Японд суралцах багш, оюутнууд Монголд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2016.01.29

Японд суралцах багш, оюутнууд Монголд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Япон улсад 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол ” төслийн хурээнд 94 оюутан, багш судлаач батламжаа гардан авлаа. Эдгээр оюутан ШУТИС-д хэрэгжиж буй 1.5 жилийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдан Япон улсын Коосэн сургуульд шилжин суралцахаар болжээ. Энэ тухай БСШУ-ы сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа.

-Энэхүү төслийн гол зорилгыг та товчхон танилцуулаач?

-Монгол Улс үйлдвэрлэгч орон болох ёстой. Монголчууд бид өнөөдөр экспортгүй, ихэнх бараагаа импортоор авдаг  учраас эдийн засгийн хүнд байдалд ороод байна. Тиймээс экспортлогч орон болохын тулд сайн инженер, сайн зохион бүтээгч хэрэгтэй. Дэлхийд өрсөлдөх чадвартай болж байж, бид бараа бүтээгдэхүүнээ гадагш зарах ёстой. Харин сайн бараа үйлдвэрлэхийн тулд сайн инженер бидэнд хэрэгтэй. Сайн инженер бэлтгэж чаддаг улс бол Япон, Герман. Бид Герман улстай хамтарч сургууль байгуулсан. Япон улстай хамтарч 1000 инженер бэлтгэх төсөл хэрэгжүүлж байна. Герман руу ч гэсэн жилд 10-20 оюутныг уул уурхайн инженер бэлтгэх чиглэлээр явуулж байна.

-Энэ удаа Коосэн сургуульд хамгийн олон багш, оюутан суралцахаар явж байна? 

-Энэ жилийн онцлог бол Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр 20 гаруй хүн инженерийн сургуульд явж байна. Дээр нь эндээс 24 залуу Коосэн сургуульд Японы Засгийн газрын зээлээр суралцахаар болсон. Нийлээд нэг үеийн 50 гаруй инженер бэлтгэгдэн гарч байгаагаараа онцлогтой. Бидний зорилго бол жилд 50-60 залууг инженерийн чиглэлээр жил бүр явуулдаг болох зорилго тавьж байна.

Эдгээр залуус хамтраад ажиллахад Монгол Улсад үйлдвэрлэлийгбий болгох хөрс суурийг бэлдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Дээр нь магистр, докторт 10 гаруй хүн явж байна. Мөн Монголд инженерийн сургалтыг нутагшуулж байгаа гол хүмүүс нь зэргийн бус сургалтад явж байна. Зэргийн бус сургалт гэдэг нь очоод инженерийн боловсролыг японууд яаж эзэмшиж байгааг судлаад, тэднээс илүү гарсан хөтөлбөрийг Монголдоо санал болгох том мөрөөдөл өвөртлөөд явж байгаа юм.

-Японд суралцах багш оюутнуудын суралцах хугацаа ямар байгаа вэ?

- Өрсөлдөх чадвараа сайжруулахаас гадна тэргүүлэх чиглэл рүү бид тэмүүлэхийн төлөө энэ том төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс эдгээр хүмүүс суралцахын хажуугаар судалгаа хийнэ. Суралцах хугацааны хувьд, дунджаар хоёр жил суралцана. Батламж гардсан багш, оюутнууд 1.5-3 жилийн хугацаатай суралцана.