Ажил хэрэгч хурал боллоо
Монголын Бизнесийн зөвлөлийн сарын хурал, 2016 оны нэгдүгээр сарын 25, "Blue Sky" зочид буудал, "Crystal" хурлын танхим
2016.02.01

Ажил хэрэгч хурал боллоо

Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдийн сарын уулзалт, хурал өнгөрөгч долоо хоногт боллоо. Ес дэх жилдээ дотоод болон гадаадын компаниудыг эгнээндээ нэгдэж чадсан тус зөвлөлийн үнэт капитал бол гишүүн байгууллагууд юм.

Уламжлал ёсоор арга хэмжээг нээж, тус зөвлөлийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ сарын хуралд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд талархахын сацуу энэ удаа илтгэл тавьж, тухайн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх салбарын мэргэжилтнүүдийг танилцуулж, зөвлөлд шинээр элссэн гишүүдээ танилцуулсан юм.

Энгийн, бүтээлч уур амьсгал

Сар бүрийн уулзалт, хурлаар гишүүддээ мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор хэд, хэдэн салбарын онцлох сэдвийг сонгон авч, тэр сэдвээр мэргэшсэн мэргэжилтнүүд илтгэл тавьдаг. Энэ удаад үндсэн дөрвөн илтгэл хэлэлцүүллээ.

Сарын хурал зохион байгуулагчид, илтгэгчид

Эдгээр илтгэл сонирхолтой байгаа нь хуралд оролцогчдын хандлагаас илт байлаа. Гишүүд илтгэл сонссоны дараа сонирхсон асуултаа асууж, харилцан санал солилцсон юм.

Илтгэгч1: АНУ-ын элчин сайдын яамны олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Майкл Д.Ричмонд

АНУ-ын Невада муж, Лас Вегас хотноо энэ оны есдүгээр сарын 26-28-ны өдөр зохион байгуулагдах “MinExpo 2016” уул уурхайн олон улсын чуулга уулзалтын талаар танилцуулсан юм.

 

Илтгэгч2: Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хоорондын хоёр дахь удаагийн Мянганы сорилтын Компакт Гэрээний хэрэг эрхлэх газрын үндэсний зохицуулагч Э.Содонтогос

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хоорондын хоёр дахь удаагийн Мянганы сорилтын Компакт Гэрээний үйл явцын талаар мэдээлэл хийлээ.

Илтгэгч3: Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах Зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил

Тэрээр улс төрийн намын чиг хандлагын талаар “Бид өөрчлөгдөж байна” нэртэй илтгэл тавьсан юм. Өмнө нь зөвхөн бизнесүүд-бизнесүүддээ мэдээлэл хүргэж, илтгэл тавьдаг байсан бол түүний хуралд ирсэн шалтгаан, илтгэл олон хүний анхаарлыг татаж байлаа.

Илтгэгч 4: Монголын Ипотекийн Корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс

“Монголын Ипотекийн Корпорациас IPO гаргах тухай болон үл хөдлөх хөрөнгөд суурилсан үнэт цаасны зах зээл” сэдвээр илтгэл тавилаа. Энэ илтгэлийн дараа оролцогчид хатагтай Д.Гантөгсөөс корпорацийнх нь үйл ажиллагаа, IPO гаргах болсон шалтгаан, хүлээгдэж буй үр дүн гээд олон асуулт асууж, өөрсдийн саналаа дэвшүүлж байсан юм. 

Шинээр элссэн гурван гишүүн

Монголын Бизнесийн Зөвлөл сар бүрийн хурлаараа тухайн сард зөвлөлд шинээр гишүүн болж буй байгууллагуудаа танилцуулдаг. Энэ нь зөвлөлийн үндсэн гишүүдэд нэн сонирхолтой байдаг бөгөөд шинэ гишүүд ч ажил хэрэгч, өөр орчинд ордог.

Шинэ гишүүд өөрийн байгууллага, компаниа хэрхэн танилцуулах вэ гэдэг нь оролцогч, зочдын анхаарлыг татдаг. Энэ нь магадгүй шинэ гишүүн цаашид зөвлөлийн гишүүд дунд ямар байр суурь эзлэх вэ гэдгийг илтгэх эхлэл гэж болно. Тэд ихэвчлэн байгууллагын гадаад харилцаагаа өргөжүүлэх, тэлэх зорилгоор зөвлөлд нэгдэж байна.

"The Nomadic School of Business" компанийн Бүс хариуцсан менежер Жозефин Стокер

"Манай компани Монголд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байна. Менежмент болон манлайлал, удирдах чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Бид Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор нүүдэлчдийн соёл уламжлалыг олон улсад сурталчлах, түгээх болно. Энэ ч үүднээс энэ зун сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Монголын Бизнесийн зөвлөлд Монголын болон гадаадын олон компани, элчин сайдын яамд гишүүнчлэлтэй байдаг учраас гишүүнээр элссэн."

Энэ бизнес тун сонирхолтой санагдсан. Тэгвэл өөр нэг шинэ гишүүн бол эх орондоо барилгын салбараар танигдсан “Их Үйлсийн Эрэлд” компани. Тэд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан тус зөвлөлд шинээр элссэн байна.

“Их Үйлсийн Эрэлд” ХХК-ийн маркетингийн албаны дарга Д.Жаргалсайхан

250 гаруй компани, байгууллагыг эгнээндээ нэгтгэж чадсан “Монголын Бизнесийн Зөвлөл”-д яагаад бүл нэмэх болов?

"Гадаадын хөрөнгө оруулагчид, элчин сайдын яамд тус зөвлөлд гишүүнчлэлтэй гэдэг утгаар бид гишүүнээр элсэхээс хоёр сарын өмнө судалж эхэлсэн. Аливаа хамтын ажиллагаа гэдэг зөвхөн дотоод төдийгүй гадаад харилцаа сайтай байж, улам урагшилдаг болсон цаг. Тэр дундаа нэг, нэг компанитай очиж, нүүр тулж уулзах бус тодорхой зорилгоор нэгдсэн компаниудын сүлжээнд нэгдэх нь зүйтэй гэж үзсэн учраас зөвлөлийн гишүүн болохоор шийдсэн.

Өнөөдрийн арга хэмжээнд оролцоод сэтгэгдэл маш өндөр байна. Монголд бизнес хийж буй салбар салбарын төлөөлөл, тэдний итгэлцэл, ойлголцлоос сурмаар, авхууштай олон зүйл байна. Манай компани анх барилгын салбараас гараагаа эхэлж байсан бол одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, үйлчилгээ, эрүүл мэнд зэрэг хэд хэдэн салбарт бизнесээ тэлэхээр ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын франчайсингийн бизнес болох 40 жилийн түүхтэй “Gold gym” фитнес төвийг Монголд нээн ажиллуулж эхэлсэн."

Өөр нэг шинэ гишүүн болох “Tarva Investment&Advisory” компани нь хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ явуулдаг байна. Зөвлөлийнхөө шинэ гишүүддээ танилцаж, тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлээд тун завгүй байсан Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайертэй цөөн хором ярилцсан юм.  

Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер

"2016 оны гишүүнчлэлийн компанит ажил маш амжилттай эхэлж, одоогийн байдлаар шинээр 25 байгууллага зөвлөлд гишүүнээр элсээд байна. Энэ бол амжилттай эхлэл. Тэдний ихэнх нь Монгол компани байна. Цаашид олон шинэ гишүүн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр би гурван шинэ гишүүнээ онцолмоор байна. “Их үйлсийн эрэлд” компани нь Монголын барилгын салбарт нилээн амжилттай явж буй томоохон компани. Ирээдүйд 10 гаруй салбарт шинээр үйл ажиллагаагаа тэлэхийг зорьж байгаагаа танилцууллаа.

“The Nomadic School of Business” компанийн хувьд өнгөрсөн сард Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 20 гаруй жилийн өмнө Кени улсад анх бизнесээ эхэлж байсан. Монголд байгуулагдаж буй энэхүү салбар нь нүүдэлчин соёл уламжлал, арга ухааныг дэлхий нийтэд түгээх зорилготой юм байна. Байгууллагуудад хүний нөөцөө яаж төлөвлөх вэ, яаж үр бүтээмжтэй ажиллах талаар сургалт хийнэ гэж байна. Түүнчлэн Монголын хөдөө аж ахуй, малчдын онцлогийг харуулсан сонирхолтой сургалт хийхээр төлөвлөжээ.  

Өөр нэг шинэ гишүүн болох “Tarva Investment&Advisory” компанийн захирал Камерон Мкрай нь Оюу Толгой компанийг 3 жил толгойлсон хүн бий. Гадаад, дотоодын компаниудад хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани манай шинэ гишүүн боллоо. Цаашид гишүүддээ аль болох мэдлэг, мэдээлэл түгээж, мэргэжлийн сургалт, семинаруудаа тогтмол зохион байгуулах болно."

Харилцан ашигтай гэрээ хэлэлцээрийн эхлэл, өрнөл болсон Монголын Бизнесийн Зөвлөлийн сарын хурал амжилттай болж, өндөрлөсөн юм. 

Фото зураг авч, voice бэлтгэсэн Г.Даваадорж