Гарамгайбаатар.Б 2016.01.27 | Сонин: Ардын эрх

Нийслэлийн мандатыг нэмнэ гэдэгтэй санал нийлэхгүй байгаа

Нийслэлийн мандатыг нэмнэ гэдэгтэй санал нийлэхгүй байгаа
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Танай намын бүлэг уржигдар орой хуралдсан. Тус хуралдаанааар Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцсэн юм уу? 

-Үгүй. Зөвхөн шинээр өргөн баригдаж байгаа хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Түүнээс биш Засгийн газартай холбоотой ямар ч асуудал яриагүй.

-Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн баригдсанаас хойш танай бүлэг албан ёсоор хуралдаагүй байсан биз дээ. Энэ асуудлыг хэлэлцэж гишүүдийнхээ саналыг нэгтгэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу?

-Засгийн газартай холбоотой асуудлыг нарийвчлан хэлэлцээд байх шаардлагагүй. Манай бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэдэг нь тодорхой шүү дээ.

-МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцээд Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН-ын бүлэг ил гарч байна л гэсэн үг. Г.Уянга гэдэг гишүүний албан бланкан дээр МАН-ын бүлгийн гишүүдийн зохион байгуулсан улс төрийн тоглолт явагдаад өнгөрлөө.

-Таны хэлээд байгаа энэ тоглолт дуусаагүй байгаа ш дээ.

-Энэ тоглолт нь газар авахгүй учраас дууссан гэж хэлж болно.

-Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцруулсан шиг зүйл давтагдаж танай бүлгийн зарим гишүүн хуралдаа ирэхгүй юм биш биз дээ?

-Тийм зүйл болохгүй байх гэж бодож байна. Өмнөх үйл явдалтай харьцуулахад нөхцөл байдал ч өөр байгаа. Хүн өмнө нь хийсэн алдаагаа дахиж давтдаггүй шүү дээ. Тиймээс манай бүлгийн гишүүд Засгийн газрынхаа эсрэг ажиллана гэж бодохгүй байна.

-Таны хэлсэн Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн тоглоом сонгуулийн санал хураах өрдийг товлох, тойргуудад мандат хуваарилах үзэгдлээр баяжиж цааш үргэлжлэх юм биш үү?

-Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл бол гэнэтийн зүйл. Харин Сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураах өдрийг товлон зарлах, тойргуудад мандат хуваарилах асуудал бол цаг хугацааныхаа дагуу л явж байгаа. Үүнийг санал хураах өдрөөс 150 хоногийн дотор гэдэг хугацаанд нь багтаах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногт зайлшгүй эцэслэн шийдвэрлэхээс өөр замгүй.

-УИХ-ын сонгуулиар нийслэлээс сонгогдох мандатын тоог наймаар нэмэхээ больё. Харин Ерөнхий сайдыг огцруулах саналаа эргэж хараач гэсэн тохироо намын бүлгүүдийн дунд явагдана гэсэн яриа гарах боллоо?

-Одоогоор ямар нэгэн асуудал яригдаагүй байна. Сонгуулийн ерөнхий хороо ямар санал ирүүлснийг ч Байнгын хороогоор хэлэлцээгүй байгаа шүү дээ. Тийм учраас одоо тийм  ийм гэж ярихад эрт байна. 

-Санал хураах өдрийг товлох, тойргуудад мандат хуваарилах асуудлаас ямар шалтгаанаар завсарлага авсан юм бэ?

-Засгийн газартай холбоотой асуудлаа шийдчихээд энэ асуудал руу оръё гэдэг үүднээс завсарлага авсан юм.

-Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг нэг тийш нь шийдчихээд хэлэлцэнэ гэвэл санал хураах өдрөөс 150 хоногийн өмнө гэдэг хугацаанд нь багтааж чадахгүй юм биш үү. Та завсарлага авахдаа хугацаа нь тулчихсан байгаа гэдгийг мэдэж байсан биз дээ?

-Мэдэж байсан. Энэ долоо хоногт завсарлагын хугацаа дууссан өдрөөс  нь эхлээд л хэлэлцэнэ.

-МАН нийслэлийн мандатын тоог нэмэх саналыг эсэргүүцэж байгаа учраас бүлэг нь завсарлага авчихвал яах вэ?

-Энэ талаар ярихад арай эрт байна. Ер нь хуулийн хугацаандаа тулчихсан учраас нэмж завсарлага авч болохгүй байх.

-Сонгуулийн тухай хуульд мандат хуваарилахдаа хүн амын тоо, засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн хуваарь зэргийг харгалзана гэсэн заалт бий. Тэгэхээр зөвхөн хүн амынхаа тоонд харьцуулаад мандат хуваарилах нь буруу юм биш үү?

-Үндсэн хуулийн заалтыг л үндэслэн яригдаж байгаа асуудал шүү дээ. Нийслэлийн удирдлагууд хүн амын төвлөрлийг хараад “Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын нэг гишүүний ард хэтэрхий олон хүн байна. Тиймээс үүнийг тэнцвэржүүлэх ёстой” гэж санал гаргасан. Бүлгийн даргын хувьд одоогоор байр суурь илэрхийлэх боломжгүй байна. Яагаад гэвэл, энэ асуудлаар бүлэг нэгдсэн шийдвэр гаргасны дараа ярьсан нь дээр байх.

-Та орон нутгаас сонгогдсон гишүүнийхээ хувьд энэ саналыг дэмжихгүй байгаа юу?

-Бүлгийн дарга бус хувь гишүүн, тойргоос сонгогдсон гэдэг үүднээсээ харах юм бол үүнтэй санал нэгдэж чадахгүй байгаа.

-Намынхаа эрх ашгийн үүднээс харах юм бол дэмжихээс өөр аргагүй юү. Яагаад гэвэл, АН нийслэлд ялалт байгуулчихвал УИХ-д олонхийг бүрдүүлэх боломжтой болох юм биш үү?

-Энэ бол сөрөг хүчнийхний гаргасан тайлбар. АН хөдөө орон нутагт ч бай, Улаанбаатарт ч бай нийт сонгогчдын олонхийн саналыг авна гэдэгт итгэл дүүрэн байна. Яагаад гэвэл, бидэнд хийж бүтээсэн зүйл их байна. Өнгөрсөн хугацаанд шинээр олон зүйл хийснээс гадна үргэлжлүүлэн хийж дуусгасан ажил маш их бий. Тийм ч учраас сонгуульд эргэлт буцалтгүйгээр ялна гэсэн ганцхан зорилготойгоор орно.     

-Гэхдээ наана нь хуралдаж сонгуульдаа сайн бэлтгэх шаардлагатай байх. Саяхан танай намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдахаар төлөвлөж байсан боловч хойшилсон. Ямар хугацаагаар хойшлуулъя гэж ярьсан юм бэ?

-Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөлөөс гаргадаг. Тиймээс надад энэ талаар тодорхой мэдээлэл алга. Саяхан хуралдах зар гарсан байсан боловч Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн баригдаж улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас хойшлуулахаар болсон гэдгийг намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүцэтгэгч Л.Эрхэмбаяр албан ёсоор хэлсэн.

-Намын дарга нь ирээд суучихсан байсан болохоор ирц бүрдээгүй учраас хуралдсангүй гэж ойлгосон ш дээ. Ирц бүрдсэн ч гэсэн хуралдахааргүй байсан гэж үү?

-Ирц бүрдсэн ч хуралдах боломжгүй болсон гэдгээ зарласан шүү дээ. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн бариагүй байсан бол Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах байсан.