Бат-Эрдэнэ.Б 2016.01.28 | Сонин: Үндэсний Шуудан

Энэ засгийн газартай үлдвэл Монголчууд улам том алдах болно

Энэ засгийн газартай үлдвэл Монголчууд улам том алдах болно
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан Еронхий сайдыг огцруулах тогтоолын тослийг өнөөдөр хэлэлцэнэ. Та энэ төсөдд гарын үсэг зурсан анхны гишүүдийн нэг. Ерөнхий сайдыгогцруулах ёстой гэсэн байр суурь чинь хэвээрээ юу?

-Үүнийг ярихын тулд Оюу толгой ордын талаар ярих ёстой. Би, энэ ордыг ашиглах ёстой, гэхдээ хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай гэрээ хийх ёстой гэсэн зарчмын байр суурьтай хүмүүсийн нэг. Хоёр парламентын хугацаанд ийм байр суурь илэрхийлж байгаа. Бидэнтэй адилхан байр суурьтай байсан хүмүүс эрх мэдэлд хүрээд яаж өөрчлөгдсөнийг ард түмэн харж байгаа байх. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ анхнаасаа Монголын талд ашиг багатай байсан гэдэг итгэл үнэмшил, байр суурь маань өнөөдөр ч хэвээр байгаа. Энэ зөвхөн миний хувийн бодол төдий биш, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчдын тооцоо судалгаа, үндэслэл нотолгоонд тулгуурлаж ийм байр суурь илэрхийлдэг.

Тийм ч учраас энэ байр суурьтаа тууштай байж, 2008-2012 оны бүрэн эрхийнхээ хугацаанд Монголын талд хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг авчирсан өөрчлөлтийг гэрээнд оруулж чадсан. Харамсалтай нь 2012 оноос хойших дөрвөн жилийн хугацаанд сайжруулах бүү хэл улам муутгаж, энэ ордыг Монголын мэдлээс алдах үүд хаалгыг нээлээ. Үүний нэг тодорхой жишээ нь, Оюу толгойг гадаадын 13-14 том банкинд барьцаалах эрхийг үндэстэн дамнасан том компанид шилжүүлэх гэрээнд Ерөнхий сайд болон холбогдох албаны хүмүүс нь Дубайд очиж гарын үсэг зурсан. Үүнийх нь төлөө Ерөнхий сайдад хариуцлага тооцох, огцруулах үндэслэлтэй гэж үзсэн учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд, хууль журмын дагуу огцруулах бичигт гарын үсэг зурж, гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн.

Үүний дагуу 19 гишүүний гарын үсэг бүрдэж, УИХ-д өргөн бариад байна. Энэ асуудлыг хуулийн хугацаанд нь хэлэлцэх байх. Шийдлийн Засгийн газраас их зүйл хүлээж байсан ч хүлээж байсан хэмжээнд хүрч ажиллаж чадсангүй. Улс орны аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтолд ноцтой аюул учруулах гэрээ байгуулсан нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл болно.

-Гэхдээ одоо Ерөнхий сайдыг огцруулах тухай ярих нь хэр оновчтой вэ?

-Оновчтой шүү дээ. Зүй нь бол энэ хүнийг аль зургаадугаар сард огцруулах ёстой байсан юм. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал ямар хэмжээнд байгааг хар. Мөнгөний худалдан авах чадвар 40-50 хувиар уналаа. Ядуурал нийгмийг хамарч, иргэдийн ажил, бизнес эрхлэх орчин улам хумигдаж байна. Тоочоод байвал энэ Засгийн газрын муу ажиллаж байгааг харуулах зүйл дуусахгүй. Хариуцлагагүй ажиллаж байгаа нь ил байхад сонгууль болох гэж байна, төрийг тогтвортой байлгах ёстой гэсэн шалтгаанаар хаацайлж болохгүй шүү дээ.

-Ерөнхий сайдыг огцруулна гэдэг Засгийн газрыг огцруулна гэсэн үг. Одоо Засгийн газрыг огцруулаад, дахиж засаг байгуулахад ямар хугацаа зарцуулахыг хэлэхэд хэцүү. Шинээр байгуулсан Засгийн газар нь удлаа гэхад 4-5 сар л ажиллаад сонгуультай золгоно. Бүхнийг шинээр эхлээд өмнөхөөсөө дээрдэж чадах болов уу?

-Дээрдүүлэх хүмүүсээ л олж тавих ёстой шүү дээ. Эрх барьж байгаа улс төрийн хүчин хариуцлагаа үүрч, өөрчилж сайжруулах үүрэг хүлээх ёстой. Дараагийн хүмүүс нь өөрчилж, сайжруулж чадахгүй гээд энэ хууль зөрчсөн, хариуцлагагүй хүмүүстэй эвлэрээд, урсгалыг нь дагаад явбал улс орон хаашаа явах вэ. Гадаад өрийн хэмжээг хар. Дахиад упс орноо барьцаанд тавьж бонд, зээл авах арга сүвэгчлээд явж байгаа сураг гараад эхэллээ. Үүнтэй эвлэрч болохгүй.

-Засгийн газар бонд босгох гэж байхад нь Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн барьснаас болж бонд босгох ажил саатаад байгаа гэсэн?

-Монголчууд эртнээс “Өр бүү тавь, өглөг бүү тасла”, “Өртэй хүн өөдөлдөггүй, өггэй мал таргалдаггүй” гэж сургаж ирсэн ард түмэн шүү дээ. Гэтэл сүүлийн дөрвөн жилд “Зах зээлийн нийгэмд өр тавих ёстой” гэж ухуулдаг боллоо.

2012 оноос өмнө бол бусад орнуудын Засгийн газрын буцалтгүй тусламж, урт хугацаатай, нэн хөнгөлөлтгэй нөхцөлтэй зээл авч дэд бүтцийн салбараа санхүүжүүлж байсан. Мянганы зам, цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны шинэ хөтөлбөр төслийг хэрэгжүүлээд болоод л байсан. Бүх сум, суурин газрыг орчин үеийн харилцаа холбооны хэрэгсэл, шилэн кабель, эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй болгож, аймгийн төвүүдийг нийслэлтэй хар замаар холбох ажил бараг дуусаж байсан. Энэ ажлуудыг нэн хөнгөлөлттэй зээл буюу буцалтгүй тусламжаар хийсэн. Гэтэл 2012 оноос хойших хэдхэн жилийн дотор хэчнээн их хэмжээтэй, өндөр хүүтэй зээл авав. Өмнө авсан бондуудын үр өгөөжийг хар л даа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс маш хурдан хугацаанд ашгаа өгөх төсөл хөтөлбөр санхүүжүүлээрэй гэсэн зөвлөмж өгөөд байхад л “Гудамж” төсөл гэх мэтийн зүйлд аваачаад наачихсан. Ирэх жил тэр өндөр хүүтэй мөнгөө төлж эхэлнэ.

-Монгол Улсын гадаад нэр хүнд сайнгүй байна. Зарим улс “Монголоос авах мөнгө байхгүй, мөнгөний оронд мах авъя” гэж ярьсан, зарим нь “Монгол шиг мөнгө гуйж яваа улс алга” гэсэн гэх. Энэ талаар Та сонссон уу?

-Улс орны нэр хүндийг ямар байлгах вэ гэдгээ эрх барьж байгаа хүмүүс хариуцах ёстой. Боломж нөхцөл тааруу байж болно. Улс оронд бүү хэл өрх гэрт тийм үе байна. Гэхдээ байгаа зүйлээ бодитой яриад, ярьсан хэлсэндээ за гэвэл ёогүй байдаг Монгол ёсоороо явбал олон улсын харилцаанд нэр хүнд унана гэж байхгүй шүү дээ. Олон улсын харилцаанд мөнгө төгрөгтэй нь нэр хүндтэй, мөнгө төгрөггүй нь нэр хүнд муутай байна госэн ойлголт байхгүй.

Ийм баялагтай, ийм сайхан баатарлаг түүхтэй улс орныг ийм хэмжээнд авч явна гэдэг бидний арчаагүйнх. Айл өрх эд хөрөнгөө барьцаалж зээл аваад, авсан мөнгөө үр ашиггүй, өнөө маргаашийн зугаа цэнгэлд зарцуулаад, үүндээ дүгнэлт хийхийн оронд дахиж үлдсэн зүйлээ барьцаалж зээл аваад өрөнд баригдаад байгаатай адил байдалтай байна. Багцаагүй, бодлогогүй зээл аваад тэр чигтээ дампуурах зам руугаа явж байна.

-Ийм үед Засгийн газраа огцруулна гээд бужигнаад эхлэхээр бүр муугаар нөлөөлөх юм биш үү. Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд төслөө татаад авчихаасай, одоо Засгийн газар огцруулаад сайн үр дүнд хүрэхгүй гэсэн санал олон нийтээс гараад байгаа. Та гарын үсгээ татаж авах тухай бодох уу?

-Ийм хариуцлагагүй Засгийн газартай нэг хоног ч гэсэн байвал монголчууд улам л том алдах болно.

-Тэгвэл сонгууль болоход 4-5 сарын хугацаа үлдээд байхад Засгийн газар солино гэж байхаар энэ парламентыг тарааж, УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулаад шинэ Засгийн газар байгуулсан нь шулуун биш үү?

-УИХ-ын гишүүд 2012 оноос хойш хууль бусаар байгуулащсан УИХ тарах хэрэгтэй, сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах ёстой гэж удаа дараа шаардаж байгаа. Энэ шаардлагыг хүлэзж авахгүй өдий хүрсэн. Тэртэй тэргүй хуулийн хугацаа энэ зургаадугаар сард дуусах гэж байна. Засгийн газрыг шахаж шаардаж ажиллуул, ажиллуулж чадахгүй бол хариуцлагыг нь тооц гэдэг хууль нь байгаа учраас УИХ энэ ажлаа хийх л ёстой.