганц Халх голд биш цаашид бүсчлэн хөгжүүлэх боломжтой гэсэн үг үү?

- Мэдээж дан ганц Халх голд органзин үйлдвэрлэл хөгжүүлэх асуудлаар  уг хуулийн төсөл хязгаарлагдахгүй. Цэгчилсэн байдлаар хөгжүүлэх зорилтын  хүрээнд тухайлсан бүс  нутгийг байгуулах шаардлага үүснэ. УИХ-ын нэр бүхий гишүүд махны экспортоор дэлхийд тэргүүлэх чиглэлтэй Уругвай, Бразил улсуудаас туршлага судалсан. Уругвай манайх шиг 3.5 сая хүн амтай. Тэгсэн мөртөө ДНБ нь 50 миллард. Түүний 70 хувь буюу 35 миллард  ам.доллларыг ХАА-н салбараасаа олж байна. Бид тэгэхэд 5 миллард ам.долларыг ч энэ салбараасаа олж чадахгүй байгаа. Тэгэхээр бидэнд дэлхийн жишгээр явах юм бол ХАА-н салбараас асар их ашиг  олох боломж байгаа юм.

- Органик бүс байгуулах талбайн хэмжээгээ хуулиндаа нарийвчлан заасан уу?

- ХАА-н органик бүсийн газрын хэмжээ дэлхий дахинд янз бүр байдаг юм билээ. Тухайн газар нутгийн онцлогоос хамаардаг гэсэн үг. Тиймээс бид хуулинд яг тодорхой тоо хэмжээ зааж өгөөгүй байгаа. Яг органик буюу 100 хувь цэвэр болтлоо 5-7 жил зарцуулагддаг гэсэн тооцоо байна лээ. Түүнийгээ тухайлан ангилаад хөгжүүлдэг, дэлхийн дахинд тэр мэдээлэл нь нээлттэй байх юм.

- Тэгэхээр энэ хууль батлагдчихвал Халх гол дээр  өмнө нь яригдсан чөлөөт бүсийн асуудал хэрхэн зохицуулагдана гэсэн үү?

- Угаасаа хөдөө аж ахуйгаар  чөлөөт бүс дагнан байгуулдаг улс байдаггүй юм билээ. Дэлхийд хамгийн томдоо 12 мянган га хөдөө ахуйн бүс байхад манайх түүнээс 40 дахин том талбайд байгуулах асуудал сөхсөн. Тиймээс ч хуулийн хүрээнд өөр зохицуулалт хийх шаардлага байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад хууль өөрөө сайжраад явахад энэ хэлбэрээр хэрэгжих бүрэн боломжтой гэж харж байна.

Хууль батлагдсан тохиолдолд засгийн газраас хэрэгжүүлэх журам давхар гаргах шаардлага үүснэ байх. Засгийн газраас бүс байгуулах газруудад малыг эрүүлжүүлэх  шат дараатай хийх ажлыг зохицуулна.  Чөлөөт бүсийн зааг дээр тухайлсан постууд байршиж, хяналт тавина гэсэн үг. Ийм хэлбэрт ороод ирэхээр малын махаа зүгээр зарахаас тав дахин үнэтэй худалдаалах боломж нээгдэнэ гэж харж байгаа. 

- Ярилцсанд баярлалаа.