Баасанхүү.О 2016.01.29 | Сонин: Ардын эрх

Бид гурав бүлгээ задалъя гэж ярилцсан

Бид гурав бүлгээ задалъя гэж ярилцсан
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараахь тодруулгыг авлаа. 

-УИХ олонхиороо Засгийн газрыг огцруулахгүй гэж шийдвэл таны дараагийн улс төр юу байх вэ?

-Огцруулахгүй гэж ший­дэхгүй гэж найдаж байгаа.

-Гэхдээ АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахгүй гээд шийд­чихсэн ш дээ. Дээр нь танай “Шударга ёс” эвслийн бүлгийн олонхи нь Ч.Сайханбилэгт ха­риуцлага тооцох шаардлагагүй гэж үзсэн биз дээ?

-“Шударга ёс” эвсэл УИХ-ын сонгуулиар олонхи болж чадаагүй нь үнэн. Гэхдээ УИХ-д олонхийг бүрдүүлэх  эрх нь бидэнд  бий. Тиймээс манай бүлэг ташуур нь байх ёстой  юм.  Харамсалтай  нь, хамтарсан Засгийн газар нь ташуур хийж байгаа эвслээ, намаа хангалттай хулхидлаа, хуурлаа. Үгийг нь сонсохгүй байна. АН биднийг ашиглаж, биднээр дамжуулж  хүчирхийлэл л хийж байна. Гэтэл манай эвсэл юу ярьж байлаа. Оюутолгойн Монголын хувийг 51-д хүргэе, Тавантолгойн 10 хувийг ард түмэндээ өгье, хэлмэгдүүлэлтийг зогсооё гэсэн.

Гэвч Оюутолгой, Таван­толгой ямар байгаа билээ, төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж хоморголон халдаг хэвээрээ л байна. Уг нь энийг болиулах боломж манайд байсан юм ш дээ.  Үүнийгээ ашиглаагүй учраас АН түрэмгийлэл үйлдэж байна. Ийм байхад бид УИХ-ын сонгуульд ороод юу гэж хэлэх юм. Арвуулаа байсан учраас аргагүй хүчинд автсан гэх үү. Ард түмэн тийм хариултыг хүлээн зөвшөөрөхгүй. Ядаж та нар тэр үед дуугарах хэрэгтэй байсан юм гэнэ биз дээ. Тиймээс би тэр үүргээ биелүүлэхээр явж байна. Харамсалтай нь, “Шударга ёс” эвслийн бүлэг, миний байр суурь хоёр даанч их зөрүүтэй юм даа.  

-УИХ-ын сонгуулиар 11 суудалтай болсон “Шударга ёс” эвслийн бүлгээс Д.Батцогт гишүүн АН руу орж арвуулаа болсон. Одоо дахиад Г.Уянга, Л.Цог нарын гишүүд бүлгээсээ гарах гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Бид ярьж байгаа. Тэр хоёр намайг хүлээж байгаа юм. Юу гэхээр, бид гурав бүлгээс гарчихвал цаана нь долоон гишүүн үлдээд “Шударга ёс” эвслийн бүлэг задарна. Энэ тухай бид гурав хэд хэдэн удаа ярилцсан. Нөгөө хоёр хэдийнэ бүлгээсээ гарна гээд шийдвэрээ гаргачихсан. Намайг л хүлээж байгаа. Миний хувьд Засгийн газрыг огцруулж чаддаг бол бүлгээ задалъя гэсэн бодолтой явсан. Үгүй бол бүлэгтэй бай гээд ард түмэн эрх өгч байхад би бүлгийг задалж болохгүй. Мэдээж “Шударга ёс” эвслийн бүлэг өөрөө чадамжгүй болчихвол би задлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

-Чадамж гэдэг юу вэ. Одоо танай бүлэг чадамжтай байгаа юу?

-Миний харж байгаагаар ча­дамжгүй болсон. Энэ талаар би хатуу шаардлага тавьсаар ирсэн. Арван гишүүний до­лоо нь МАХН-ынх, гурав нь МҮАН-ынх. Гэтэл тэр гурван хүн нь бүлэг удирдаад явж байна ш дээ. МҮАН-ын гишүүн Н.Батцэрэг гээд нэг сайд байгаа ш дээ. Тэр хүнээр 90 жилийн түүхтэй, өөрөө до­лоон гишүүнтэй нам бүлгээ удирдуулж байгааг манай жи­рийн гишүүд бухимдалтай хүлээж авч байгаа. Иймээс чадамжгүй явахын оронд МАХН-ын долоон гишүүн шууд МАН-ын бүлэгт ороод бүдүүн бүлэг байгуулбал яасан юм бэ. Ингэж багцлагдаж байж АН-ын дарангуйллыг зогсооно. 

-Та тэгээд бүлгээ задал­чихвал МАН-ын бүлэгт орох юм уу?

-Манай долоон гишүүн орох ёстой. Угаасаа ард түмэн МАХН, МАН хоёрыг нийлж ял гэж байгаа. Түүнээс нэг нь ял гээгүй шүү. Нэг нэгийгээ байхгүй болго гээгүй. 

Би 21 аймгаар яваад иргэдтэй уулзаж байхад бүгд л МАН, МАХН хоёр нэгдэж ялах ёстой, АН-ын үед ард түмний амьдрал сүйрдэг юм байна гэж байна лээ. Тэгэхээр МАН-тай гэрээ байгуулаад бүдүүн бүлэг байгуулъя. Үүнийг би хоёр намд уриална. Угаасаа ч сонгууль ойртчихлоо. 

-Л.Цог, Г.Уянга хоёр бол тойр­гоос сонгогдсон гишүүн. Ха­рин жагсаалтын гишүүн учраас та бүлгээ задалж чадахгүй байгаа юм уу. Эргэж татагдана гээд...?

-Ард түмэн энэ 76 ги­шүүнийг эргүүлэн татах ёстой гэдэг. Ёстой тэгж хүсч байгаа. Гэвч өнөөгийн хууль, эрх зүйн орчинд тийм боломж байхгүй. Нам нь жагсаалтын ги­шүүнээ хөөсөн ч тэр хүнийг эргүүлэн татах боломжгүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, дараагийн гишүүн тангараг өргөснөөр дуусдаг. Үүнээс өмнө чөлөөлөгдөх үндэслэл нь нэгд өөрөө хүсвэл, хоёрт эрүүл мэндийн шалтгаан, гуравт гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдвол ажиллах боломжгүй болдог. Харин нам нь ч юм уу, хэн ч юм эргүүлэн татъя гэвэл одоогийн хуулиар боломжгүй. Төрийн дээр нам биш, намын дээр төр байдаг учраас тэр л дээ. 

Нам нь төрийн дээр байдаггүй учраас л Д.Арвинг намаа солиход, Ц.Цолмонг намаа өөрчлөхөд юу ч болоогүй ш дээ.