Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтад яагаад оролцоогүй вэ?
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва
2016.02.01

Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтад яагаад оролцоогүй вэ?

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдийн ирц 100 хувь байлаа.

Удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусах энэ удаагийн УИХ анх удаа 100 хувийн ирцтэйгээр хуралдаж байгааг цахим орчинд нэлээд онцолж байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ 76-уулаа бус 75-уулаа хуралджээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тухайн үед гадаадад томилолттой байсан бөгөөд Ц.Даваасүрэн гишүүн түүний өмнөөс картыг нь хийж ирцийг 100 хувь болгосон байна.

Санал хураалт явуулах эцсийн мөчид 73 гишүүн оролцож 42 нь Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар санал хураалт явуулахаас өмнө ирцээс хасагдаж чуулганы танхимыг орхижээ. Тэднээс яагаад санал хураалтад оролцоогүй талаар нь тодрууллаа.

Ч.Улаан: Засгийн газар угаасаа огцрохооргүй байсан

-Та Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулахын өмнө картаа сугалаад гараад явчихсан гэсэн. Яагаад тэгсэн юм бэ?

-Тийм, би санал хураалтад орол­цоогүй. Асуудал яаж шийдэгдэх нь тодорхой байсан шүү дээ. Манай “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Түүнийгээ ч илэрхийлж ирсэн. 

-Та уг нь Дубайн гэрээг эсэр­гүүцэж байсан. Харин энэ удаад бүлгийнхээ шийдвэрийг дагав уу?

-Хувь хүний үүднээс гэвэл, Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах, засч залруулах ажлаа хийх ёстой гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа. 

-Тэгээд яагаад санал өгөөгүй юм бэ?

-Засгийн газар огцрохгүй гэдэг нь тодорхой байсан шүү дээ. Огцроогүй л байна. 

-Эсрэгээрээ 50:50 хувиар огцор­чихсон бол яах вэ?

-Байдал тэр чиг рүүгээ эргэхгүй гэдгийг хэн ч тооцоолоод гаргаж чадна. 

-Санал хураалтад оролцоогүй гээд танай бүлгээс хариуцлагын асуудал ярих юм биш биз дээ?

-Тийм зүйл байхгүй. Би бүлгийн шийд­вэрийг зөрчөөгүй гэж бодож байна.   

Д.Тэрбишдагва: Ерөнхий сайдыг огцруулах эсэх дээр эргэлзсэн

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад та байгаа­гүй. Яагаад санал хураалтад оролцоогүй юм бэ?

-Асуудлыг хэлэлцэх үеэр бол байсан. Харин санал хураах үед байгаа­гүй нь үнэн. Би ойрын хэдэн хоног эмчилгээ хийлгэж байгаа. Оюу­толгой төслийн гэрээг анхнаас нь сайжруу­лахын төлөө зөв, бурууг нь үргэлж ярьж байсан хүний нэг нь би. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг 2009 оны гэрээ туйлын хариуцлагагүй болсон. Тэр үеэсээ улам муудаад л яваад байна. Энэ утгаараа тус гэрээг сайжруулах ёстой. 

-Тиймээс  та Ерөнхий сайдыг огц­руулахыг дэмжих ёстой байсан юм биш үү?

-Засгийн  газрыг огцруулах эсэх дээр бодох ёстой. Миний хувьд огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зураагүй. Бүлгийн шийдвэр гарсан гэж сонссон. Би өөрөө байгаагүй. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байдаг хүний хувьд энэ гэрээг цаашид засч, залруулах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Яг өнөөдрийн хувьд сар шинийн баярын өмнө энэ асуудлыг ярих нь зөв үү, буруу юу гэдэг дээр харин эргэлзэж байсан.