Цэцийн дээр хөх тэнгэр, эрх мэдэлтнүүд хоёрын аль нь байна вэ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2016.01.29

Цэцийн дээр хөх тэнгэр, эрх мэдэлтнүүд хоёрын аль нь байна вэ

хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан шийдвэр УИХ хийгээд Үндсэн хуулийн цэц хооронд дахин маргаан дэгдээж эхэллээ. Улмаар МАН-ын бүлэг завсарлага авснаар асуудлыг бага ч болов намжаав. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурийг сонирхлоо. 

-Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах шийдвэрийг Байнгын хорооноос гаргалаа. Тэгэхээр Цэцийн даргыг огцруулах үндэслэл нь яг юу юм бэ?

-Үндсэн хуульд Цэцийн дарга болон гишүүн хууль зөрчсөн бол эргүүлэн татах асуудлыг нэг бол Цэцийн шийдьэрээр нэг бол анх илгээсэн байгууллагын саналаар УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан. Ямар асуудлаар хандсан гэхээр урьд өмнө нь олон хүн ярьдаг байсан. Үндсэн хуулийн цэц, тэр дундаа удирдлага хууль зөрчөөд байна гэж. Ямар нэгэн баримт, нотлох үйл явц хангалттай хийдэггүй. УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж дүгнэлт гаргаж байсан. Тэр нь ямар нэгэн баримтаар нотлогдоогүй байсан учраас хариуцлага тооцох асуудлыг хөнддөггүй байсан. Сая Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хуулийг баталснаас хойш анх удаагаа Цэцийн шийдвэр гараагүй, маргаантай асуудлыг Цэц дунд суудлаараа хуралдан шийдвэрлээгүй байхад Цэцийн дарга өөрийнхөө гарын үсэг бүхий албан бичгээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж, хуулийн үйлчлэлийг зогсоох тухай УИХ, Дээд шүүх, Ерөнхийлөгчид хүргүүллээ.  

Энэ бол факт. Цэцийн тухай хуульд маш тодорхой заасан. Цэцийн гишүүн шийдвэрлэх гэж байгаа маргааныхаа асуудлаар урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг. Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан бичиг явуулсанаар хууль зөрччихлөө. Хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа Цэцийн дунд суудал хуралдаагүй, шийдвэр гараагүй байхад урьдчилан мэдэж, урьдчилан шийдвэрлэж, эрх мэдлээ хэтрүүлэн бусдын бүрэн эрхрүү халдаж буйгаа цэцийн нэр бүхий удирдлага өөрийн гарын үсэг, Цэцийн тамгаар баталгаажуулсан байна. Энэ бол өөрөө факт, нотлох баримт.

-Яг ямар хууль зөрчсөн гэж?

-Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг зөрчиж, Дээд шүүх, Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна. Тиймээс хууль зөрчсөн үйлдэл нь илт байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг хөндсөн. Үндсэн хуулийн 65.4-т заасныг зөрчвөл эгүүлэн татах, УИХ-ын дэгийн хуульд зааснаар тав хоногийн дотор шийдвэрлэх гэсний дагуу хариуцлага ярьж байна. УИХ-ын дэг зөрчсөн асуудал байхгүй. Асуудал тодорхой байхад шийдвэрлэхээс өөр аргагүй.

-Цэцийн дарга Ж.Амарсанааг буруутай гэдгийг хаанаас тогтоосон бэ. Уг нь Дээд шүүх эхлээд хэлэлцэх ёстой юм биш үү?

-Хөрөнгө, орлогын мэдүүлэг дээр албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд өөрөө гарын үсэг зурчихаад, тухайн хөрөнгө нь худлаа байвал зурсан гарын үсгээрээ хариуцлага хүлээнэ. Албан тушаалтны гарын үсэг гэдэг хариуцлага хүлээх хүн нь өөрөө гэсэн баталгаа. Тэгэхээр энэ асуудлаар ийм албан бичиг явуулах эрх мэдэлтэй байсан уу, албан тоот явуулахад хуулийн ямар зүйл заалт иш болгов, яагаад дунд суудлын хуралдааны бүрэн эрх, маргааныг урьдчилан шалгаж байгаа гишүүний эрх мэдлийг булаан хэрэгжүүлэв гэдгийг асуух хэрэгтэй. Мөн Дээд шүүх болон УИХ, Ерөнхийлөгчид шууд зааварчилж, хуулийн үйлчлэлийг зогсоох эрхтэй юү зэргийг Цэцийн даргаас өөрөөс нь асуух нь зүйтэй.

-Энэ бүхний ард АН-ынхан Цэцийг авч даргаар нь Р.Гончигдорж гишүүнийг томилно гэсэн яриа байгаа. Үүнийг юу гэж тайлбарлах бэ?

-Хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай ярихаар түүнийг саармагжуулах үүднээс ийм мэдээ тараах нь хэвийн үзэгдэл. Бид ямар нэгэн хүн томилох тухай яриагүй. Цэцийн удирдлага хууль зөрчсөн үйлдэл дээр хариуцлага тооцох тухай ярьж байна.

-Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулаад Цэцийн гишүүдийн насны хязгаарыг тогтоосон. Тэгэхээр энэ хуулийн дагуу найман гишүүнийг чөлөөлөх үү?

-Германд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн насын дээд хэмжээг 68 байхаар тогтоосон. Германчууд арай урт насалдаг учир 68-аар тогтоосон байх. Бид бол Цэцэд зориулж ийм хууль гаргаагүй. Одоо үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах дээд нас 65 байдаг. Цэцийн гишүүн болон өөр ямар нэгэн албан тушаалтанд зориулж гаргасан шийдвэр биш. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн үйлчлэлд тэр хүмүүсийг оруулж ирсэн.