Батхүү.Г 2016.01.21 | Сайт: Vip76.mn

“Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форум 2016”-д илтгэл тавьлаа

“Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форум 2016”-д илтгэл тавьлаа
УИХ-ын гишүүн Г.Батхүү

“Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форум 2016”-д “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавилаа.

Хүндэт төлөөлөгчид, ноёд хатагтай нар аа,

Дэлхийн улс орнууд өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн Мянганы хөгжлийн зорилтоо дүгнэж, 2030 он хүртэлх дараагийн томоохон зорилтоо тодорхойлон 2015 оны 9 дүгээр сард “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” гэсэн үндсэн агуулгатай хөтөлбөрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар баталсан билээ. Энэхүү “Тогтвортой хөгжлийн зорилт” нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайжруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр 17 зорилго, 169 зорилт, 300 гаруй үзүүлэлттэй юм. 

Тогтвортой хөгжлийн үндсэн гурван багана нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин бөгөөд өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан ирээдүйн бодлогыг тодорхойлоход энэ хөгжлийн зорилго оршдог. 
“Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн зорилтууд нь бүх хэлбэрийн ядуурлыг зогсоох, эдийн засгийн өсөлтийг хангах, хүний хөдөлмөрийг үнэлэх, амьжиргааны түвшингийн ялгааг арилгах, үйлдвэрлэлийг дэмжих зэрэгт чиглэж байна. 

Дэлхийн улс орнууд урт хугацааны хөгжлийн бодлогоо дунджаар 15-20 жилийн хугацаатайгаар төлөвлөдөг. Тухайлбал, Европын Холбооны гишүүн орнууд “Европ 2020: Ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй өсөлт” хэмээх урт хугацааны бодлогоо 2010 онд баталсан бөгөөд дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгээ таван жил тутам тодотгон хэрэгжүүлж байгаа нь дунд хугацааны стратеги, төлөвлөлт зайлшгүй хэрэгцээтэйг харуулж байгаа юм.

Мөн ОХУ 2008 онд “ОХУ-ын нийгэм-эдийн засгийг 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”-ыг, БНХАУ 2013 онд “Хятад-2030” урт хугацааны бодлогоо тус тус батлан хэрэгжүүлж байна.
Миний дээр дурьдсан НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-той нийцүүлж, дэлхийн улс орнууд үндэсний өвөрмөц онцлогт нийцсэн тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, томьёолох ажлыг эхлүүлээд байгаа энэ үед Монгол Улс ч тогтвортой хөгжлийн зорилтоо тодорхойлж байна.

Манай улс урт хугацааны хөгжлийн бодлого буюу “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг анх 1996 онд баталж байлаа. Түүнчлэн олон нийтийн хүсэл сонирхлыг нэгтгэн илэрхийлсэн, улс орныхоо хөгжлийн стратегийг тодорхойлсон “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг Улсын Их Хурлаар 2008 онд баталж хэрэгжүүлсэн бөгөөд Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хугацаа 2015 онд дуусгавар болсон юм. 
Үндэсний хөгжлийн цогц бодлогын эхний шатны хэрэгжилтийн үр дүнд үндэслэж, мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-ууд болон дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Монгол Улсынхаа урт хугацааны хөгжлийн бодлогыг шинэчлэх шаардлага бидний өмнө тулгараад байна. 

УИХ-аас 2015 онд баталсан Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 15-20 жилээр тогтоож байхаар хуульчилсан. Үүнтэй холбогдуулан 2030 онд эдийн засгийнхаа өсөлтөөр бүс нутагтаа тэргүүлж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын эгнээнд хүрсэн, нээлттэй эдийн засагтай, чинээлэг дундаж давхарга давамгайлсан, шударга өрсөлдөөнд тулгуурласан бизнесийн тунгалаг орчинтой, алсын хараа бүхий Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулаад байна. 

Энэ үзэл баримтлалыг боловсруулахдаа эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс гадна Монгол Улс өндөр хөгжилтэй, уул уурхайгаас хараат бус, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангасан улс болон хөгжих урт хугацааны, залгамж чанар бүхий бодлоготой байхыг эрмэлзсэн.
Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай болсноор улс орны хөгжлийн бодлогыг төлөвлөх, үндэсний хэмжээний, салбарын, орон нутгийн бодлогын уялдаа холбоог хангах, бодлого төлөвлөлтийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилт, үр дүнд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үндэслэл, эрх зүйн орчин бүрдэж байгаа.

Монгол Улс цаашид хөгжлийн үзэл баримтлалаа төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, үндэсний хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын болон аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэсэн бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлнэ. 

Ингэхдээ даяаршиж буй дэлхий нийтийн хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзан тогтвортой хөгжлийн бодлогыг гурван үндсэн үе шатанд хувааж, хэрэгжүүлэх юм. Мөн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх явцад тулгарах эрсдэлийг урьдчилан тооцох зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, эдийн засгийн өсөлт, хөгжил уул уурхайгаас хэт хамааралтай байгаа нь бидний хувьд томоохон сорилт юм. Нэг тоо дурдахад, манай улсын аж үйлдвэрийн салбар нь уул уурхай, хөдөө аж ахуйд суурилсан бүтэцтэй, 2014 оны байдлаар нийт экспортын 83 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байна. Гэтэл экспортын гол бүтээгдэхүүн зэс, нүүрс, түүхий ноолуурын үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байгаа нь эдийн засаг, төсөв, санхүү, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Иймээс цаашид байгалийн баялгаа зохистой ашиглах, уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг зөв зарцуулах нь эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах үндэс болох юм.

Монгол Улсад ойрын 15 жилд уул уурхай, хүнд аж үйлдвэр, дэд бүтцэд 47 тэрбум ам.долларын эх үүсвэр шаардлагатай байгаагаас гадна нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, хотжилтын хэрэгцээ нэмэгдэх төсөөлөл байна. 

Түүнчлэн төсөв, санхүүгийн хувьд өмнөх жилүүдэд үүссэн Засгийн газрын арилжааны зээл, Монголбанкны своп хэлэлцээрийн өрийн барагдуулалт, хувийн хэвшлийн олон улсын зах зээлээс босгосон валютын санхүүжилт, хөрөнгө оруулалтын эргэн төлөлт зэрэг томоохон асуудлууд тулгарах болно. Энэ нь дэлхийн зах зээл дээр алт, нүүрс, зэс зэрэг манай голлох экспортын бүтээгдэхүүний ханш уналттай байгаа энэ цаг үед, цаашлаад 2025 он хүртэл улсын төсвийг тэлэхгүй байх, төсвийн сахилга батыг сайжруулахыг шаардаж байгаа юм.

Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн гол чиглэлүүдийн нэг бол тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих бодлого билээ.

Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах макро эдийн засаг, салбарын хөгжлийн бодлого нь дараах гол зарчмуудад тулгуурлана.

Үүнд,
- урт хугацааны эдийн засгийн дундаж өсөлтийг 6.6 хувиас доошгүй байлгах; 
- өрийн дээд хязгаарыг чанд сахин мөрдөж ажиллах, гадаад зах зээл дэх Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтмол дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх; 
- гадаад зах зээлийн болон түүхий эдийн үнэ ханшийн хэлбэлзлээс сэргийлэх бодлогыг баримталж, хуримтлалын сан бий болгон арвижуулах; 
- банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн тогтолцооны урт хугацааны тогтвортой, эрсдэлгүй, найдвартай байдлыг хангаж, хөгжлийн бодлогын зорилтод нийцсэн зохистой бодлогыг хэрэгжүүлэх; 
- гадаад, дотоод зах зээлийн эрсдэл, нөлөөллийг байнга судалж, учирч болох үр дагавраас урьдчилан сэргийлэх 
- урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, олон улсын байгууллага болон гадаадын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг түлхүү ашиглаж, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудтай бодлогоо уялдуулж, идэвхтэй хамтран ажиллах зэрэг болно. 

Тогтвортой хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх гол үндсэн нөхцөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу эдийн засгийн бие даасан байдал, санхүүгийн салбарын засаглалыг сайжруулах, бизнесийн орчныг боловсронгуй болгох явдал юм. Аливаа улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийн урт хугацааны бодлого нь тухайн орны эдийн засгийн үйлдвэрлэл, үйлчилгээний суурь бүтцийг бий болгож, дэмжихэд чиглэдэг. Манай орны хувьд уул уурхай, хөдөө аж ахуй болон бусад тэргүүлэгч салбарын хөгжилд суурилсан, харилцан шүтэлцээ бүхий санхүүгийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах боломжтой.

Санхүүгийн салбарын засаглал, бизнесийн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үндсэн хоёр зорилтыг дэвшүүлсэн. Тодруулбал, бизнес, улс төрийг ангид байлгах, засаглалын ил тод, шударга үйл ажиллагааг хангаж, эдийн засагт төрийн оролцоог эрс багасгах замаар авлигаас ангид орчин бүрдүүлэхээр зорьж байна. Энэ зорилтын хүрээнд гурван үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Нэгдүгээр үе шат нь 2016-2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд хувийн өмчийн халдашгүй байдлыг баталгаажуулан, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, бизнесийг улс төрөөс ангид байлгаж, бизнесийг өөрийн зарчмаар хөгжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 

-Хоёрдугаар үе шат нь 2021-2025 он хүртэл үргэлжилж, хувийн өмчийн халдашгүй байдлыг бүрэн ханган, засаглалын ил тод байдал бүрдэж, авлигаас ангид бизнесийн орчныг бий болгоно. 
-Гуравдугаар үе шат нь 2026-2030 он хүртэл үргэлжлэх бөгөөд авлигагүй эдийн засаг, бизнесийн орчныг төлөвшүүлнэ. 
Түүнчлэн төсөв, санхүү, мөнгөний бодлогыг бизнесийн орчныг дэмжихэд чиглүүлж, үндэсний хэмжээний эрсдэлийн удирдлагын тогтолцоотой болох, шударга өрсөлдөөнийг төлөвшүүлэх, бүс нутгийн санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд 3 үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

Үүнд, 
Нэгдүгээр үе шат буюу 2016-2020 онд зохистой мөнгөний бодлого хэрэгжүүлж, үндэсний хэмжээний эрсдэлийн удирдлагын тогтолцоотой болох, өрсөлдөөнийг дэмжих, эдийн засаг дахь төрийн хувь, оролцоог эрс багасгах; 
Хоёрдугаар үе шат буюу 2021-2025 онд санхүүгийн шинэчлэл хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын улс төрийн эрсдэлийг арилгаснаар бизнесийн орчин, баталгаат байдлыг сайжруулж, бүс нутгийн хэмжээнд санхүүгийн төвийг үүсгэх; 
Гуравдугаар үе шат буюу 2026-2030 онд бүс нутгийн хэмжээнд санхүүгийн төв болон хөгжих юм.

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн өнөөгийн бүтэц нь банкны салбар давамгайлсан, богино хугацаат санхүүжилтээс хамааралтай байна. Иймд эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хангах, хуримтлал, хуваарилалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, санхүүгийн зохистой тогтолцоог бий болгох зайлшгүй хэрэгцээ тулгараад байна.

Санхүүгийн зах зээлийн бүтцийг авч үзэхэд, манай улсын нийт санхүүгийн салбарын 95 хувийг банк, үлдсэн 5 хувийг бусад санхүүгийн салбарын актив эзэлж байна. Ийнхүү банкны салбар давуу эрхтэй байгаа нь гадаад, дотоод эдийн засгийн таагүй нөхцөл байдал, нөлөөллөөс үүдэн санхүүгийн зах зээлийн болон нийт эдийн засагт томоохон эрсдэл учруулж болзошгүй.

Хөгжингүй орнуудад санхүүгийн үйл ажиллагааг төрийн хатуу бодлогоор зохицуулдаг. Манай орны хувьд мөнгөний болон хөрөнгийн зах зээл хоорондын уялдааг хангах, урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгох, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг дархлаажуулахын тулд шинэчлэл, хөгжлийн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай.

Иймээс Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Монголбанк, Сангийн яамтай хамтран “Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2025 он хүртэлх хугацааны шинэчлэл хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байгаа юм.

Санхүүгийн зах зээлийн үндэсний форумд амжилт хүсч, хамтын ажиллагааны шинэ чиг хандлагыг тодорхойлохыг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.