Би бүлгийнхээ шийдвэрийг зөрчөөгүй
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2016.02.01

Би бүлгийнхээ шийдвэрийг зөрчөөгүй

Г.Уянга гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Гишүүд хуралдаандаа 100 хувийн ирцтэй оролцож, шөнө болтол хуралдаж сая нэг Засгийн газраа авч үлдсэн.

Харин асуудлыг хэлэлцэх үед МАХН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ирцийнхээ картыг сугалан танхимаас гарч одсон. Ингэснээр УИХ дахь “Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нарын гишүүн намынхаа байр суурийг хамгаалж, чуулганыг өндөрлүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгээр толгойлуулсан шийдлийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд эвслийн бүлэг нэгдмэл байр суурьтай байж, Засгаа авч үлдэхээр тохиролцсон хэмээж байсан ч эрхэм хоёр гишүүн өөрсдийнхөө саналыг илэрхийлэлгүй хурлаа орхиж гарсан юм. Тэгвэл энэхүү үйлдлийнх нь талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас дараах хариултыг авлаа.

-Та намын бүлэг дээрээ засаг тогтвортой байх ёстой гэж гарын үсэг зурсан хэрнээ яг санал хураах агшинд картаа сугалаад танхимыг орхиж гарсан. Ямар нэг шалтгаан байв уу?

-Асуудал олон талтай. Асуудал чухам хаашаа яаж шийдэгдэх нь ойлгомжтой байсан. Манай “Шударга ёс” эвслийн бүлэг бол Засгийн газрыг огцруулахгүй байх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргасан нь үнэн. Тэгээд ч Засгийн газар огцроогүй л биз дээ.

-Гэхдээ л таны хувь гишүүний байр суурийг сонсмоор байна?

-Хувь хүнийхээ хувьд үйл ажиллагааг нь сайжруулах, засаг ажлаа хийх ёстой гэсэн байр суурьтай хэвээрээ байгаа. Одоо ч гэсэн ийм л бодолтой байна.

-Танхимыг орхиж гарсан гишүүдэд бүлгийн зүгээс ямар нэгэн хариуцлага тооцох асуудлыг ярьж байх юм уу?

-Бүлэг хуралдаагүй байна. Асуудал яригдаагүй. Бүлгийн шийдвэрийг би зөрчөөгүй гэж бодож байгаа. Өөрийнхөө байр сууринаас өөрчлөгдөөгүй гэж бодож байна.