Нямбаатар.Х 2016.01.21 | Сайт: Vip76.mn

Бид гараа хумхин зүгээр суугаагүй

Бид гараа хумхин зүгээр суугаагүй
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар

Томоохон газар нутагтай, хүн ам ихтэй төвийн дүүргүүдийг бодвол харьцангуй алслагдмал дүүрэг бол Сонгинохайрхан. Энэ дүүрэгт олон тулгамдсан асуудал байгаагийн хэрээр хөгжих боломж нээлттэй байна.

Тиймээс ч бид Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатартай уулзаж, дүүргийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар ярилцлаа.    

2009 оны эхээс дүүргийн мэргэжилтнээс одоо ИТХ-ын даргын алба хашиж буй хүний хувьд дүүргийнхээ давуу тал, боломжийг юу гэж хардаг вэ?

Тийм ээ. 2009 оны нэгдүгээр сараас тус дүүрэгт мэргэжилтэн, хэлтсийн дарга, тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, одоо ИТХ-ын даргаар ажиллаж байна.

Манай дүүрэгт маш олон боломж байна. Нийт Улаанбаатарчуудын сүүний хэрэгцээний 40 хувийг Сонгинохайрханчууд хангадаг. Тэр дундаа дүүргийн 21-р хороог нэрлэж болно. Төмс, хүнсний ногоо, гахай, тахианы фермерүүдийн дийлэнх нь манай дүүрэгт байдаг. Сүү, мах, гурилын томоохон үйлдвэрүүдтэй.

Уудам газар нутагтай учраас тодорхой бүсчилсэн хөгжлийн загвараар хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Тухайлбал, дүүргийн тодорхой хороонуудыг гахай, тахианы фермерийн чиглэлээр хөгжүүлэх бол байгаль, орчин нь бүрдсэн хэсгүүдийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Дүүргийн тодорхой эрх мэдэлтэй албан тушаалд томилогдсоноосоо хойш ямар тодорхой, томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэв?
Дүүргийн хэмжээнд тодорхой, дорвитой ажлууд хийж, хэрэгжүүлсэн.

Анх ажлаа авч байхад дүүрэг 25 хороотой байсан бөгөөд энэ хэрээр иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж бага, ачаалалтай ихтэй байсан. Тиймээс шинээр хороо нэмж, эмхлэн байгуулах ажлыг гардаж, хороодын иргэдийн бичиг баримт, харьяалал, шилжилт хөдөлгөөн, хаяг зэргийг цэгцэлж, 7 хороо байгуулсан. Тухайн үед газрын олдоц багатай байсан ч байршлын хувьд бүх талаараа боломжтой газруудад долоон хорооны цогцолбор барьсан.  

Сонгинохайрхан дүүрэг алслагдмал гэдэг утгаараа байгаль орчныг доройтуулж байдаг. Туул голын сав газарт 15 ААН хайрга ухаж, Баянхошууны Найрамдал шар шорооны орд их хэмжээний олборлолт явуулсны улмаас айл өрхийн аятай тухыг алдагдуулан, Улаанчулуутын зүүн талын дайргыг тэр чигт нь олборлож байсан юм.

Байгаль орчныг доройтуулах, иргэдийн тав тухтай байдлыг алдагдуулсан эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, дүүргийн онцгой бүс нутгийг тусгай хамгаалалтад авах юмсан гэж боддог байлаа. Тиймээс ч ажлаа аваад Сонгинохайрхан уулын зүүн бэлийн 650 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, тэнд үйл ажиллагаа явуулж байсан ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох байгууллагуудад хандан нөхөн олговор гаргуулахаар болсон.  

Баянхошууны Найрамдал ордод үйлдвэрлэлийн зориулалттай үйл ажиллагаа явуулж буй ААН-д хариуцлага тооцуулахаар шүүхэд хандаж байлаа. Тэдэнд иргэдийг дээрэлхэх, тав тухыг нь алдагдуулах эрх байхгүй шүү дээ.

Хүүхэд хамгааллын чиглэлээр бид зоригтой шийдвэр гаргаж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй, өртөж болзошгүй хүүхдийн судалгаа хийж, эрх нь хөндөгдсөн хүүхдүүдийн эцэг, эхэд хариуцлага тооцох нэгдсэн арга хэмжээ авч авсан. Улмаар дүүргийн хэмжээнд Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бие даасан байгууллагатай болоод байна.

Дүүрэг хүн ам ихтэй учраас тэр хэрээр шийдвэрлэх шаардлагатай асуудал гардаг биз?

Манай дүүрэг 2014 оны статистикаар 294 мянган оршин суугчтай гэсэн тоо байна. Одоогоор 300 мянга гаруй оршин суугчтай болоод байна. Төрөлт маш өндөр хувьтай байдаг. Дүүргийн хүн амын дунд төрөх насны эмэгтэйчүүд олон байгаагийн илрэл л дээ. Тэр хэрээр цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж байдал учир дутагдалтай байдаг. 1985 онд байгуулагдсан дүүргийн нэгдсэн эмнэлэг тухайн үеийн хүчин чадлаараа иргэдэд үйлчилж байна.  

Манай дүүрэг хөгжихөд нэг асуудал байна. Тэр нь төсөв.

Өнгөрсөн оны дүүргүүдийн төсвийн орлогыг харахад, Чингэлтэй дүүрэг 25.8 тэрбум төгрөг, CБД 26 тэрбум төгрөг, Хан-Уул дүүрэг 20 орчим тэрбум төгрөг, Баянзүрх дүүрэг 17 орчим тэрбум төгрөг, Баянгол дүүүрэг 15 орчим тэрбум төгрөгийн төсөв бүрдэж байхад манай дүүргийн жилийн төсвийн орлого 7.6 тэрбум төгрөг байна.. Энэ бол бидний асуудал.

Төсөв багатай учраас бүтээн байгуулалт, дэд бүтэц, дүүргийн тохижилтийн ажлыг хангалттай хэмжээнд хийж чадахгүй байна.

Тиймээс төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд газар, ус ашигласны төлбөр, хүн амын орлогын албан татвараас олох орлогыг дүүрэг өөртөө төвлөрүүлье гэсэн саналтай байна. Тухайлбал, манай дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усны эх үүсвэрээс Дулааны гуравдугаар цахилгаан станц ус ашигладаг. Төлбөр нь жилд 620 сая төгрөг болдог бөгөөд энэ орлогыг Нийслэлийн татварын газар татан төвлөрүүлдэг. Гэтэл төсөв багатай дүүрэгт жилийн 620 сая төгрөг чинь их мөнгө шүү дээ.

Одоогоор дүүргийн төсвийн ихэнх орлогыг ямар эх үүсвэрээс бүрдүүлж байна?

Ихэнх нь хүү, торгуулийн орлого, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны хоёр хувь, орлогыг нь тухайн бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээний хураамж зэрэг бүрдүүлж байна.

Нийслэл хотын татвар болон Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль хэрэгжиж байгаа нь орлого улам багасах шалтгаан болж байна.  

Зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг дүүргийн өөрийн нөөц боломжид тулгуурлан шийдэж чадаж байна уу?
Шинэ, шинэ зорилтууд тавьж ажилласан.

2012 онд бидний баг, хамт олон ажил авахад дүүргийн төсвийн орлого 4 орчим тэрбум төгрөг байсан. Тиймээс бидний эхний зорилт бол орлогоо нэмэгдүүлэх болж байлаа. Бид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд орлогоо нэмэгдүүлэх бүхий л боломжийг эрэлхийлсний үндсэн дээр одоо ойролцоогоор нэг дахин нэмэгдээд байна.

Хоггүй дүүрэг болох зорилт дэвшүүлж, Орон нутгийн өмчит хог тээврийн хоёр байгууллага шинээр байгуулсан. Улмаар арав, арваар нь хороодоо хариуцаж, төлөвлөгөөт уралдаан зарласнаар жилийн дотор хоггүй дүүрэг болсон.

Дараагийн нэг шийдвэрлэх шаардлагатай асуудал бол гэрэлтүүлэг байсан. Бид гар хумхин зүгээр суугаагүй. Өнгөрсөн хоёр жилд 50 км талбайд гэрэлтүүлэг тавьж, иргэдийн аюулгүй байдлыг хангасан.

Гэр хорооллын томоохон гудамжуудыг хатуу хучилттай замтай болгохоор зорьж, хороолол доторх авто зам барих зорилгоор ирэх оны төсөвт 2.5 тэрбум төгрөгийг суулгуулсан.

Одоогоор дүүргийн болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар автомашины хөдөлгөөн ихтэй шороон замыг хатуу хучилттай болгож, төв замтай холбоод байна.

Цаашид бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажил хийхээр төлөвлөж байна.

Цаашид шийдвэрлэх шаардлагатай бодлогын түвшний ямар асуудал байна гэж харж байна?

Орон нутагт тодорхой эрх мэдлийг төвлөрүүлэх нь зүйтэй. Тэгж байж дүүргийн бодлого, үйл ажиллагаа тогтвортой байна. Дүүргийн төрийн байгууллагуудын албан тушаалтныг нийслэлээс томилдог босоо удирдлагыг өөрчлөх хэрэгтэй гэж боддог.

Орон нутгийн хэмжээнд хэрэгждэг гол болон холбогдох хуулиудын хоорондын уялдааг хангах хэрэгтэй байна. Эрх зүйч, хуульч хүний хувьд хууль эрх зүйн ойлгомжгүй байдал, давхардлыг арилгах нь зүйтэй гэж үздэг.

Ярилцахад таатай байлаа. Танд баярлалаа.