Цахим орчинд хүүхдийг хамгаалахад бүх талын оролцоо чухал байна
2016.02.03

5-12 дугаар ангийн сурагчдын 47 хувь нь хоёр буюу түүнээс дээш ФЭЙСБҮҮК ХАЯГТАЙ

Монгол Улс цахим орчинд хүүхдийг аливаа гэмт дарамт, хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгөөс хамгаалахад бодлогын түвшинд болон мэдээлэл харилцааны хэрэглээний түвшинд хэрхэн хамгаалах талаар төрийн холбогдох яам тамгын газар, олон улсын байгууллыга, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд, салбарын мэргэжилтнүүд дунд дугуй ширээний уулзалт хийж байна.

Хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж буй "Хүүхдийн тусламжийн утас 108" болон цахим орчинд хүүхдүүд хаанаас мэдээлэл цуглуулж байгаа, Мобиком корпорациас хүүхэд хамгааллын чиглэлд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус корпорацийн Олон нийт хамтын ажиллагааны газрын захирал С.Дорждэрэм танилцуулга хийж байна.

Техник хангамж, программ хангамж, дуудлагын төв зэрэг бүх үйл ажиллагааг хангаж хувийн болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд 108 дугаараас авч байгааг тэрээр хэллээ.

Өнгөрсөн хугацаанд энэ дугаар дээр 262 мянган дуудлага авсан байна. Өдөртөө 450 орчим дуудлага авдгаас 38 хувь нь зорилтот буюу хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага ирдэг байна.

Энэ нь дуудлагын утас хэрэгтэйг харуулж байгаа ч хүүхдийн эрхийн зөрчил энэ хэрээр өндөр байгааг харуулж байна гэдгийг тэрээр онцлов.

Мөн цахим орчноо авч буй мэдээлэл хүүхдүүдийг стрессдүүлддэгээс гадна телевизийн контент хэт задгай байгаад эцэг эхчүүд хэлдэг байна.

Өсвөр насны хүүхдүүд өдөрт 15-45 минут гар утас, таблет ашиглах ёстойг судалгаагаар баталсан байна.

Гар утсаар фэйсбүүк ашиглах, тоглоом тоглох нь хүүхдүүдийн хамгийн дуртай зүйл гэдгийг судалгаагаар гаргаж иржээ.

Эцэг эхчүүд, хүүхдүүдийн дунд дотно харьцаа байхгүйгээс үүдэн энэ орон зайг цахим орчин, телевизийн зүй бус мэдээлэл нөхөж байна.

Насанд хүрэгчид хүүхдүүдэд энэ тал дээр муу үлгэр дууриал үзүүлж байгааг ч тэрээр дурдлаа.

Улуснэт, Мобинетийн хэрэглээнд эцэг эхийн хяналт гэсэн хэсгийг бий болгосон ч нийт интернэт хэрэглэж байгаа иргэдийн ХОЁРХОН хувь нь үүнийг ашиглаж байна.

Цаашид хүүхдүүдийн цахим хэрэглээг 15-45 минутын хязгаартай болгох, өдөрт энэ хугацаанд ашигласан бол дахин интернэт ашиглах боломжгүй байх зохицуулалтыг судалж байгаа аж.

Түүнээс гадна манай улсад хүүхдүүдэд хангалттай контент байвал хүүхдүүд аяндаа цахим хэрэглээнээс холдож эхлэх учраас энэ тал дээр Мобиком корпорацийн зүгээс хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа.

Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цахим орчинд хүүхдүүд гэмт хэрэгт өртөж буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

Жилээс жилд кибер гэмт хэрэг өсч, сүүлийн жилүүдэд гадаад орноос цахим орчинд залилан мэхлэх гэмт хэрэг ч өсч байгааг тэрээр дурдлаа.

Хүүхэд бүр цахим орчинд өөрийгөө хамгаалахад суралцах боломжгүй учраас гэр бүл, сургуулийн орчинд хамгаалах хүн, техникийн зохицуулалт хийх ёстой.

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажилд интернэт түгээгч компаниудын оролцоо чухал байна. 2013 онд бага насны хүүхдийг садар самуунтай холбоотой зураг, дүрс бичлэгийг дотоод болон гадаад руу гаргаж байгаа IP  хаягийг гаднын байгууллагаас кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдээлсэн ч тухайн интернэт түгээж буй компани хаягийн цаана бүртгэлтэй олон хэрэглэгч байна гэсэн шалтгаанаар мэдээлэл өгөөгүй байна.

Хууль эрхзүйн зохицуулалт хангалтгүй байна, аль ч улсад мэдээлэл технологийн хөгжлийг хууль тогтоомж гүйцдэггүйн жишээ манай улсад ч гарч байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны мэргэжилтэн Б.Алтангэрэл цахим орчин дахь зохицуулалтын талаар илтгэлийг тавьж байна.

Цахим орчинд найман чиглэлээр зохицуулалт хийдэг. Үүний нэг нь цахим орчинд хүүхдийг зайлшгүй хамгаалах шаардлагатай байдаг учраас улс орон бүр өөрсдийн зохицуулалтыг хийдэг байна.

Зохицуулалтыг техникийн болон техникийн бус аргаар хийдэг. Манай улсад ч мөн олон улстай адил хууль журам, нөхцөл шаардлагыг тавьж ажилладаг байна. Хүүхдүүд цахим орчинд зүй бус сурталчилгаа, цахим орчны дарамт, +18 сайтуудын зохицуулалт зэргээс бол хохирч байна.

Дэлхийд нийт 4.2 сая вэб байгаагаас 12 хувь нь садар самуун сурталчилдаг. Тиймээс интернэт хэрэглэж буй хүүхдүүд энэ чиглэлийн мэдээллийг авах боломж бүрддэг. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд интернэтийн зохицуулалтыг +18 сайтуудад хаадаг байх хэрэгтэйг тэрээр хэлж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхэд, залуус, эцэг эхчүүдэд цахим орчинд хэрхэн өөрийгөө хамгаалах талаар мэдээлэл өгөх www.cybersafety.mn сайтыг ажиллуулж байна.

"Цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах нь: үндэсниий түвшин дэх нөхцөл байдал" сэдвээр Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван илтгэл тавьж байна.

Цахим ертөнц хүүхдийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох, суралцах, мэдээ мэдээлэл авах боломжийг олгодог ч эрсдэл дагуулсаар байгааг онцолж байна.

Монгол Улсад дөрвөн сая гар утасны хэрэглэгч байгаагийн нэг сая орчим нь ухаалаг утас байгааг судалгаагаар гаргасан байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 5-12-р ангийн хүүхдүүдийн 47 хувь нь фэйсбүүкд хоёр болон түүнээс дээш хаягтай гэсэн судалгааг танилцуулж байна.

Цахим орчинд хүүхдүүд эрсдэлтэй тулгарвал хэрхэн хамгаалах талаар мэдээллиийг 37.3 хувь нь эцэг эхээс, интернэтээс 19 хувь нь хайдаг гэсэн байна.

Эцэг эхээс гадна сургуулийн орчинд багш цахим орчинд эрсдлээс хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө мэдээллийг өгч байх хэрэгтэй.

"Цахим орчинд хүүхдийн хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах нь : олон улсын нөхцөл байдал" сэдвээр эхний илтэлийг ECPAT олон улсын байгууллагын "Цахим орчинд хүчирхийлэл болон мөлжлөөөс хамгаалах" хөтөлбөрийн захирал Мари Лаури Лемунер тавьж байна.

2013 онд хийсэн судалгаагаар АНУ-ны дунд сургуулийн сурагчдын 15 хувь нь цахим орчинд бусдад ямар нэг байдлаар доромжлуулж байсан бол ОХУ-д 9-16 насны хүүхдүүдийн 40 хувь нь цахим орчинд танилцсан хүнтэйгээ уулзаж байжээ.

2006 оноос хойш олон улсад цахм орчинд хүүхэд хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөд өрөх гэмт хэрэг өссөөр байгаа аж.

Тэрээр илтгэлдээ бэлгийн мөлжлөгийн цахим гэмт хэрэг хил хязгааргүй болсныг дурдаж байна. Их Британийн цагдаагийн байгууллагаас 4000 орчим хүүхдийн зураг мэдээллийг нэгтгэн хадгалж байсан этгээдийг баривчилсан байна. Филиппиний хоёр эмэгтэй өөрийн болон хамаатан садан, найз нөхдийн хүүхдүүдийг ашиглан бэлгийн мөлжлөг явуулж байсныг тогтоожээ.

Цахим бэлгийн мөлжлөгт хичнээн хүүхэд өртөж байгаа нь тодорхойгүй бөгөөд түүнийг сонирхож буй хүмүүсийн тоо их байгаа нь анхаарал татаж байгааг тэрээр онцолж байна.

Цахим бэлгийн мөлжлөгт өртөж буй хүүхдүүдийн 70 хувь нь арав хүртэлх насны хүүхэд байна. Тэр бүү хэл гурваас доош насны хүүхдүүд ч хүчирхийлэлд өртөж байгаа нь сэтгэл зовоож байна.

Хүүхдийг хүчиндэх, хүүхдийг харгислах түвшний зургийн тоо ч энэ хэрэг дунд 2013 оноос эрс ихсэж байна.

Асуудлын хамрах хүрээ тэлж байгаа учраас олон талын байгууллагууд энэ тал дээр хамтарч ажиллах нь чухал.

Хүүхдийн эсрэг секс гэмт хэрэг үйлдэгдчид цахим орчинд хамтарч ажиллаж байна.

Төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хууль цагдаа гээд олон талын байгууллагууд хамтарч, идэвхтэй ажиллахгүй бол энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэлтэй болж байна.

Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглаж байгаа гэмт хэргийн хүрээ хязгаар тэлж байгаа учраас нэн даруй энэ тал дээр бүх талын оролцоог хамруулах нь чухал юм гэдгийг тэрээр онцолж байна.

Монгол Улс цахим орчинд хүүхдийг аливаа гэмт хэрэг, дарамт, хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгөөс хамгаалахад бодлогын түвшинд болон мэдээлэл харилцааны хэрэглээний түвшинд хэрхэн хамгаалах талаар төрийн холбогдох яам тамгын газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд, салбарын мэргэжилтнүүд дунд дугуй ширээний уулзалт хийж байна.

Өнөөдөр дэлхий дахинд интернэтийн ялангуяа олон нийтийн сүлжээний хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь хүүхэд, залууууд байна. Зөвхөн Монголд л гэхэд фэйсбүүкийн 19.6 хувийг 13-17 насны хүүхдүүд, 40 хувийг 18-24 насны залуучууд эзэлж байна.

Нэг талаар интернэт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах хязгааргүй эрх чөлөөг хүүхдүүдэд олгож байгаа ч үүнийг дагаад онлайн орчинд бусдын доромжлолд өртөх, зохисгүй мэдээ материал олж үзэх, бэлгийн хүчиирхийлэл мөлжлөгийн золиос болох зэрэг олон эрсдэлтэй тулгарч байгаа юм.

Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгээр цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах талаар манай улсад авч байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж байна.

Нээлтийн үеэр Монгол дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес "Интернэт, гар утас, бусад цахим мэдээллийн хэрэгсэл хүүхэд залуучуудад хэмжээлшгүй ашиг тустайн зэрэгцээ аюул, эрсдэл дагуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй ганцаарчлан, нэг аргаар тэмцэх нь үр дүнгүй. Хүүхдийг цахим орчинд тууштай хамгаалахад бодлого боловсруулагчид, хууль сахиулах байгууллага, нийгмийн ажилтнууд, багш, эцэг эх, мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбар, хувийн хэвшлийнхний хамтсарсан хүчин зүтгэл хэрэгтэй" гэдгийг онцлов.