Хүүхдийн уран зохиолын 110 номыг цахим хэлбэрт орууллаа
2016.01.29

Хүүхдийн уран зохиолын 110 номыг цахим хэлбэрт орууллаа

Монголын өдөр тутмын анхдагч хэвлэлүүдийн нэг, 17 жилийн түүхтэй “Монголын мэдээ” сонин нэгэн цоо шинэ, оюунлаг, гэгээлэг буланг уншигч таны мэдэлд өгөөд байгаа билээ. Манай “Ном” булангийн хойморт уншигч, захиалагч болоод  номын хорхойтон  хэн ч  морилж болох бөгөөд  цаашлаад  ном худалдах, худалдан авах, солилцох зараа ирүүлж болно. Мөн  дэлхийг болон Монголыг шуугиулж байгаа, шинэ, хуучин номын тухай  мэдээ мэдээлэл, үүх түүх, бичвэрээ ирүүлээрэй.  “Ном” булангийнхаа энэ удаагийн дугаарт БСШУЯ,  Азийн сангийн Азид зориулсан “Ном” хөтөлбөрийн хүрээнд  өчигдөр  “Хамтдаа уншицгаая” цахим номын сангийн хөтөлбөрийн нээлтийн талаархи мэдээллийг танилцуулж байна.  Уншигч, захиалагч, номын хорхойтон, номд дурлагч та бүхэн манай сониноор дамжуулж номтой холбоотой бүхий л  мэдээллээ солилцоорой. Та бүхнийг номын цагаан буян ивээх болтугай.

БСШУЯ, Азийн сангийн Азид зориулсан “Ном” хөтөлбөрийн хүрээнд  өчигдөр  “Хамтдаа уншицгаая” цахим номын сангийн хөтөлбөрийн нээлт  боллоо. Азийн сангийн Азид зориулсан “Ном” хөтөлбөрөөс Азийн гурван оронд шинээр хэрэгжүүлж эхэлж буй цахим номын сангийн “Хамтдаа уншицгаая” хөтөлбөр нь БСШУЯ-ны “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн дэд хөтөлбөр буюу “Ном” хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдаж буй юм. 

БСШУЯ нь 2014 оны Хүүхдийн уран зохиолын уралдаанд шалгарсан бүтээлүүд, монголын болон дэлхийн хүүхдийн уран зохиолын дээжсүүд буюу ЕБС-ийн сурагчдын сонирхол, хүсэлд нийцэхүйц хүүхдийн уран зохиолын 110 номыг бүрэн эхээр нь цахим хэлбэрээр номын фондын бүрдүүлэлтийг хийгээд байгаа юм.

Энэхүү хөтөлбөр нь энэ  сараас Монголд хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн зургаан дунд сургуулийн  5-9 дүгээр ангийн 2500 орчим сурагчдыг үнэ төлбөргүйгээр цахим ном уншуулах, уран зохиол, англи хэл, мэдээлэл зүйн 90 гаруй багш болон номын санч нарыг сургалт, үйлчилгээндээ ашиглах монгол хэл дээрх хүүхдийн 100 гаруй, англи хэл дээрх 200 гаруй ном бүхий аппликейшн болгож хөгжүүлсэн цахим номын санг боловсруулан бэлэн болгоод байна. 

Мөн энэхүү цахим номыг уншихад нь зориулж андройд төхөөрөмж буюу 120 ширхэг таблетыг зургаан сургуульд тус бүр 20 ширхгийг гардуулсан байна. “Хамтдаа уншицгаая” төслийн үйл ажиллагаа нь алслагдсан орон нутгийн хүүхдийн нас, хэл соёлд нь нийцсэн номын дутагдалтай байдлыг зардал багатайгаар шийдэх, амьдралынх нь туршид номд дуртай болгон, ном уншихад нь урамшуулж идэвхижүүлэхэд анхааран ажиллаж байна. 

Тиймээс сурагчдын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, англи хэлний болоод мэдээлэл технологийн ур чадварыг нь сайжруулах цаашлаад ном уншихын ач тусыг сурталчлан таниулах талаар сургуулийн номын санчид болон багш нарыг сургахад оршиж байна. Дунд сургуулийн сурагчдын ном унших идэвхийг дэмжсэнээр тэдгээр хүүхдүүдийн ирээдүйн боловсролд хувь нэмэр оруулна хэмээн албаны хүмүүс үзэж байгаа аж.