МАХН “Хөгжлийн хувьсгал”-д уриаллаа
2016.01.29

МАХН “Хөгжлийн хувьсгал”-д уриаллаа

МАХН-ынхан  намынхаа нэрийг сэргээх хөдөлгөөн өрнүүлж, улмаар түр штаб байгуулан тэмцэж, намын нэр, үзэл баримтлалын асуудлыг шийдэх  Онц их хурлыг зарлан хуралдуулсны таван жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 

21 аймгийн төлөөлөл,  шударга иргэд, эх орончид, иргэдийн хөдөлгөөнийхөн, намын гишүүд, дэмжигч 1080 төлөөлөгчөөс бүрдсэн тус  хурлаар нийгмийн тулгамдсан асуудлыг томъёолон хэлэлцэж, “Шинэ төр”, “Шинэчлэгдсэн нам”, “Шинэ хүн” зэрэг тухайн үед анхаарал татсан сэдвээр илтгэл хэлэлцүүлж байв. Мөн шударга ёсны , сонгуулийн   хувьсгал  хийх цаг болсныг дэвшүүлэн тавьж  байсан юм. Тэгвэл таван жилийн ойн босгон дээр тус нам дэвшүүлсэн үзэл баримтлал, эхлүүлсэн хувьсгалынхаа үр дүнг дүгнэж, цаашид  “Хөгжлийн хувьсгал”  хэрэгтэй гэсэн гаргалгаанд хүрснээ тунхаглаж, ард түмнээ уриаллаа. 

Н.Энхбаяр: МАХН АРД ТҮМНИЙХЭЭ АМИН ХОЛБООГ ХҮНДЛЭН ДЭЭДЭЛЖ ИРСЭН, ЦААШИД Ч ТИЙМ БАЙНА  

МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Онц их хурлын таван жилийн ойд зориулсан “Хөгжлийн хувьсгал” ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Одоогоос таван жилийн өмнө яг нэгдүгээр сарын 27-ны өдөр Та бид сэтгэл зүрхээрээ нэгдэж,  Монгол орноо МАНАН-гаас чөлөөлөхийн төлөө шинэ шийдлийн байранд хуран цугларч байснаа өнөөдөр санахад их   түүх санагдаж байна. Бид таван жилийг өнгөрөөсөн байна. Энэ таван жил бидний хувьд 50 жилтэй адил урт хугацаа  байсан. Бид энэ хугацаанд эх орныхоо  өнцөг булан бүрт хүрч, ард түмэнтэйгээ амин холбоо тогтоож ажиллалаа.

Энэ хугацаанд бид эгнээгээ улам өргөтгөж, ард түмнийхээ итгэлийг авч УИХ-д суудалтай эвсэл болж хүрээгээ тэллээ. Бид үүх түүхээ сэргээж, 90 гаруй жилийн түүхэнд Монгол Улс ямар сайхан улс орон болсон бэ гэдгийг ярьж, хэлж, дурсч, түүнийгээ мартаж болохгүйг сануулж ирлээ. Өнөөдрийн хурлын өмнөх баярын концертын үеэр тэр 90 жилийн түүх, түүнийг хийж бүтээсэн  ахмадууд хэрхэн хөдөлмөрлөж, зүтгэж байсныг манай урлагийнхан урлагийн хэлээр та бүхэнд үзүүллээ. Энэ түүхийг бид мартах эрхгүй учраас  тэр түүх, хувьсгал гэдэг үгийн цаана байсан учраас  МАХН гэсэн бүтэн нэрээ авч үлдэхийн тулд таван жилийн өмнө Онц их хурлаа хийж байсан юм. бид энэ таван жилийн хугацаанд хэлмэгдэж үзлээ. Гэхдээ бид өширхдөггүй,  бид өс хонзонд автдаггүй ээ. Өс хонзонд автдаггүй учраас өнөөдөр бид Засгийн газарт АН-тай хамт ороод ажиллаж байна. Харин энэ дашрамд ард түмнээсээ, нийт гишүүд, дэмжигчдээсээ хүсэх  нэг хүлцэл байна. Бид энэ хүнд хэцүү үед УИХ-д олонх болж чадаагүй.

Тийм учраас ард түмэндээ амлаж байсан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө санаснаараа хэрэгжүүлж чадаагүй шүү. Бид 10-хан суудалтай. Гэхдээ бид эвийг хичээж, өс хонзонг орхиж, өнөөдрийн төр засгийг бүтэн болгож нуруундаа үүрэлцэж яваа. Бид харин олон болох юм бол  үнэхээр улс орноо хөгжүүлэх чадвартай түүхтэй нам. Чадна гэдгээ баттайгаар өнөөдрийн энэ индэр дээрээс хэлье. Хэдийгээр энэ саруул танхимд цугласан олон маань олон байгаа ч гэсэн биднийг харж байгаа гурван сая ард түмэн маань биднээс олон. Тиймээс хэлсэн, ярьснаа хэрэгжүүлдэг нам байхын тулд зөвхөн энд байгаа хүмүүсээр хязгаарлагдахгүй, бид ард түмний нам. Нам, нас хүйс, зүс харгалзахгүйгээр Монголын ард түмэнтэйгээ хамт дандаа байдаг учраас энэ амин холбоогоо үргэлж  хүндэтгэлтэйгээр авч явдаг учраас  бид зорьсондоо хүрч чадна гэж зоригтойгоор хэлж байгаа юм. Өнөөдөр түүнийгээ харуулах гэж, бас ард түмэндээ дахин сануулах гэж энэ таван жилийн ойн арга хэмжээг хүндэтгэлтэйгээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм” хэмээн онцлон тэмдэглэв. 

Н.Удвал: ЭНЭ ТАВАН ЖИЛД МАХН ТЭМЦЭЖ ХАТУУЖСАН 

МАХН-ын Онц Их хурлын таван жилийн ойд зориулсан “Хөгжлийн хувьсгал”  ёслолд  МАХН-ын намын анхны генсек, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал,  тухайн үед намын түр штабын даргаар ажиллаж байсан, өдгөө Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, мөн тус намын гишүүд, дэмжигчдийг дэмжиж байсан иргэний хөдөлгөөнийхөн, парламентад суудалгүй зарим намын төлөөлөл урилгаар оролцсон нь содон харагдаж байв. МАХН-ын  нарийн бичгийн дарга, Бага чуулганы гишүүн, тус намын анхны генсек, Эрүүл мэндийн сайд  асан Н.Удвал “Тэмцэлд хатуужсан таван жил” сэдэвт илтгэл тавьсан нь тус намын амьдралыг үгээр зурж, хүмүүсийн тархинд зураг шиг дэлгэсэн тун  сонирхолтой тэмдэглэл гэхээр байлаа. 

Тэрээр хурлын төлөөлөгчдөд МАХН-ыг сэргээн байгуулах Онц их хурлын таван жилийн баярын мэнд хүргээд “Таван жил хүнээр бол хүүхэд таван нас хүрэх хугацаа. Хүний амьдралын эхний таван жил ямар хүн болох нь бүрэлдэн тогтдог хариуцлагатай он цаг. Хөгжлөөр бол таван жил бүхэл бүтэн хөгжлийн нэг мөчлөг. Хөгжилд нэг алхам, нэг ахиц хийсэн жил байдаг. Улсын хүчний хувьд энэ таван жилд харилцан адилгүй. МАХН-ын энэ таван жилд  хэлмэгдэж, бас тэмцэж хатуужсан. Үүгээрээ бусад улс төрийн хүчнээс онцгой ялгарах онцлогтой”  болохыг тэмдэглэв.  

Ч.Улаан: МАХН ЭРХ БАРЬСАН 90  ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХЭНД  УЛС ОРНЫ ХӨГЖИЛ УРАГШИЛСАН 

Монгол Улсын эдийн засгийн байдал савлагаатай, хямралын нөхцөл байдал ард түмний амьдралд  хүндхэн туссан энэ үед Онц их хурлын таван жилийн ойд оролцогчдод “Эдийн засгийн өнөөгийн  байдал”   сэдвээр итгэсэн МАХН-ын Бага чуулганы гишүүн, УИХ-ын гишүүн,Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улааны илтгэл  ихээхэн сонирхол татаж байв. Ч.Улаан гишүүн өнгөрсөн таван жилд МАХН хэлмэгдэж, улс төрийн байдал янз бүрээр солигдож байхад ч намтайгаа хамт явж ирсэн хүмүүсийн  нэг. Тэрээр хэлэхдээ  МАХН улс орны байдалд нухацтай судалгаа хийж, жинтэй дүгнэлт хийж, хөгжил дэвшилд хүргэх бодлогоо тодорхойлох нь хариуцлагатай улс төрийн хүчний зорилт байдаг.

 МАХН Монголоо туурга тусгаар бие даасан улс байлгах үндэсний хөдөлгөөнийг удирдан манлайлж, тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, хамгаалан бэхжүүлж, хөгжил дэвшлийн замаар замнуулан өдий хүргэсэн улс төрийн ууган хүчин учир энэ асуудалд ямагт ач холбогдол өгсөөр ирсэн. Манай улсын нийгэм, эдийн засгийн өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж цар хүрээ нь тэлсээр байгаа. Одоо ч улам олон шийгдэгдээгүй асуудал, хүндрэл бэрхшээлтэй тулгарсаар байна. Үүнд дотоод, гадаад нөхцөл байдал нөлөөсөн нь ойлгомжтой” гээд сүүлийн 25 жилд 13 Засгийн газар хэрхэн ажиллаж, ямар асуудал шийдэж ирснийг  харьцуулснаа баримтаар  танилцуулсан юм. 

Харин өнөөгийн байдлыг “Хөрөнгө санхүүгийн хомсдолтойгоос нийгмийн амьдрал доройтсон, төр, улсын идэвхтэй, зохистой үйл ажиллагааны зохицуулалт алдагдсанаас улс төр тогтворгүй байх нөхцөл үүсээд байгаа нь бодитой” хэмээн томъёолоод гарцын тухайд  нөхцөл байдал хувирамтгай, хувьсамтгай байгаа энэ үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг бэхжүүлэх боломж байгаа, цаашид ч байсаар байна. Харин бид хангалтгүй ашиглаж байна. Улс орноо ухаалгаар авч явж, хүмүүн капиталаа зөв удирдах нь чухал гэж үзэж байгаагаа хэллээ. Хурлын төгсгөлд итгэлүүдтэй холбогдуулж гишүүдийн саналыг сонслоо. МАХН-аас  Онц их хурлаараа шударга ёсны таван хувьсгалыг  дэвшүүлж байсан бол. Энэ удаа улс орноо хөгжүүлэх  “Хөгжлийн хувьсгал” –ыг дэвшүүлж байгаагаа онцлон уриалга гаргаснаа зарлалаа. Тус намын Онц их хурлын ойд зориулсан арга хэмжээ өнөөдөр   Бага чуулганаар үргэлжилнэ гэв.