Улаан.Ч 2016.01.27 | Сонин: Засгийн газрын мэдээ

"Чингис"-ээс бага хүүтэй бонд босгох боломжгүй

"Чингис"-ээс бага хүүтэй бонд босгох боломжгүй
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан

Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон бондын  гэрээнд гарын үсэг зурах байсан нъ хойшлогдсон юм. Энэхүү бондын талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай ярилцлаа.

Тэрбээр “Засгийн газар бонд гаргаж, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татаж болно. Энэ эрх нъ нээлттэй байгаа. Гэхдээ бондын хөрөнгийг юунд зарцуулах гэж байгаа нъ чухал. Тиймээс бондын хөрөнгийг үр ашигтай зүйлд зарцуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

-Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан нь Засгийн газраас олон улсын зах зээл дээр гаргахаар бэлтгэж байсан бондод сөргөөр нөлөөлсөн гэх мэдэгдлийг Сангийн сайд Б.Болор хийсэн. Харин энэ талаар та ямар дүгнэлт өгч байна?

-Манайхтай хамтран ажилладаг хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл буурч, болгоомжилж байна. Энэ нь зөвхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахтай холбоотой биш гэж бодож байна. Учир нь Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засаг, санхүүгийн бодлого болон Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал нөлөөлж байгаа. Мэдээж өнөөгийн улс төрийн нөхцөл байдал буюу Ерөнхий сайдыг огцруулах асуудал нөлөөлнө. Тиймээс Засгийн газар олон улсын зах зээл дээр ажиллаж, хөрөнгө оруулалт татах гэж байгаа бол асуудалд өргөн хүрээтэй хандах ёстой. Нөгөө талаар, хөрөнгө оруулалтаа цаашид хэрхэн үр дүнтэй ашиглаж, өгөөжийг нь хүртэж, хүлээсэн үүргээ биелүүлэх, эсэх нь анхаарал татдаг. Иймд Засгийн газар асуудалд нухацтай хандах хэрэгтэй. УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн мэдүүлснээр бүх зүйл өөрчлөгдөж байгаа мэтээр тайлбарлах нь өрөөсгөл ойлголт.

-Засгийн газрыг асуудалд өргөн хүрээтэй хандах ёстой гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тухайлбал, төсвийнхөө алдагдлыг багасгах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт буюу бондын хөрөнгөө зөв зүйлд зарцуулж, ашгийг нь нэмэгдүүлэх ёстой юм. Олон улсын зах зээлд буюу хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өмнө нь олон улсын зах зээл дээрээс босгосон хөрөнгийн зарцуулалт болон эргэн төлөлтийн талаар ярьж байна. Мөн хөрөнгө оруулагчидтайгаа ил тод, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл бололцоог хангах хэрэгтэй. Энэ мэтчилэн олон асуудалд Засгийн газар анхаарал хандуулах ёстой гэж бодож байна.

-Засгийн газраас 2012 онд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, 2014 онд 30 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээл дээр гаргаж, арилжаалсан шүү дээ. Засгийн газраас дахиад бонд гаргах шаардлага байгаа гэж та харж байна уу?

-Засгийн газар бонд гаргахаас өөр сонголт байхгүй учраас ийм шийдвэрт хүрсэн байх. Засгийн газар бонд гаргаж, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татаж болно. Энэ эрх нь ч нээлттэй. Тэгээд ч бонд гаргаж, зээл авах нь эдийн засагт байдаг хэвийн л харилцаа. Гэхдээ бондын хөрөнгийг юунд зарцуулах гэж байгаа нь чухал. Өөрөөр хэлбэл, ямар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх гэж байгаа нь асуудлын зангилаа. Төсвийн цоорхойг нөхөх буюу цалин, тэтгэвэр, тэтгэмж тавихаар олон улсын зах зээл дээр бонд гаргаж, хөрөнгө босгох нь буруу. 

Бондын хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах хэрэггүй. Засгийн газраас “Чингис” бондыг гаргах үед УИХ-аас тодорхой шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрт төсвийн цоорхойг нөхөхгүй, нийгмийн халамжид тараахгүй гэдгийг тусгасан байгаа. Тиймээс энэхүү шийдвэрийн дагуу л явах учиртай. Мэдээж оны эхэнд улсын төсөвт хүндрэл учирдаг. Энэхүү хүндрэлийг дотоодын зах зээлээс сул чөлөөтэй хөрөнгийг татаж,  эргэлтэд оруулснаар шиидэж ирсэн жишиг бий. Ямар асуудлаар гадаадын зах зээл, ямар асуудлаар дотоодын зах зээлээс хөрөнгө босгох вэ гэдэгт ихээхэн тооцоо судалгаатай хандах хэрэгтэй.

-Засгийн газраас олон улсын зах зээлд гаргах гэж байгаа бондын хөрөнгийг юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-Энэ талаар надад мэдээлэл ирээгүй байна. УИХ-ын гишүүд мэдэж байгаа, эсэхийг хэлж чадахгүй. Тиймээс энэхүү бондын хөрөнгийг юунд зарцуулах гэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга.

-Энэ удаагийн арилжаагаар бэлтгэж байгаа бондын хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах нь гэж хардаж байгаа хэрэг үү?

-Би бол тийм. Өнөөдрийн байдлаар тийм л дүр зураг харагдаж байна. УИХ-аас төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор бонд гаргах эрхийг Засгийн газарт олгосон байгаа. Тиймээс бондын хөрөнгийг үр ашигтай зүйлд зарцуулах хэрэгтэй.

-Дээрх бондыг гаргаж, хөрөнгө босгосноор Монгол Улсын өр хуулиар тогтоосон хэмжээнээс давах уу?

-Улсын өрийн хэмжээг нэмэгдүүлнэ. Гэхдээ хуульд заасан улсын өрийн хэмжээнд багтаагаад тухайн ондоо барагдуулахаар үнэт цаас гаргаж болно. Хуулийн хүрээнд оновчтой зөв арга замыг олбол ажиллах бололцоо Засгийн газарт их байгаа. Анх олон улсын зах зээлд “Чингис” бондыг 4.1 хувийн хүүтэй гаргаад шүүмжлэлд өртөж байсан шүү дээ. Тиймээс өнөөгийн нөхцөл байдлаа тооцоолох хэрэгтэй.

-Өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан тооцоход шинээр гаргахаар бэлтгэж байгаа бондын хүү “Чингис” бондын хүүтэй харьцуулахад өндөр байна гэсэн үг үү?

-Тийм ээ. “Чингис” бондын үүгээс доогуур хүүтэй бонд босгох боломж байхгүй шүү дээ.

-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэрийг УИХ-аас гаргачихлаа. Энэ хүрээнд 2016 оны төсвийн тодотгол хийнэ. Хэзээ төсвийн тодотгол хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Засгийн газарт УИХ-ын 103 дугаар тогтоолоор өгсөн үүрэг бий. Хэрэв хүүхдийн мөнгийг олгох явцад нэмэгдэл эх үүсвэр шаардлагатай болбол УИХ-д төсвийн тодотгол оруулж ирэх санал тусгагдсан байгаа. Тиймээс Засгийн газар 2016 оны төсвийн тодотголыг нэн даруй оруулж ирэх хэрэгтэй. УИХ-ын тогтоол батлагдаж, хүүхдийн мөнгийг бүлгийн ялгаваргүй өгөх болсонтой холбогдуулж, эх үүсвэрийг нэмэгдүүлж олгосон шийдвэр гараагүй тийм эрх Засгийн газарт олгогдоогүй байна.

2016 оны төсвөөр батлагдсан эх үүсвэр, түүнийг зарцуулахаар тогтоолоор зааж өгсөн хувь хэмжээ тодорхой. Тиймээс Засгийн газар хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой.