Мөнхтуяа.Г 2016.01.27 | Сайт: Vip76.mn

Улаанбаатар хот дахин “төрөх үү?”

Улаанбаатар хот дахин “төрөх үү?”
Нийслэл хотын өнөөгийн өнгө төрх
Нийслэл хотынхон цаашид өөр орчинд амьдарна

Ойрын хэдэн жил бараг таван аймгийн хүн амтай тэнцэх тооны хүн хотод шилжин иржээ. Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний 2020 оны тодотгол, 2030 оны чиглэлийг УИХ-аар хуульчлан баталсан. 

Улаанбаатар хотын дээрх төлөвлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийг өргөн барьж, улмаар 2015 оны зургадугаар сарын 26-нд батлагдан, батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн.

Энэ хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр нэгэнт бий болсон Улаанбаатар өнөөгийн хот төлөвлөлт, нөхцөл байдал бүрэн сайжирна гэж харах нь учир дутагдалтай хэдий ч шинээр бий болох, хуучнаа сэлбэн засварлах, ирээдүйд бүтээн байгуулах ажлууд илүү эрчтэй, эмх зохион байгуулалттай хийгдэх нь дамжиггүй юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн 40 гаруй хувь нь инженерийн шугам сүлжээ бүхий орон сууцанд амьдарч байна. Үлдсэн хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд ч хүмүүс тохилог байшинд амьдардаг хэдий ч инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас гэртэйгээ ялгаагүй. Гэр хороололд амьдарч байгаа айлуудын 30 орчим хувь нь монгол гэрт амьдарч байна.

Хотын иргэдэд байршлаасаа үл хамааран дэд бүтэц, нийгэм, соёлын үйлчилгээ ойр байх ёстой. Тиймээс ч төр засгаас Улаанбаатарын иргэн бүр аль хэсэгт амьдарч байгаасаа үл хамаарч цахилгаан, дулаан шугамд холбогдсон, халуун устай орон байранд амьдрах ёстой гэдэг зарчим баримтлан ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ зөвхөн орон сууц бариад зогсохгүй боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээг давхар шийдвэрлэхийг зорьж байна.  

Нийслэл хотыг хөгжүүлэх “малгай” хууль

Энэхүү төсөлд аймгуудийн төвүүдийг хот болгон хөгжүүлэх асуудал бараг тусгагдаагүй, зарчмын шинжтэй ерөнхий байдлаар тусгагдсан байна гэж шүүмжлэх хэсэг байхад Улаанбаатар хотыг нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай гэсэн байр сууриуд ч хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр явж байсан.

Нэгэнт хууль батлагдсан гэдэг утгаараа нийслэл хотыг цаашид хөгжүүлэх бодлогын гол баримт бичиг нь энэ хууль болж, хуулийн дагуу нийслэлийг чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжинэ гэсэн үг.

Нийслэлийн удирдлагууд гэр хорооллыг эсгий гэрээс салгана, хэрээс хэтэрсэн агаарын бохирдлыг бууруулна гэж зорилт тавин ажиллаж байна.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Азийн хөгжлийн банк-наас тодорхой хэмжээний зээл авч, төрийн бүх үйлчилгээг хүргэх мэдээлэл, үйлчилгээний найман төв шинээр байгуулахаар төлөвлөжээ.

Энэ ажлын эхлэл болгож Дүнжингарав худалдааны төвд “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан бол цаашлаад Баянхошуу, Сэлбэ зэрэг байршилд нийслэлийн үйлчилгээ иргэд илүү ойроос хүрэх юм байна. 

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хуульд тусгагдсан зарим нэг чухал заалтууд

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа дараах төрөлтэй байна.

- Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах

- Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих;

- Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах;

- Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах;

- Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нийтийн эрх ашигт хамаарах дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийг санаачилна.

- Хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн бэлтгэл арга хэмжээ, батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах зориулалт бүхий барилга байгууламж барих

- Хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих

- Улс, орон нутаг, хот, суурин газрын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх ач холбогдол бүхий бусад ажил.

"Хотыг дахин хөгжүүлэх тухай" хуулийн талаар санал бодлоо солилцохыг хүсвэл энд дарна уу.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.