Улаан.Ч Батцогт.Д 2016.02.04 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Татварын чөлөөлөлт, хөнгөлөлтийн талаарх хуулийн төслүүд дэмжигдлээ

Татварын чөлөөлөлт, хөнгөлөлтийн талаарх хуулийн төслүүд дэмжигдлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.02.03/ үдээс хойш хуралдаж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудлаар байнгын хорооны гишүүдийн зүгээс ямар нэгэн санал гаргаагүй тул тухайн асуудлаар саналгүй тухай санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.

Засгийн газраас “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дээрх асуудлаар байнгын хорооны гишүүдийн зүгээс асуулт гаргаагүй юм.

Харин санал хэлэх болоход Улсын Их Хурлын дарга З.Энхболд, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүд зөвхөн баруун аймгуудын цахилгаан эрчим хүчний гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх бус нийт нутгийн алслагдсан сумдыг татварын чөлөөлөлтөд хамруулах нь зүйтэй тухай санал гаргасныг дэмжиж Засгийн газарт хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг үүрэг болгосон. Энэ хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай талаар сануулсан юм.

Мөн тус байнгын хорооны дарга Ч.Улаан, Засгийн газраас асуудал оруулж ирэхдээ хойрго хандаж байгааг шүүмжлээд байнгын хорооны хуралдааны протоколоор хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгож байна гээд уг асуудлыг нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Дараа нь Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад /АСЕМ/ ашиглагдах автомашин, техник хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн сонирхсон асуултдаа хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Түүнчлэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар шийдвэрлэлээ.