Хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил
2016.02.03

Хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.02.02/ хуралдаан 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд “Энэ асуудлыг манай намын бүлэг дээр ярилцахад нухацтай хандаж нарийвчлан судалсны үндсэн дээр гишүүд нэгдсэн ойлголтод хүрч, итгэл үнэмшилтэй болж байж хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гарсан” гээд уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасч түр хойшлуулах санал гаргасан. Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг гаргаж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

Ингээд байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Ц.Цолмон танилцуулсан юм.

НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос гишүүн орнуудын хүрээнд олон улсын чанартай Хуурай боомт байгуулах ажлыг санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, уг хэлэлцээрийн эх бичвэрийг 2012 оны 6 дугаар сард болсон Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн асуудлаарх тусгай хуралдаанаар авч хэлэлцэн эцэслэж, төслийг НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын ээлжит хуралдаанаар батлахаар тогтжээ. Монгол Улсын Засгийн газар уг хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулахаас батлах хүртэлх бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд хэлэлцээрийг байгуулах нь далайд гарцгүй Монгол орны хувьд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлж, Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотод 2013 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын Азийн тээврийн сайд нарын 2 дугаар чуулга уулзалтын үеэр тус хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Далайд гарцгүй манай орны хувьд Азийн болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа тээврийн олон улсын сүлжээгээр дамжуулан Ази болон хөрш орнуудтай гадаад худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын стандартын шаардлага хангасан олон улсын чанартай Хуурай боомтуудыг байгуулах замаар эдгээр орнуудтай транзит болон тээврийн үйлчилгээг либералчлах, олон улсын холбогдох гэрээ, конвенцид шинээр нэгдэн орох, олон улсын жишигт нийцсэн бүс нутгийн нэгдсэн тээврийн коридор бий болгох, нийтлэг журам, стандартыг нийцүүлэх зэрэг бодлогын шинэчлэл хийж, хүчинчармайлтаа нэмэгдүүлэх шаардлага тулгараад байгааг сайд илтгэлдээ дурдлаа.

“Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т далай, тэнгисээс алслагдсан орны аймаг, нийслэл, мужийн нийслэл, эсхүл Азийн авто замын болон Транс-Азийн төмөр замын аль нэг сүлжээнд хүрэх бололцоотой олон улсын нэгдсэн тээвэр, логистикийн системийн чухал хэсэг нь болох олон улсын чанартай Хуурай боомтын жагсаалтыг хэлэлцээрийн хавсралтаар баталж, хөгжүүлэх асуудлуудыг тусгажээ. Манай улсаас олон улсын чанартай Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, цаашид Чойбалсан зэрэг байршлуудад хуурай боомтыг байгуулах боломжтой гэж тусгагдсан байна. Эдгээр байршлууд нь Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улмаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, тээвэр, худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн ач холбогдолтой юм.Иймээс Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улс оролцогч тал болон нэгдэж, төмөр зам болон авто замын дамжин өнгөрөх тээврийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн санаачилгыг дэмжих нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар манай улс ямар үүрэг хүлээх, дарамт шахалтад орох эрсдэл үүсэх эсэхийг тодруулахад Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцээрийг соёрхон баталснаар манай улс ямар нэг хатуу үүрэг хүлээхгүй, уг хэлэлцээр нь худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулах, богино хугацаанд транзит тээврийг нэвтрүүлэхэд чиглэж байгаа гэсэн хариулт өгөв. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.