Японд суралцах 94 багш, судлаач, оюутан батламж гардав
Японд суралцах 94 багш, судлаач, оюутан батламж гардав
2016.01.29

Японд суралцах 94 багш, судлаач, оюутан батламж гардав

БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Япон улсад нийт 1000 гаруй инженер сургаж  бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд өнөөдөр 94 оюутан, багш судлаачдад  батламж гардууллаа.

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий  инженер, технологийн  мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүчний нөөцийг бэлтгэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор уг төсөл амжилттай хэрэгжиж байна.

Энэ үеэр Япон улсын Коосэн сургуульд суралцах болсон 24 оюутан батламжаа гардан авав. Эдгээр оюутан ШУТИС-д хэрэгжиж буй 1.5 жилийн бэлтгэл хөтөлбөрт хамран Япон улсын их, дээд сургуульд элсэн суралцах шалгалт өгч тэнцсэнээр Коосэн сургуулийн 3 дугаар курст шилжин суралцахаар боллоо. Оюутнууд Япон улсад 3 жил суралцаад чадварлаг мэргэжилтэн болж бэлтгэгдэн эх орныхоо аж үйлдвэрийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулах юм байна.

Ариаке Коосэн сургуульд суралцах болсон А.Тулга хэлэхдээ, “Хүний амьдралын замыг уулаар жишээ авах нь бий. Бид инженер болох замналын ууланд авирч байна. Инженер гэх мөрөөдлийн уулын оргил хүртэл хичээх болно. Коосэн хөтөлбөр бидний хувьд уулын оргилд хүрэх том алхам болж байна. Бидэнд энэ боломжийг олгосон Монгол, Япон улсын Засгийн газарт талархаж байна. Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээлцэхийн төлөө хамаг хүчээ дайчлан суралцаж, шилдэг мрэгэжилтэн болох болно” гэв.

Мөн төслийн хүрээнд Монгол Улсын томоохон хоёр их сургуулийн хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор Япон улсын шилдэг 20 их, дээд сургуульд магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамран суралцахаар болсон 14 багш, судлаач батламжаа гардан авсан юм.

Японы их, дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх Хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн хамтарсан судалгааны багийн гишүүдээс Японы их, дээд сургуулиуд болон судалгааны төвүүдэд туршилт, судалгаа хийхээр болзол хангасан 56 багш, судлаач богино болон урт хугацаагаар зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрахаар болов. Энэ хүрээнд Япон улсаас 8 зочин профессор ирж хамтран ажиллаж, судалгаа хийх юм байна.