Энхтүвшин.Ө Бат-Эрдэнэ.Б Энхбаяр.Ж Баасанхүү.О Содбаатар.Я 2016.01.29 | Сайт: Vip76.mn

57.5 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй

57.5 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын зарим  гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Олон тэрбум долларын талаар ярьж байна. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?  Хууль зөрчсөн Засгийн газар огцрох ёстой. Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн насны хүнийг Их хурлын даргын зөвлөх гэж тавьсан. Гэтэл үүнийг асуудалтай хамаагүй гэж ярьж байна. Хууль зөрсөн л бол хууль зөрчсөн.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Энэ асуудлыг их тайван ярих ёстой. Оюутолгойн талаар бүтэн зун, намрын туршид ярилаа. Би анх Дубайн гэрээг зөв гэж бодож байсан. Гэтэл нэг зүйлд хариулт өгөхгүй учраас эргэлзээд байна. Монгол улс ногдол ашгаа 2030 оноос нааш авахгүй болчихсон  гэлээ. Үүнд тийм бол тийм, үгүй бол үгүй гэсэн хариулт өгнө үү.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “УИХ-д дүн тавих цаг ойртож байна. Улс төрчид улстөрийн намуудад хариуцлага тооцно. “Улс шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулна” гэж та бүхэн амласан. Үнэхээр та бүхний амласан шиг улс шиг хөгжиж, хүн шиг амьдарч чадаж байна уу? гэдгийг ярих цаг болсон. Нэг ам.доллар 1300 төгрөгтэй тэнцэж байсан бол, өнөөдөр 2000 төгрөгтэй тэнцэж байна. Монголын эдийн засаг 17 хувьтай байсан бол 2,3 хувь болтлоо буурсан”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ард түмнийг ой санамж багатай мэтээр улстөрчид бодох юм. 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “МАН, АН, Шударга ёс эвслүүд бүгд страгтегийн газруудыг өргөжүүлнэ, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэнэ” гэжээ. Оюутолгой, Тавантолгойн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 51-ээс доошгүй хувь болгоно гэсэн байна. Гэтэл аль ч засгийн газар энэ мөрийн хөтөлбөрийг хайхраагүй. Ерөнхий сайд та гадаадын үндэстэн дамнасан том компанийн төлөөллийн хүн болоод байна”

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Эдийн засаг, гадаад харилцааны асуудал ГХЯ-д нэг бодлогоор зангидагдаж байх ёстой. Энэ гэрээ хэлэлцээнд ГХЯ-ны оролцоо бий юу?

 Хууль зүйн яам Оюутолгойн гэрээ төлөвлөгөө хууль шийдвэрт хэрхэн нийцэж байгаа талаар тодорхой санал дүгнэлт гаргасан уу? Монголын гурван яам ахлаж, 24 мэргэжлийн шинжээчийг оролцуулсан шалгалтын үр дүн, 2 тэрбум долларын акт энэ гэрээгээр хүчин төгөлдөр бус болсон. Энэ бусдад найр тавьсан зохисгүй үйлдэл мөн үү, биш үү? Эсвэл Монгол төрийн өнөөгийн байгаа чадавхийн асуудал уу?

 

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн.

Тэрбээр, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтээр цаашдаа манай улсад 6 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгө бол ДНБ-ий тэн хагас, улсын хоёр жилийн төсөв. Оюутолгойн асуудлыг цаашид улс төртэй хутгаж, ард түмний хүлээлт рүү ус цацмааргүй байна. Оюу толгойг цааш хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар цээжний бангаар гаргачихаагүй юм. Монгол Улсын иргэдээсээ асуусан. Нийт 365 мянган иргэний 60 хувь нь Оюу толгойг хөдөлгө гэж саналаа өгсөн хэмээн хэлсэн юм.

Үүний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжлээ.